Оюутолгойнхон хөдөлмөрийн яармагт оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Оюутолгойнхон хөдөлмөрийн яармагт оролцсонгүй

“Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” нэртэй хөдөлмөрийн яармаг өнөөдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү яармагт 60 гаруй ажил олгогч 1080 ажлын байранд ажилтан, ажиллагсад бүртгэн ажиллуулахаар иржээ. Харин харамсалтай нь хэдэн өдрийн өмнөөс зарласанчлан “Оюутолгой” болон түүнийг тойрсон 25 компанийн төлөөлөл энэ удаагийн яармагт оролцсонгүй. Яармагийг зохион байгуулагч Хөдөлмөрийн төв биржээс “Оюутолгой”-нхонд удаа дараа урилга илгээсэн боловч огт хариу өгөөгүй байна.

Мянганы сорилтын сангийн судалгаагаар ойрын хоёр жилд хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн өндөр эрэлттэй ажлын байранд уурхайчин, хүнд даацын машин техникийн жолооч оператор зэрэг мэргэжлүүд орсон ч энэ удаагийн хөдөлмөрийн яармагт “Энержи ресурс”-ээс өөр нэг ч компани харагдсангүй. Ажиллах хүчний эрэлтийг авч үзвэл сүүлийн нэг жилд хөдөө аж ахуйн салбарт байнгын ажлын байр 22,5 хувь, түр ажлын байр 34,7 хувь, барилгын салбарт байнгын ажлын байр 6,5 хувь, түр ажлын байр 5,8 хувь, худалдааны салбарт байнгын ажлын байр 9,4 хувь, түр ажлын байр 10,5 хувиар нэмэгдэх магадлалтай гэнэ. Гэтэл амьдрал дээр ажилгүй иргэдийн тоо огт буурахгүй байгаа нь ажил олгогчдын шаардлага  өндөр, цалин мөнгө хүрэлцээгүй байдагтай холбоотой гэж ажил хайж буй иргэд өгүүлж байлаа. Хөдөлмөрийн яармагийн үеэр ажил хайн асууж сураглах хүмүүсийн олонх нь дунд болон түүнээс дээш насныхан байлаа. 40-55 насны ажлын туршлага, сэтгэлийн хат суусан эдгээр хүмүүсийг ажил олгогчид насны хязгаараар “голж шилэх” болсонд харамсаж байгаагаа тэд илэрхийлэв. Гэтэл ажил олгогчдын ажилд авахаар зорьдог 25-35 насныхны хувьд ихэнх нь их дээд сургууль төгссөн, ажлыг хар бор гэдгээр нь ангилан ялгадаг байх юм. Ажил олгогч нь ажилтнаа олохгүй, ажилгүйчүүд нь ажилд орж чадахгүй байдлыг халах зорилгоор Хөдөлмөрийн яармагийг ажиллуулж байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж