“Хонгор чамдаа” тоглолтыг хоёр өдөр хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Хонгор чамдаа” тоглолтыг хоёр өдөр хийнэ

Залуу дуучин Д.Намсрайноров уран бүтээлийн анхны тоглолтоо энэ сарын 10-нд Бөхийн өргөөнд хийх талаар бид мэдээлж байсан. Тэгвэл түүний тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаж дуусчээ. Иймд тоглолтын зохион байгуулагчид үзэгчдийн хүсэлтээр дахин энэ сарын 12-нд “Хонгор чамдаа” тоглолтоо хийхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг өгөхөөр өнөөдөр 12.00 цагаас Бөхийн өргөөний хойд талд зассан гэрт хэвлэлийн бага хурал зарлалаа. Д.Намсрайноров нь 1980 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. 1987-1997 онд Өндөрширээт сумын арван жилийн дунд сургуулийг дүүргэж 1998 онд цэргийн албан мордсон аж. 2003-2008 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч бие даан уран бүтээлээ хийх болсон байна. Оюутан цагтаа  Төв аймгийн бүрэн сумын уугуул номын багш соёлын тэргүүний ажилтан Д.Шийрэвжамцын үг, соёлын тэргүүний ажилтан Р.Билэгтийн хөгжим ”Хонгор чамдаа” дуугаараа анхныхаа уран бүтээлийн гарааг эхэлжээ. Түүний энэ дууг мэдэхгүй хүн гэж үгүй, бараг л дуугаараа нэршсэн азтай дуучин гэж хэлж болохоор. Тэр ч утгаараа анхны бие даасан цомог, тоглолтоо “Хонгор чамдаа” хэмээн нэрлэсэн байна.  Дуучин Д.Намсрайноров нь одоогоор урын сандаа 30 гаруй дуутай болжээ. Түүний анхны “Хонгор чамдаа” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Төв цэг” клуб, ивээн тэтгэгчээр “Дунд урт” групп, ерөнхий найруулагчаар Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан доктор н.Сүхбаатар, ерөнхий продюсероор гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа аж. Тоглолтын тасалбарын үнэ 8000 төгрөг юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж