Хуулийн төсөл гишүүн болгонд таалагдах албагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөл гишүүн болгонд таалагдах албагүй гэв

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим зүйл заалт нь гишүүдийн дунд маргаан үүсгэсэн юм. Ашигт малтмалын тухай хуулиас гадаад иргэдийг Монголд ажиллуулахтай холбоотой зохицуулалт, заалтыг хасахаар санал оруулж ирсэн нь зарим гишүүдэд таалагдсангүй. Засгийн газар ямар үндэслэлээр хуульд ийм өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас тодрууллаа.  

-Ашигт малтмалын тухай хуулийн 43-р зүйлийг бүхлээр нь хасахтай холбоотойгоор УИХ-ын чуулган дээр багагүй шүүмж өрнөлөө. Энэ зохицуулалт үндэсний эрх ашигтай зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Хуулийн төсөл гишүүн болгонд таалагдах албагүй л дээ. Хамгийн гол нь Ашигт малтмалын суурь хуульд бололцоотой гэж үзэж байгаа. Дээрээс нь уул уурхай, барилгын салбар, нефтийн зэрэг салбар болгоны ажлын байрны эрэлт нийлүүлэлт чөлөөлөх харьцааны асуудлаар зохицуулалт хийгээгүй. Зөвхөн ашигт малтмалын салбарт хийхээр төсөл оруулсан. Бид анх ажлын хэсэг дээр ярьснаар бол суурь суурь хуулиуд дээр зохицуулалт хийе, ерөнхийдөө салбарын хувьд улс орны хэмжээнд эрэлт хэрэгцээтэй ажлын байраа тодорхойлоод, эргээд энэ ажлын байрыг ямар боловсон хүчин мэргэжилтнээр хангах вэ гэдгийг хөдөлмөр зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зохицуулж байхаар төсөлд тусгасан нь маргаан дэгдээж байна.

Гэхдээ энэ маргааныг илүү хурц өнцгөөс нь биш, хамгийн гол нь ямар байдлаар шийдвэл оновчтой зохицуулалт болох вэ гэдэг дээр ажлын хэсэг, гишүүд маань хамтран ажиллах байх гэдэгт итгэж байна

-Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах талаар эрх зүйн ямар зохицуулалт оруулсан бэ?

-Энэ бол нэлээдгүй эмзэг, ард иргэдийн анхаарал татаж, шүүмжлэл өрнүүлдэг асуудал юм. Бүс нутаг, хүн ам зүйн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлоготой холбоотой байдаг тул эмзэг сэдэв юм. Гэхдээ зохицуулахгүй бол болохгүй байна. Засгийн газраас үүнийг боловсронгуй болгохыг хичээсэн.

Жишээлбэл, ажиллах хүчний бодлогодоо гадаад улс орнуудад ажиллаж байгаад ирсэн иргэдэд ямар нөхцөл боломж бүрдүүлэх талаар тодорхой тусгасан. Мөн гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж буй аж ахуй нэгж байгууллагад эрэлтийг хэрхэн тодорхойлох, квотыг хэрхэн тодорхойлох, ажлын байрны төлбөрийг яаж зохицуулах талаар зохицуулалт хийсэн. Гадаадаас ажилчин авч буй аж ахуйн нэгжүүдийг ажлын байрны төлбөрөөс тодорхой хугацаанд чөлөөлж байсан бол үүнийг болиулахаар болгосон. Бүх ажлын байрны төлбөрийг авахаар болж байна. Оны өмнө төсөв мөнгөний бодлоготой шууд хамааралтайгаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ажлын байрны төлбөрийг хуримтлуулж байх саналыг оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн түвшинд байгаа тул энэ хувилбар боломжтой гэж үзэж байгаа.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж