Эдийн засгийн эрх мэдэлтэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн эрх мэдэлтэй байх хэрэгтэй

Нобелийн энхтайв­ны шаг­налд нэр дэвш­сэн, Багануур дүү­рэг дэх Либераль эмэг­тэй­чүүдийн оюуны сангийн сал­барын тэргүүн Ё.Туултай ярилцлаа.

-Та Багануур дүүрэг дэх Либераль эмэгтэйчүүдийн оюу­ны сангийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажил­ладаг. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би 1993 онд Либераль эмэг­тэйчүүдийн оюуны сангийн сал­бар зөвлөлийг Бага­нуур дүүрэгт үүсгэн бай­гуулсан. Түүнээс хойш эмэгтэйчүүдийн санаа­чил­гаар бусад сал­бар байгууллага үйл ажил­ла­гаа­гаа эхэлсэн. Ха­рин саяхнаас тэдгээр 14 бай­гууллагыг нэгтгэж, эмэг­тэй­чүүдийн төрийн бус бай­гууллагын сүлжээ болгон ажил­лаж байгаа. Одоогоор би уг сүлжээний зохицуулагч хийж байна.

-Танай байгууллага ямар чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Эмэгтэйчүүдтэй холбоо­той бүх л асуудлыг авч үздэг. Орон нутаг дахь эмэг­тэйчүүдийн асуудлыг шийд­вэрлэхийн тулд төрд нө­лөөлөхөд түлхүү анхаарч ажил­ладаг.

-Төрд нөлөөлж чадаж байна уу?

-Ер нь хэцүү. Тэгэхдээ эмэг­тэй­чүүдийн тулгамдсан асууд­луудыг шийдвэрлэх, эмэг­тэйчүү­дийн улс төр, эдийн засгийн орол­цоог нэ­мэгдүүлэх, тэдний ний­­гэмд эзлэх байр суурийг дээш­лүү­лэхэд тодорхой хэм­жээний сур­галт, сурталчилгаа хийж чадав­хижуулснаараа тодорхой үр дүнд хүрч байна.

-Тодорхой үр дүн гэж яг юуг хэлж байна вэ?

-Эмэгтэйчүүд маань эдийн зас­гийн хувьд боломжтой болсон. Мөн улс төрийн оролцоо нь дээшилсэн. Ер нь бид улс төрийн хувьд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд орон нутгийн ИТХ-ын 20-оод хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Эдийн засгийн тухайд гэвэл бүлгийн зохион байгуулалтаар эмэгтэйчүүдийг баг болгон ажил­луулж байна. Одоогоор манайд 14 бүлэгт 82 эмэгтэй хамрагдаж байгаа. Гэвч үр дүн төдий л сайн харагдахгүй байгаа. Гэхдээ яах вэ, эмэгтэйчүүдийн ор­лого, ажлын бай­рыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэр­гэшүүлэх сургалт явуулж байна. Бага ч гэсэн зүйл хийхийг оролдож байна.

-Ямар чиглэлээр мэргэ­шүүл­дэг вэ?

-Оё­дол, эсгүүр, сүлжмэл, эсгий, шүр сувдан урлалаар бүлгүүд ажиллаж байгаа. Гуанз, цайны газар юм уу худалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаа эмэг­тэйчүүдэд төсөл, хөтөл­бөрийн шу­гамаар бага хэм­жээний тэтгэлэг, зээл олгох, банкны зээл авахад нь туслах, түүнтэй холбоотой сургалт явуулдаг.

-Ихэвчлэн хэдий насны эмэг­тэйчүүд хам­рагддаг вэ?

-Голдуу 35-50 насны эмэг­тэйчүүд байдаг. Цаашид залуу эмэгтэйчүүдийн бүлэг байгуулахыг зорьж байна. Тэднийг хүчирхийллээс урьд­чилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд авах нь чухал гэдгийг ойлгож байна. Ер нь залуу эмэгтэйчүүд рүү чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна.

-Таны хийж буй ямар ажлыг дүгнэж, Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн юм бол?

-Монголын эмэгтэйчүүд ард­чил­лын замд  хүрэхэд олон саад бэрх­шээлтэй тулгарсан. Ард­чил­­сан нийгэмд шилжих явцад эмэг­тэй­чүүдийн орол­цоо ч хэрэгтэй байгаа. Энэ боломж бололцоог нь нэмэг­дүүлж, эмэгтэйчүүдийн асуу­далд арай түрүүлж сор­гогоор хандсан гэж үзээд л Нобелийн шагналд нэр дэв­шүүлсэн байх. Бид энэ том шагналд нэр дэвшинэ гэж ч бодоогүй. Тухайн үед материалаа өгөөрэй л гэж байсан. Анх Монголоос нийт 10 эмэгтэй нэр дэвшсэн. Түүнээс ес нь шалгараад тэр дунд  нь би багтсан.

-Танд энэ талаар хэзээ анх дуулгасан бэ?

-Анх 2004 онд мате­риалаа өгсөн. Тэгээд 2005 онд Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж бай­гаагаа мэдсэн. Манайхан бол шагналаа аваагүй шүү дээ. Хятадад 2005 оны арванхоёрдугаар сард очихдоо 150 гаруй орны эмэгтэйчүүд нэгдэж, багаар ажиллах боломжтой боллоо гэдгээ мэдсэн.

-Та гадны байгуул­ла­гуудтай хамтарч ажил­ладаг уу?

-Тийм. Гадны байгууллагуудаас олон төсөл, хөтөлбөр авч орон нутагтаа хэрэгжүүлж байгаа. Нээлттэй нийгэм форум, Азийн сан, Азийн хөгжлийн банк, Канад сангаас тэтгэлэг авч байсан.

-Ер нь үйл ажиллагаагаа явуулахад зардал мөнгө их гарах уу?

-Ихэвчлэн төсөл, хөтөл­бөрт хам­рагдаж, зарцуу­лах хөрөнгөө олдог. Тө­рийн бус байгууллага уч­раас хүмүүсийн хандивт тул­гуур­лаж, бай­гууллагаа авч явж байна.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би уг нь лаборант мэргэжилтэй. Сүүлд нябо, эдийн засгаар мэргэшсэн.

-Гэр бүлээ танил­цуулаач?

-Манай нөхөр ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд анх­наас нь нэлээд идэвхтэй оролцож явсан Ж.Баяраа гэж хүн бий. МоАХ-ны анхны даргаар ажиллаж байсан. Олон нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй ажилладаг нь гэр бүлийн уур амьсгалд ч нөлөөлсөн. Охин маань олон улсын харилцааны чиглэлээр гадаадын байгууллагад ажилладаг. Гурван хүүтэй. Хоёр том хүү Бельгид амьдардаг. Бага хүү оюутан.

-Эмэгтэйчүүдийн асууд­луудыг шийдвэр­лэхээр зорьж байхад хүнд­рэл, бэрхшээл их гарна биз?

-Нийгэмд тогтсон уламж­лал байна. Эмэгтэйчүүдийг хүлээн зөв­шөөрдөггүй. Орон нутагт үйл ажил­лагаа явуу­лахад тогтвортой ажлын байр байхгүй. Санхүүжилт байхгүй. Эмэгтэйчүүд дунд үзэл бодлоороо намчирхах, ялгаварлах байдал газар авч байна. Төрийн бодлогод ч гэсэн яг эмэгтэйчүүдийн асуудлаар дагнасан чиглэл байхгүй. Төсвийн байдлыг хараад үзэхэд ч гэсэн яг энэ чиглэлээр хөрөнгө зарцуулах сонирхолгүй байдаг. Эмэг­тэйчүүд маань өөрсдөө эмэгтэйчүүдээ дэмждэггүй. Иймэрхүү асуудлууд их хүнд­рэл, бэрхшээлтэй. Яах вэ, би сэтгэлээрээ 20 гаруй жил ажиллаж, одоогийн энэ байдалд хүрч байна.

-Та олон нийтийн ажил хий­гээд удаж байгаа юм байна. Энэ нь таны хувийн амьдралд ямар нэг хэм­жээгээр нөлөөлсөн байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Улс төр, нийг­мийн амьдралд оролцоход минь чу­хал нөлөө үзүүлсэн. Хүний төлөө, бус­­дын төлөө ажилладаг учраас ми­ний амьдралд олон эерэг нөлөө үзүүл­сэн гэж бодож байна. Угаасаа бус­­дын төлөө гэсэн сэтгэлээр ява­хаар ажил төрөл ч сайхан бүтчихдэг юм.

-Танай байгууллагад хан­даж байгаа эмэгтэй­чүү­дийн нийгэмд эзлэх байр суурь ямархуу байдаг вэ?

-Янз бүр. Улс төр, шийд­вэр гаргах түвшний эмэг­тэйчүүд, орон нутгийн лидер эмэгтэйчүүд, хөгжлийн бэрх­шээлтэй эмэгтэйчүүд ч бий. Бидний санаачилж байгаа гол зүйл бол төрд мониторинг буюу хяналт үнэлгээ хийх. Бага­нуур дүүргийг анхны нээлттэй төсөвтэй загвар дүүрэг болгоход манай эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын сүлжээ “Захиргааны шинэ санаачилга” байгууллагатай хамтран ажилласны дүнд бодит биелэл болсон. Газар олголт, ха­ламжийн асуудлаар хяналт, үнэлгээ хийж байгаа. Энэ бол манай улсад шинэ зүйл.

-Хяналт, үнэлгээ хийнэ гэхээр яг яах вэ?

-Хөндлөнгийн хяналт тавих. Газрын асуудал ийм хэцүү байна аа гэхэд тэнд очино. Халамжийн асуудал ийм байна гэхэд тэнд очиж, хөндлөнгийн хяналт тавина.

-Гэхдээ яаж?

-Тухайн үйл явдал болж буй газар дээр очиж хянана. Түү­гээрээ зөвлөмж гаргана. Хяналт шалгалтын улсууд шиг тулж ажиллахгүй шүү дээ. Зөвлөмж бо­ловсруулаад холбогдох хүмүүст нь өгнө. Ер нь байдал ийм байна гэдгийг олон түмэнд мэдээлнэ. Яавал асуудлыг шийдэж болох вэ гэдэг талаас нь бодож үзнэ. Саяхан Халамжийн хуулийн шинэчлэлийн асуудлаар мониторинг хийсэн. Тэгээд УИХ-д баримт бичиг гаргаж өгч байсан. Төрд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ гэдэгт анхаарч ажилладаг. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн маань өөрөө зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай болжээ. Би МОНЭС-гаас зохион байгуулж буй сургалтад суугаад үүнийг ойлголоо. Зүгээр нэг сургалт, сурталчилгаа, мэдээлэл өгөөд байж болмоогүй байна. Нийгмийн тогтолцоог үнд­сээр нь өөрчилж байж л хуулийн хэрэгжилтийг бодит болгох хэрэг­тэй. Амьдралд хэрэгжихгүй хуулиуд батлаад байгаа шүү дээ.

-Танай байгууллагын бүтэц хэр том бэ?

-Манайд орон тооны ажил­тан байхгүй. Орон нутаг, дүүргийн за­хиргаатай хамтран ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бо­ло­хоор байрны асуудлыг дүүр­гээс шийдвэрлэж өгсөн. Төсөл, хө­төлбөрүүдээрээ ганц, хоёр то­ног төхөөрөмж аваад байгаа. Ерөн­хийдөө бол сайн дурын үндсэн дээр л явагддаг. Түүнээс биш том байгууллага бол биш. Би л эмэгтэйчүүдийн төлөө амьдралаа зориулъя. Жаахан ч гэсэн юм хийгээд өөрчилчих юмсан гэсэн сэтгэлийн үндсэн дээр явж байна. Бидэнд цалин мөнгө гэх юм байхгүй. Төслүүд дээр ажиллалаа гээд байгууллагаа тогтвортой сан­хүүжүүлээд байх боломжгүй. Өөрийнхөө хэрэгцээг ч хангаад байж чаддаггүй.

-Тэгэхээр үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн хувьд нэлээд бэрхшээл гардаг гэж ойлгож болох уу?

-Болно.

-Тэгвэл санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй байж, нийг­мийн бүх тогтолцоонд нө­лөөлж чадна гэж үү?

-Хүндрэлтэй. Гэхдээ яг тухайн асуудлаараа төсөл, хөтөлбөрт хамрагдаад олонд танигдаж байна. Эмэгтэйчүүдийн сан гэхэд л хоёр, гурван асуудлыг барьж авчихаад байгаа.

-Жишээ нь?

-Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг дэм­­жих, тэдгээрийн улс төрийн орол­­цоог шийдвэрлэхэд жижигхэн, ту­хайлсан хоёр гурван сая төг­рөгийн төсөл, хөтөлбөр хэ­рэгжүүлдэг. Түүнд үндэслэн үйл ажиллагаагаа явуулна.

-Төслийн хөрөнгийг ямар зүйлд зарцуулдаг вэ?

-Бүлгийн оролцоог нэмэгдүүлнэ гэж ярьсан даа. Үүнд эмэгтэйчүүдийн асуудлаар судалгаа хийж, сургалтууд зохион байгуулна. Мөн хэрэгтэй хүмүүст нь бага хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

-Сургалт нь ямар агуулгатай байх вэ?

-Манайд байгуулагдсан бүлгүүд эсгий урлалын чиглэлээр ажиллаж байна. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хийж буйгаас болж, тэдгээр нь борлогдохгүй байх асуудал их гардаг. Сайн чанартай бүтээгдэхүүн хийх тал дээр санал зөвлөгөө өгнө. Зуучилж, үзэсгэлэн гаргах ч юм уу, борлуулалтад нь анхаарах, холбогдох хүмүүстэй нь холбож өгөх гэх мэт зүйлсийг хийдэг.

-Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх тал дээр та нар юу хийж чадах вэ?

-Эмэгтэйчүүдийг бэлтгэнэ, чад­вар­жуулна. Мэргэшсэн бай­гуул­лагуудын туслалцаа, дэмж­лэ­гийг авна. Яг ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд хандана. Намуудад нөлөөлнө. Намуудаас эмэгтэйчүүд нэр дэвших боломжийг хангаж өгөх тал дээр анхаарна. Эмэгтэйчүүддээ хүрсэн ажил хийх тал дээр хооронд нь холбож, зуучлах ажлуудыг хийнэ дээ.
 
-Эмэгтэйчүүд ихэвчлэн ямар асуудлаар танай байгууллагад ханддаг вэ?

-Ер нь эмэгтэйчүүдэд олон бэрхшээл тулгардаг. Эдийн засгийн эрх мэдэл байхгүй. Өөрсдөө мөнгө олохгүй болохоор тэр шүү дээ. Тэгэхээр орлогын эх үүсвэртэй болох шаардлагатай. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа учраас энэ талын асуудлыг шийдвэрлэхэд тодорхой санаачилга гардаггүй. Хүчирхийлэл дарамт их байна. Архидалт гэх мэт бусармаг үйлдлүүдийн золиос нь дандаа эмэгтэй хүмүүс болж байна. Эмэгтэйчүүд өөрсдөө энэ асуудлаа шийдвэрлэж чаддаггүй байх нь элбэг байдаг.

-Тухайлбал, хүчирхийлэлтэй танай байгуул­лага яаж тэмцэж байна вэ?

-Удахгүй жендерийн тэгш байд­лын тухай хууль батлагдах байх. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай  боллоо. Тэдгээр хуулийн бодлогод  нөлөөлөх, зөрчилдөөд байгаа зүйл, заалтуудыг өөрчлөхөд анхаарч ажиллаж байна. Манай байгууллагад Гэр бүлийн хүчир­хийллийн эсрэг төв ажиллаж, эмэг­тэйчүүдэд зөвлөгөө өгдөг. Хийгээд байвал ажил их л байна. Гэвч тэр бүрт хүрэх боломж  хараахан байдаггүй л дээ.

-Таныхаар эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

-Амьдралын төлөө тэмцэгч, хө­дөлмөрч, өөрсдийнхөө амьдралыг шийдэж чаддаг, эдийн засгийн хувьд эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Зах зээлийн нийгэм ийм байхыг шаардаж байна.

-Хэн мөнгө олж байна, тэр л эдийн засгийн хувьд эрх мэдэлтэй байдаг юм болов уу?

-Тийм л дээ. Эрэгтэйчүүд нь мөнгө олж байна. Гэтэл айл өрхийг эмэгтэйчүүд авч яваа тохиолдол ч олон байгаа. Гэхдээ эрэгтэйчүүдийг үгүйсгэж болохгүй л дээ.

-Таны хэлсэнчлэн сүүлийн үед гэр бүлийг эмэгтэй хүмүүс л авч явдаг гэж их ярих болсон. Өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олон байгаа. Их, дээд сургуульд суралцагчдын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд. Иймэрхүү зүйлсийг харахад хүйсийн хувьд нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо угаасаа их байгаа гэж дүгнэж болох уу?

-Энэ шилжилтийн үе юм л даа. Манайхны эцэг эхээс уламжилж ирсэн сэтгэлгээ байна. “Охиноо сургуулийн мөр хөөлгөчихье. Хүү ч яах вэ, өөрөө учраа олоод явна” гэж. Ардчилсан нийгэмд шилжиж байгаа завсрын үед л хүмүүсийн хандлага ийм болоод байгаа байх. Тийм ч учраас жендерийн тэгш байдлын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийг хамгаалах тухай биш. Зөв тэнцвэртэй харьцааг бий болгоход л гол зорилго нь оршиж байгаа юм.

-Тэгэхээр эмэгтэй­чүүдийн орол­цоо давамгайлж байгаа юм биш үү?

-Боловсролын хувьд бол тийм. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эсрэгээрээ шүү дээ. Орон нутагт л гэхэд нэг сумын Засаг даргаар аравдугаар анги төгссөн, боловсрол багатай хүн ажиллаж байна. Гэтэл их сургууль төгссөн, чадалтай, мэдлэгтэй эмэг­тэй хүн наана нь олон байна шүү дээ.

-Хангалттай мэдлэг боловс­ролтой бол тэр хүн яагаад заавал сумын Засаг дарга хийх ёстой гэж. Өөр ажил хийж болохгүй юү?

-Болохгүй байна. Суманд л гэхэд засаг захиргааны албан хаагчдын тоо цөөхөн байдаг. Тэнд ажиллахгүй бол  гэртээ суугаад хүүхдээ харахаас өөр аргагүй болж байгаа юм.

-Сумын Засаг дарга ажлаа сайн хийж байгаа бол яах вэ. Түүнээс гадна яагаад заавал боловсролтой эмэгтэйн тухай онцолж байгаа юм. Уг нь мэдлэг, боловсрол, чадалтай л бол эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай хамаагүй хэн ч ажиллах боломжтой биз дээ?

-Ажлаа сайн хийж байвал өөр хэрэг. Гэтэл намчирхах үзлээс болоод тэр бүр тохирсон хүн нь албан тушаал дэвшиж чадахгүй байна. Засаг дарга ажлаа сайн хийж байгаа эсэхийг сумынхан л сайн мэдэж байгаа. Тийм учраас төр, намаас томилдог явдлыг болиулах хэрэгтэй. Түүнээс биш заавал эмэгтэй хүн томилох ёстой гээгүй л дээ. Зүгээр бодит байдал ийм байгаа тухай л ярьж байна. Өнөөдөр мэдлэг, боловсролтой хүнд намын дэмжлэг байхгүй л бол албан ту­шаалд томилогдох боломж байхгүй.

-Та өөрөө ямархуу хүн бэ. Олон нийтийн ажлыг ийм удаан хугацаанд хийж байгаа болохоор нэлээд дайчин байх даа?

-Тийм байх гэж боддог юм. Хүүхдүүддээ ч нэлээд хатуу шаард­лага тавьдаг. Нэг юм  хийе гэвэл хийж дуусгаж байж л санаа амардаг. Би одоогийн охидын байгаа байдалд жаахан сэтгэл дундуур байдаг. Нийгмийн төлөө гэсэн сэтгэл дутдаг юм шиг санагддаг. Тийм ч учраас залуу эмэгтэйчүүд рүү хандаж, сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй. Бидний үеийнхэн ч арай өөр байлаа шүү.

-Ямар гэж?

-Бусдыг хүндэтгэж, хайрлах сэтгэлтэй. Нийгмийн идэвхтэй, нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй. Арай л өөр байсан юм шиг санагддаг.

-Угаасаа тэр үеийн тогтолцоо нь тийм байхыг шаарддаг байсан юм биш үү?

-Тийм л байх. Одоо бүх юм задгай болчихож.

-Тэгэхээр тэр үеийнх шиг тогтолцоотой болох хэрэгтэй гэж үү?

-Үгүй л дээ. Арай ч тэгж хэлж болохгүй. Гэхдээ хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнлэг нийгэм байгуулахын төлөө явж байгаа шүү дээ, бид. Тэр зорилгодоо хүрэхийг л бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж