“Оутотек” компанийн үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Оутотек” компанийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа албаны төлөөлөгчид болон бизнес бүрэлдэхүүний хамт Финландын  “Оутотек” компанийн үйл ажиллагаатай танилцав. “Оутотек” нь уул уурхай, металлургийн салбарийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд зэс боловсруулах дэвшилтэт технологиороо дэлхийд алдартай юм. Тус компани өөрийн олон жилийн үйл ажиллагааны туршид хуримтлуулсан туршлага, мэдлэг, технологи дээрээ үндэслэн орчин үеийн шаардлагад нийцсэн, томоохон үйлдвэрүүдэд ашиглахуйц, байгальд халгүй, эрчим хүчинд хэмнэлттэй  шинэ технологийг боловсруулжээ.  Төмрийн хүдэр, зэс, цайр, жонш, нүүрс, уран зэрэг уул уурхайн бүхий л бүтээгдэхүүнийг боловсруулах технологийн иж бүрдэл шийдлийг бий болгож чадсныг “Оутотек” компанийн зах зээлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ханну Хакакари онцлон хэлж байлаа. Тус компани дэлхийн 21 оронд салбартай, жилд 1 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий технологи борлуулдаг байна. Технологийн 80 гаруй хувь нь байгаль орчинд хор хөнөөлгүй гэсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын албан ёсны батламжтай бөгөөд “Оутотек” компани жилд 20 гаруй сая еврог судалгаа шинжилгээнд зориулдаг, 4500 гаруй шилдэг тэргүүний технологийн лицензийг эзэмшдэг юм байна. “Оутотек” компани Монгол Улстай хамтын ажиллагааны туршлагатай бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр барих технологийн туршилтыг хийж байжээ. Оюутолгойн зэсийн ордоос гарах хүдрийг боловсруулах боломжтой технологийн нэгэнд тус компанийн технологи тооцогдож байна. Зэсийн үйлдвэр барихад байгаль орчны хувьд хүндрэл үүсгэдэг хүхрийн хүчлийн асуудлыг технологийн хувьд шийдсэн болохыг ярьж танилцуулж байв. Мөн энэхүү танилцуулгын үеэр уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах явцад эрчим хүчний хэмнэлт, усны зохистой хэрэглээ нь орчин үеийн технологийн гол үзүүлэлт болсныг онцлон дурдаж байв.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж