
Мөн хэлэлцүүлэгт орсон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зарим гишүүдийн зүгээс шүүмжлэл дагууллаа. Уг хуулийн 43-р зүйл заалтыг хүчингүй болгох Засгийн газрын төслийн саналыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр эсэргүүцэн “Монголд 140 мянган хүн ажилгүй байна. Гадаадад мөн 200 мянган хүн аргагүйн эрхэнд ажиллаж байна. Ийм үед гадныхныг орж ирж ажиллахыг нээлттэй болгох тухай санал оруулж ирэх нь буруу. Ашигт малтмалын тухай хуульд тусгасан энэ зүйл заалтыг хүчингүй болгох гэж санал оруулж байгаад харамсч байна” гэв.
Тэрээр Засгийн газрын саналыг танилцуулсан Т.Ганди сайдад хандан “Монгол хүн Монголдоо ажиллах гэж байж англи хэлний мэдлэггүй хэмээн ялгуулж болохгүй биз дээ. Та ч гэсэн сэтгүүлч мэргэжилтэй байж сайд хийгээд л явж байгаа биз дээ. Ер нь энэ Засгийн газар Монголыг хятаджуулах төлөвлөгөө хийгээд байгаа юм уу. Би энэ асуултыг Ерөнхий сайдад ч мөн тавьж байна. Уг нь аав чинь Архангайнх, ээж чинь Сүхбаатарынх биз дээ. Гэтэл чи яагаад гадныхныг монголд орж ирэхэд хориглон, хязгаарласан хуулийн заалтыг авах талаар ийм зүйл оруулж ирдэг билээ” хэмээн асуув. Үүнийх нь хариуд “Би Монгол Улсын эрх ашигт хохирол учруулах санаатайгаар ийм хууль оруулж ирээгүй. Тэгээд ч миний гарал үүсэл, нутаг усаар дайрах хэрэггүй. Энэ харилцааг зохицуулах зохицуулалтыг улс төрийн шалтгаанаар шүүмжлэх хэрэггүй” гэсэн юм.
Хамгийн өндөр ачаалалтай салбарын сайдаар ажиллаж байгаа Т.Ганди эмэгтэйчүүд ховор улстөрд аргагүй "төмөр хатагтай" гэдгээ харуулж, Засгийн газрын саналаа энэ удаад хамгаалаад гарлаа. Ус нутаг, мэргэжил ч гэх шиг хэлэлцсэн асуудалд огт хамаагүй зүйлсийг маргаан руу татан оруулж ирсэн зарим гишүүдэд яг таг хариуг нь барьж, Засгийн газрын байр суурь, үндэслэлийг хангалттай тайлбарласан юм.
Б.Мандах