А.Е.Новожиловыг Монголд бүгж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

А.Е.Новожиловыг Монголд бүгж байгаа гэв

Чингэлтэй дүүргийн шүүх одоогоос нэг сарын өмнө банк залилагч А.Е.Новожиловыг шүүх тов гаргасан. Гэтэл шүүгдэгч сураггүй болсон учраас хавтаст хэргийг яаран сандран прокурор руу шилжүүлсэн билээ. Уг нь “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловыг Чингэлтэй дүүр­гийн шүүгч Б.Цогт шүүх учиртай байв. Гэхдээ Б.Цогтын хамар дороос Монголбанкийг залилагч Жорж Чайлмерс оргож байсан түүх бий. Жорж Чайлмерсийг батлан даалтад байлгаж байгаад алдсан Б.Цогт  дахин нэг орос эрийг “гээсэн”-ийг шүүхийн сахилгын хороо судалж үзэхэд илүүдэхгүй. Учир нь А.Е.Новожиловыг шүүх хурлын тов гарсныг өмгөөлөгчид нь дуулгаагүй байжээ. Монголчуудын банкинд хадгалуулсан мөнгийг залилсан орос нөхөр яав, ийв болоход өмгөөлөгч Б.Пүрэвбаатар “Надад шүүх хурлын товыг мэдэгдээгүй. Би хавтаст хэрэгтэй танилцаж байна. Үйлчлүүлэгчтэй ойрд уулзаагүй” гэсэн юм. А.Е.Новожилов өнөөг хүртэл өмгөөлөгчтэйгээ холбоо бариагүй аж. Хуулиараа хавтаст хэрэг прокурорын шатанд байхад яллагдагч, хохирогч, өмгөөлөгч танилцдаг. Тэд хавтаст хэрэг дэх нотлох баримт хангалттай гэж үзвэл шүүхийн шатанд шилжих учиртай. Гэтэл өмгөөлөгч хавтаст хэргийг уншиж байхад үйлчлүүлэгчийг нь шүүх тов гарчээ. Мөн хохирогчоор тогтоосон “Транс” банкны хуулийн зөвлөх Б.Цогнямд уг хэрэг шүүхэд шилжсэн талаарх албан ёсны баримт очоогүй аж. Түүний хэлснээр уг банкийг хохирогчоор тогтоосноос хойш прокурор, шүүхийн шатанд нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй аж. Ингэхээр А.Е.Новожилов оргоогүй байсан ч хохирогчид шүүх хуралд оролцох боломжгүй байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд А.Е.Новожиловт холбогдох хэргийг шүүх хурал болохгүй гэдэг нь тодорхой байж. Улсын мөрдөн байцаах газрынхны мэдэгдсэнээр “Транс” банкны гүйцэтгэх захирал асанд холбогдох хэргийг шалгаж, прокурорт нотлох баримттайгаар шилжүүлсэн аж. Тодруулбал, А.Е.Новожилов “Транс” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж  байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө зөвшөөрөлгүйгээр 2008 онд Орос, Монголын хамтарсан “Говь-Урал” компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл дур мэдэн олгожээ. Харин А.Е.Новожилов 2009 онд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Гэтэл тус компани зээлээ графикийн дагуу төлөөгүй учраас  банкны удирдлагууд аудитын байгууллагад ханджээ. Аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн А.Е.Новожиловт холбогдох хэргийг хуулийнхан шалгаж эхэлсэн аж. А.Е.Новожилов мэдүүлэхдээ “”Говь-Урал” компанийн 25 хувийг эзэмшдэг К.Д.Романовский гадаадын нэр хүндтэй банкирын найз. Мөн тус компанийн 50 хувийг “Тавантолгой транс” компани эзэмшдэг байсан учраас эрсдэлгүй байлаа” гэжээ. Гэтэл орос нь ч, “Тавантолгой транс” компани ч хувьцаагаа “Говь-Урал” компанид зарчихсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Харин К.Д.Романовский гэгч нутаг буцсан байж. Ингээд чанаргүй зээлдэгч “Говь-Урал” компанийн эздийг А.Е.Новожиловтой хамтатган шалгажээ. Мөрдөн байцаалтын явцад тус компанийнхан зээлээ тодорхой графикийн дагуу төлөх гэрээг “Транс” банктай байгуулсан учраас хэргийг нь салгасан байна. А.Е.Новожиловт холбогдох хэргийг хянаж байсан Г.Мижиддорж прокурор Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр 10 жил хүртэлх хугацаагаар хорих ял төлөвлөсөн байжээ. Харин А.Е.Новожилов оргосон учраас хавтаст хэрэг прокурорын шатанд дахин очсон аж. Эх сурвалжийн мэдээлснээс Жорж Чайлмерс Монголын хилийг давсан гэх баримт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын камераас олдсон. Харин А.Е.Новожилов хилээр гараагүй гэдгийг Нийслэлийн прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар болон харьяа хилийн боомтууд, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мөрдөн байцаах газар зэрэг байгууллага баталжээ. Тиймээс А.Е.Новожилов Монголд бүгж байгаа нь тодорхой байгаа аж. Түүнийг хөдөө орон нутагт байж магадгүй гэдгийг ч  зарим эх сурвалж хэлсэн. Ямар ч байсан хилээр гараагүй учраас Интерполын шугамаар хайх боломжгүй. Харин Монголд эрэн сурвалжилж байгаа аж. Түүний гэр бүлийнхэн Монголд амьдарч байгаад одоогоос жил гаруйн өмнө нутаг буцсан байна. А.Е.Новожилов хэрэгт холбогдсоноос хойш “Транс” банкныхантай холбоогүй байгаа гэдгийг хуулийн зөвлөх нь хэлсэн. Харин түүнийг хоёр хүн батлан дааж гадуур шалгуулж байсан гэх мэдээ байна. Улсын мөрдөн байцаах газраас өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд А.Е.Новожиловын паспортыг буцаан олгосон эсэхийг лавласан албан тоот илгээжээ. Түүнийг сэжигтнээр татсаны дараа паспортыг нь албан ёсоор хураан авч, Элчин сайдын яаманд хүргүүлсэн аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж