Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Машины бурхан

Монголчууд үхэр тэргээр ачаа бараагаа зөөж асан үе хэдийн улирч, өдгөө дэлхийн нийтийн даяарчлалын хуулиар усан зам, төмөр зам, цаашлаад огторгуйгаар өртөөчлөн тээвэр хийх  болсон. Чухам энэ цаг үеийг мөрөөдөл төдий байхад монголын авто тээврийн байгууллагад залуу халуун насаа зориулсан нэгэн бүтээлч, басхүү оюуны өндөр чадавхитай, буянтай буурал төрөлх нутаг Сүхбаатартаа амьдарч байна. Монгол улсын Төрийн шагналт засварчин Дарьзавын Цэвэгжав гуай 1931 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ.  Балчир насаа хөдөө өнгөрөөж, даахиа үргээлгэж, даалимбан тэрлэг цөөнгүйг элээж, сургуулийн босго алхах настай золгоход аав, ээж нь түүнийг айл гэрийн голомтыг сахих эр хүн хэмээн соёлын  их уурхайгаас өнжүүлж, дэргэдээ үлдээж чаджээ. Эрдэм сураагүйдээ сэтгэл гонсойсонгүй. Эрийн цээнд хүрч, цэргийн албанд очиж, хаана ч дүүргээгүй их сургуулийг төгссөн гэж бардамнангуй ярьж байсан. Бичиг үсэгт тайлагдаагүй ч хожмоо түүний гайхамшигтай бүтээлч оюун ухаан, сэтгэх өндөр чадвар нь Төрийн дээд шагналуудаар мялаажээ. Цэвэгжав гуайн ухааны нарийн ураар бий болсон ачааны татлага чангалах төхөөрөмжийг тээвэрт ашигладаггүй жолооч монголд байхгүй гэнэ лээ. Уул овоо шиг нүсэр ачааг холын замд хэрхэн нурааж, хороохгүй авч явах нь тухайн үеийн жолооч нарын шүдний өвчин байсан гэх. Нэгдэл нийгмийн олон малын өвсийг тээвэрлэх гэдэг дөрвөн цагийн эргэлттэй үргэлжлэн дуусдаггүй нөр их ажлыг хөнгөвчлөх аргыг Цэвэгжав гуай олон шөнө нойроо хугаслан байж олжээ. Энэхүү татлага чангалах төхөөрөмж төрөөгүй бол тээвэрчид ачаагаа хэрхэн шуурхай найдвартай зөөдөг болох байсан нь эргэлзээтэй. Хүнд хүчир ажил хийж, ядрахын цагтаа үүнийг яавал хялбархан хийж болох аргыг хүн бүхэн эрэлхийлдэг.

Миний Төрийн шагнал авсан бүтээл минь ийм л зүйлээс үүдэлтэй. Ямар нэгэн зүйлийг бүтээж бий болгоход шалтаг шалтгаан зайлшгүй хэрэгтэй. Аймгийн тээврийн 12 дугаар баазад ажиллаж байхдаа баазынхаа жолооч нарын жилийн дөрвөн улиралд цаг наргүй зөөсөн ч дуусдаггүй өвс тээврийн ажлыг хөнгөвчлөх юмсан гэж үргэлж бодож явдаг байсан минь ачааны татлага чангалах төхөөрөмж бүтээх санааг бий болгосон. Ачсан өвс нь замдаа нурж хаягддаг болохоор дахиад өвсөө ачих болно. Энэ зовлонтой ажлыг хөнгөвчлөх гэсэн минь биелж, олон жолооч нарын санааг амраасандаа баяртай байдаг даа хэмээн өгүүлж суух Цэвэгжав гуайн энэхүү оюуны өндөр чадвар тэр бүр хүнд заяадаггүй аж. Ухааныхаа цараар бүтээсэн төхөөрөөмжөө энэ цаг үед бүтээсэн бол би тэрбумтан байх байсан. Ер нь ах нь хүнээс юм авахыг урьтал болгодоггүй хүн. Авдрандаа хэдэн сая төгрөгтэй байснаас хийж бүтээж л байвал миний хувьд хамгийн том баялаг юм шүү дээ.

 Зүгээр суухыг би тэвчиж чаддаггүй. Хайран цаг хугацааг дэмий өнгөрөөнө гэдэг харамсалтай гэж хуучлах өвгөн буурал залуудаа амралтын өдөргүй байсан гэж хамт ажиллагсад нь ярих юм билээ. Хэн ч шахаж шаардаагүй байхад аль хэдийн ажидаа ирчихсэн гагнуур, токарь, засварын ажлаа хийнэ. Хүн хэзээ ч сурч дуусдаггүй юм. Амьдрал гэдэг хамгийн том их  сургуулийг ямар ч хүн төгс дүүргэж чаддагүй юм шүү дээ хэмээн хойч үедээ захиж байна лээ.

Цэвэгжав гуай урин цаг болохоор хөгшинтэйгээ хөдөө гарч, цагаан идээн дээр зусна. Төвийн сууцны бүгчим амьсгалаас түр ч атугай холдох гэсэн нь тэр биз ээ. Сэрүү ормогц аймгийн төв дэх хоёр өрөө байрандаа ирж өвөлжинө. Энэ байрыг анх ашиглалтад ороход аймгийн захиргаанаас түүнд өгчээ. Түлхүүр өгөхөд нь үгүй гэлгүй гардсандаа одоо олзуурхаж суудаг. Байр өгч байхад яаж үгүй гэчихээгүй юм. Хүн юм өгвөл үгүй гэх нь надад амар байдаг. Чи авахгүй яасийн гэж манай хөгшин ч шахаж шаардаггүй гээд цайгаа оочилно. Манай өвгөн чинь олон таван үггүй, төлөв төвшин, хүүхдийн сайн аав, хүний сайхан хань даа гэж насаараа цайг нь чанасан гэргий Ичинхорлоо гуай ярьсан юм.

Цэвэгжав гуай ид хийж бүтээж ахуйдаа диск хадагч, түймэр унтраагч, арьс элдэгч, бүр таван тоннын чиргүүл зэрэг 60 гаруй шинэ санаачлага амьдралд нэвтрүүлжээ.  Дандаа л сайшаал, магтаалыг сонсох.  Улсын гурван удаагийн аварга засварчин хүн. Миний хувьд хийх ёстой юм аа л хийдэг байсан болохоор  тэр бүрт биеэ тоож, их зан гаргадаггүй. Хийж чаддаг зүйлээрээ боож хаах нь хамгийн муухай шүү гэдгийг одоогийн залуус ойлгоосой гэж аминчлан захина.  Аминаас нь тасарсан зургаан хүүхэд нь ч аавынхаа энэ захиасыг мөрддөг. Цэвэгжав гуай дөрвөн хүү хоёр охинтой. Хүүхдүүд нь ч аавыгаа дуурайсан гарын дүйтэй гэнэлээ.

Сургууль соёлын мөр хөөгөөгүй ч төрөлхийн бүтээлч сэтгэлгээг нь биширэгсэд цөөнгүй. Татлага чангалах төхөөрөмжийг бий болсон өдрөөс нь эхлээд өнөөдөр хүртэл бүх жолооч нар хэрэглэж байна. Хил дээрх ачаа барааг ч өөрийнх нь санаачилсан чангалагчаар татсан байхыг хараад бахархдаг ч танд баярлалаа гээд 100 төгрөг бариад орж ирсэн хүн нэг ч гараагүйд жаахан гомдолтой явдаг юм шиг. Би хүнээс авах ёстой биш. Надад ч юм өгөх албагүй шүү дээ гэх. Цэвэгжав гуай Төрийн шагнал авсан татлага чангалах төхөөрөмжийнх нь оюуны өмчийн гэрчилгээ нь л  өөрт нь хадгалагддагаас өөр олдсон зүйл түүнд үгүй ээ. Гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, жолооч гээд түүн хийдэггүй ажил байдаггүй байжээ. Энэ бүхнийг заагч багшийн нэрийг  Цэвэгжав гуай мэдэхгүй. Ямар ч багш түүнд байгаагүй. Зөвхөн өөрийн оюун ухаан, ажилч хичээнгүй чанар нь ийм олон мэргэжил эзэмшүүлсэн. Хийсэн бүтээснээрээ аль хэдийн хөдөлмөрийн баатар цол хүртэхээр болжээ гэвэл түүний нөр их хөдөлмөр, ховорхон авъяас билгийг нь мэдэх хэн хүн хүлээн зөвшөөрөх буй за.

Өнгөрсөн жил ажиллаж байсан автобаазынх нь хамт олон түүнийг Монгол улсын Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ. Төрийн бас нэгэн том шагналыг гардаж магадгүй хэмээн битүүхэн хүлээж байсан горьдлого нь талаар болж, материал нь очих ёстой газартаа хүрсэн үгүй нь мэдэгдэхгүй алга болжээ.  Өнгөрсөн амьдралынхаа туршид өөрийн суу билгээр олон оновчтой шинэлэг бүтээл зохиосон болохоор цагийн эрхээр будантаж хөгширч ахуй энэ л үедээ миний хийсэн зүйлийг, намайг үнэлээсэй гэж ярьдаггүй юмаа гэхэд баатар цолны сураг тавьж суух нь Цэвэгжав гуайн буруу биш ээ. Өтөл нас хүртлээ хийж бүтээсэээр амьдарч яваа Дарьзавын Цэвэгжав гуай баатрын үнэмлэхийг нь батламжлаагүй ч  болзолыг нь хэдийн хангачихжээ. Ийм л нэг буянтай, агуу их оюуны чадавхитай  бүтээлч хүн бидний дунд амьдарч байна. Анзаарагдахгүй тийм даруухан хэрнээ анзаарахгүй өнгөрөхийн аргагүй их үйлийг бүтээсэн энэ хүнийг хүндэтгэж, буян заяагаар нь бид бахархаж явах учиртай бус уу.

Д.Улаанаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж