
Мастер-2 ангилалд 56 кг-ын жинд “Алдар” нийгэмлэгийн тамирчин Ш.Лхагва гурван өргөлтийн нийлбэрээр 240 кг-ыг өргөж, хоёрдугаар байрт шалгарч, багтаа есөн оноо авчирчээ. Харин Мастер-3 ангиллын 75 кг-д “Замчин” клубын тамирчин Б.Цэгмэд таталтаар 140 кг, нийлбэрээр 350 кг-ыг тус тус өргөж, Азийн дээд амжилт 115, 270 кг байсныг шинэчлэн тогтоосон бөгөөд долдугаар байрт шалгарч, багийнхаа оноонд дөрвөн оноо нэмэрлэсэн байна. Түүнчлэн М-3 ангиллын 60 кг-д С.Дагва шахалтаар 60 кг-ыг өргөж, дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тус тэмцээнд нийт 29 орны 300 гаруй тамирчид оролцсоноос Монголын тамирчид багийн дүнгээр 22-р байрт бичигдсэн байна.
Дашрамд сануулахад, нэг жинд гурав хүрэхгүй тамирчин оролцсон тохиолдол М-4 буюу 70-аас дээш насны тамирчдыг тусад нь ангилдаггүй бөгөөд харин тив, дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ажээ. Ирэх жилийн дэлхийн аваргын тэмцээн Канад улсад болно.
Ш.Тэргэл