Сармагчин нялх хүүхдийн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Сармагчин нялх хүүхдийн аминд хүрчээ

Зэрлэг сармагчин хорвоод мэндлээд дөрөвхөн хонож байсан бяцхан охины аминд хүрсэн хэрэг Малайзын умард хэсгийн Нигэри-Сэмбиланд гарчээ. Золгүй явдал өнгөрсөн мягмар гаригийн 13:00 цагийн орчимд болсон байна. Охины гэрийнхний ярьснаар бол сармагчин гэрт нь орж ирэн хүүхдийг хулгайлан гадагшаа гарсан байна. Эцэг, эх нь хүүхдээ хайж гартал хүүхдийнх нь хүзүүнээс дээш хэсэг тэр чигтээ шархтаж, цус болсон байсан гэнэ. Тэд эмнэлэгт хүүхдийг шуурхай аваачиж, эмчилгээ хийсэн ч охин шархандаа дийлдэн нас баржээ. Охин энэ гэр бүлийн анхны хүүхэд байсан бөгөөд хосууд гэрлээд нэг жил болсон аж. “Бид охиндоо нэр өгч ч амжаагүй байсан” хэмээн гуниг шаналалдаа бүрэн автсан эцэг, эх харамсангуй хэлсэн байна.

Охины эмэг эх мэдэгдэхдээ: “Тэр үед манай бэр хүүхдээ усанд оруулж байсан юм, би тэгэхэд гал тогоонд байлаа. Бэр маань хүүхдээ усанд оруулчихаад угаалгын өрөөнөөс нэг зүйл аваад ирэх тэрхэн зуурт л охин алга болсон байсан. Бид гайхаад хайж эхэлтэл шалан дээр дуссан цусны мөрийг олж харсан. Тэгээд гадагш гартал охин нил шархтай болчихсон гадаа хэвтэж байсан” гэжээ. “Бид энэ байшинд 20 гаруй жил амьдарч байна. Сүүлийн хэдэн сард зэрлэг сармагчин манай энэ хавиар эргэлдээд байдаг болсон. Бид гэрт оруулахгүй байх бүх арга хэмжээг авдаг байсан боловч хүүхэдтэй болоод тоохоо больсноос л ийм зүйл боллоо” гэж охины эх хэлжээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж