Финландын парламентын даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Финландын парламентын даргатай уулзлаа

Финланд улсад албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Парламентын дарга Саули Виэнэмо Нийнистотой уулзаж ярилцав. Финланд нь парламентын засаглалтай улс боловч Ерөнхийлөгч нь ард түмнээсээ шууд сонгогддог Европын цөөхөн улсын нэг юм. Энэ талаараа  Монгол Улстай төстэй. Финландын парламент  200 гишүүнтэй, нэг танхимтай, пропорциональ системээр 4 жил тутам нэг удаа сонгогддог. Ноён С.В.Нийнисто Монгол, Финландын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд финландын парламентын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын харилцаанд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглэж, финландын парламентад монголыг дэмжих бүлэг байгуулах боломжийн талаар  ярилцав. Финланд улс нь 1906 онд сонгуульд оролцох,  сонгогдох эрхийг эмэгтэйчүүдэд олгосон дэлхийн анхны орон. Өнөөдөр бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоогоороо тэргүүлдэг орон болжээ. Тус улсын парламентын гишүүдийн 40 хувь нь, Засгийн газрын 19 гишүүний 12 нь эмэгтэй байна. Уулзалтад оролцсон Финландын парламентын зарим эмэгтэй гишүүд ярихдаа эмэгтэйчүүдийн улс төрд оролцох нь цаг хугацаа шаардсан асуудал болохыг онцлон тэмдэглэж байв. Уулзалтын үеэр ерөнхийлөгч болон парламент хоорондын харилцааны хууль зүйн зохицуулалт, хэлбэрийн талаар сонирхолтой яриа өрнөв.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж