
-Таны Ерөнхийлөгчид бичсэн захидлын эх хувь манай сэтгүүлийн өмнөх дугаарт гарч байсан. Бид түүгээрээ бас онгирч байлаа. Учир нь иймэрхүү захидал маш ховор байдаг шүү дээ. Ялангуяа “Нэгдсэн Орос” намыг анх үүсгэн байгуулалцаж, удирдаж явсан хүний хувьд намаасаа гарах тухай мэдэгдэх нь бүр ховор юм?
-“Нэгдсэн Орос” намынхан гишүүнээ дэмжээгүй, бас хамгаалаагүй. Гэхдээ би хэн гэдгийг бүр ч яриагүй. Тус намын наад захын гишүүн нь намайг ёс бус зүйлээс хамгаалах ёстой. Тэд миний төлөө нэг ч үйлдэл хийгээгүй, би энд шийдвэрийн талаар яриагүй.
Гол нь тэд байр сууриа илэрхийлж намын гишүүнээ хамгаалж болох байсан. Кремлийн удирдлага, бас хэвлэл мэдээллийнхэн над руу дайрч давшиж байхад намын гишүүдээс хэн нь ч юм хэлээгүй. Харин намайг “Нэгдсэн Орос” намын Москва хот дахь байгууллагууд дэмжиж байсанд талархлаа илэрхийлье. Би Ерөнхийлөгчид бичсэн захидлынхаа төгсгөлд ажлаа өгсөн цагаас эхлээд тус намаас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн. Би зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Анх тус намыг үүсгэн байгуулалцсан нь үнэн ч тус намаас гарсан нь зөв шийдвэр байсан гэдэгт одоо бүр ч итгэлтэй байна.
-Таныг хотын даргын суудлаас огцруулсан тэр өдөр улс төрд гүнзгий орж хотын даргын суудлаа эргүүлж авна гэж та мэдэгдэж байсан. Тэгэхээр таныг улс төрд орох нь гэж ойлгож болох уу?
-Мэдээж ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан бол би юм ярихгүй. Харин тууштай шийдсэн учраас хатуу ярина, бас хийнэ. Хийхээр ч хичээж байна.
-Одоо танай эхнэрийн эрхэлдэг бизнест халдаж эхэлнэ дээ?
-Би сайн мэдэж байгаа. Елена ч ойлгож байгаа. Гэхдээ бид хоёрыг яагаад тайван байгааг мэдэх үү. Учир нь бидний талаар юу ч гэж ярьж, бичсэн бид шударга хүмүүс. Еленагийн бизнес хамгийн шударга, тэгээд ч хүмүүсийн нүдэнд ил байдаг.
-Та цаашдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Үгүй.
-Тэгвэл та ямар шалтгаанаар улс төрд орж байгаа юм?
-Улс төрд орж байгаа шалтгаан маань нэгдүгээрт, ардчилсан нийгэм бий болгох. Хоёрдугаарт, манай нийгэм хэт эмх замбараагүй болсон байгааг өөрчлөх гэж. Та бүхэн харж байгаа байх. Намайг хотын мэр байхад хэвлэл мэдээллийнхэн яаж дайрч байлаа. Гэхдээ бүр захиалгатайгаар шүү. Гэтэл дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн улс төрөөс ангид байх ёстой атла зарчмаа уландаа гишгээд ингэж болох уу. Олон нийтэд нэг хүний талаар ийм үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа улсыг ардчилсан улс гэх үү. Ардчилсан улсад байж болохгүй үйлдэл энэ мөн биз дээ. Энэ бүгдийн эсрэг би тэмцэх болно.
-Тэгвэл та шинээр нам байгуулах уу?
-Үгүй, би хувийн хөдөлгөөн байгуулна.
-“Оросын ардчилсан хувьсгалын хөдөлгөөн” гэж ярьж байсан /1991 онд байгуулж байсан/. Түүнийгээ сэргээх үү?
-Наадах чинь харин илүү дөхөж байна. Учир нь бид тэртээх он жилүүдэд өрнүүлсэн ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийг их сайшаадаг байв. Их ч нөлөөтэй байсан. Харамсалтай нь идэвхгүй байдлаасаа болоод өргөжин хөгжиж чадаагүй. Гэхдээ би энд Гаврийл Поповийг үүнд хамаатуулж хэлээгүй шүү. Тэр бол эсрэгээрээ улс төрийн идэвхтэй хүн байсан, тэр л чигээрээ үлдсэн. Би уг хөдөлгөөнийг дэмжиж байсан боловч эргэн тойронд нь байсан идэвхгүй зүйлүүдийг л хэлж байна.
-Хэрэв та уг хөдөлгөөнийг сэргээж удирдвал 2011 онд болох парламентын сонгуульд өрсөлдөх үү?
-Үгүй, хөдөлгөөнүүд парламентын сонгуульд өрсөлддөггүй.
-Тэгэхээр та ДУМ-д орохгүй гэсэн үг үү?
-Орохгүй. Гэхдээ нөлөөлнө.
-Та Ерөнхийлөгчийн Тамгын газарын дарга Сергей Нарышкинаас өөрийгөө ямар үндэслэлээр халж байгааг асуусан гэсэн. Тэр юу гэж хариулсан бэ?
-Ерөнхийлөгчийн итгэл алдсан гэсэн.
-Та түүний итгэл алдсан шалтгааныг тодруулж асуусан уу. Энэ талаар бичгээр юм уу эсвэл албан ёсоор танд тайлбарласан уу?
-Үгүй, ямар ч шалтгаан, хариу ирүүлээгүй.
-Та Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзах гэж оролдсон уу?
-Үгүй. Учир нь миний ажилд ямар нэгэн доголдол байсан бол намайг дуудаж уулзах байсан юм. Би хангалттай тайлбарлаад өгөх байсан. Алдаа байсан бол засах алхам хийж болно. Тийм биз дээ. Хэрвээ үнэхээр үндэслэл байсан бол шүү дээ. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад одоо ч хэлмээр байна. “Бид бие дааж ажилладаг байгууллага. Харин та бүхэнд улс орны шийдэх өөр олон асуудал бий. Хэрэв үүн дээрээ нэмж хотын ажлыг хийгээд эхлэх юм бол улсын ажлыг хийж чадахгүй”. Хотын ажил та бүхний оролцоогүйгээр хэвийн явах болно. В.Путин болон Д.Медведев нар хотын ажилд оролцох шаардлагагүй. Харин В.Путин бид хоёрын харилцаа урьд нь маш сайн байсан. Бид бие биенээ мэдэрч ажиллаж чадсан. Тэр бидэнд итгэж ажилладаг байсан юм. Яг энэ уламжлалаа хадгалж би Ерөнхийлөгч Д.Медведевтэй хамтарч ажилласан.
-Таныг огцруулсан шалтгаан тэгээд улс төрийн үү, эсвэл хувийн шалтгаантай холбоотой юу?
-Мэдээж улс төрийн, тэр дундаа 2011-2012 оны сонгуультай холбоотой.
-Та манай хотыг 18 жил удирдлаа…?
-18 биш, 20 гаруй жил гээч. Би хотын захиргааны нэгдүгээр орлогч даргаар 1986 оноос ажилласан. Хотын даргаар ажилласны минь 20 жилийн ой өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд болсон. Гэхдээ 18, 20-ын хооронд ямар ялгаа байх вэ дээ. Гэхдээ 20 чинь тэгш, гоё тоо л доо.
-Танд хийж амжаагүй ямар зүйл байсан бэ. Одоо хийх боломжгүй болохоор харамсч байгаа нь мэдээж?
-Энэ хамгийн хүнд асуулт байна. Хэрэв би нэрлэх юм бол хоёулаа ярилцлагаа эхнээс нь эхлэх хэрэг гарах байх /инээв/.
-Та Москва хотын иргэдэд хандаж юу гэж хэлмээр байна?
-Баярлалаа, үнэхээр их баярлалаа. Бүхэл бүтэн хорин жил ийм мэрийг тэвчиж байсанд баярлалаа гэж дахин хэлье.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин