Хурууны хээгээ өгөхгүй байвал яадаг бол

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хурууны хээгээ өгөхгүй байвал яадаг бол

Хүн амын шинэчилсэн бүртгэлд иргэд идэвхтэй хамрагдахгүй байгаа та­лаар Улсын бүртгэлийн ерөн­хий газрын ажилтнууд орой бүр телевизээр ярих юм. Гэтэл иргэд арван хурууныхаа хээг дараалан тамгалуулж, зургаа архивт үлдээхээс болгоомжлох зайлшгүй шалтгаантай юм байна. Саяхан Н.Энхбаярын зохион байгуулсан “МАХН-ын шинэчлэл: Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлэгт оролцсон нэгэн өндөр настан төлөөлөн саналаа хэлсэн юм. Тэрбээр “Бид­нийг нэг бүрчлэн бүртгэж, хурууных нь хээг авч байгаа нь сайн явдал биш. Монгол Улсын иргэн бүрийг бүртгэж, хурууны хээ, зургаар нь бататгаж Оюутолгойн ордын барьцаа болгож байгаа юм. Ингэснээр монголчууд баялгийнхаа барьцаанд явж байна. Иргэдийг барь­цаалж авахын тулд “Эх орны хишиг” нэртэй арван мянган төгрөгөөр хуурч байгаа” гээд хурууны хээгээ өгөхгүй байхыг уриалах аястай урт лекц уншсан билээ. Оюутолгой төслийн гэрээг эсэргүүцэгчдийн дунд ийн дүгнэлт байхад нөгөө талд урд хөршийг хардах яриа гаргаж байх жишээтэй. Автобусанд яв­сан хоёр настан “Манай улс удахгүй Хятадын ко­лони болох юм гэнэ лээ. Тэгээд харьяа улсынхаа хүн амын тоог нарийвчлан гаргах гэж байгаа юм гэсэн. Хум базар маани” гэж хуучилж байхтай таарав. Чамгүй мөнгө төсөвлөж, хэдэн сарын ажил болж буй хүн амын шинэчилсэн бүртгэл иймэрхүү явган хар дагуулж байна. Ер нь хурууны хээгээ өгөхгүй байвал яадаг бол. Ер нь хурууны хээгээрээ тамгалж, улсдаа данстай болохын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд хэд хоног дугаарлах хэрэггүй мэт. Угаасаа монголчууд дээд тэнгэрээс бүртгэлтэй, таних тэмдэгтэй ирсэн ард түмэн шүү дээ. Яагаав, “Хөх монгол” тэмдгийг бурхан багш нуруун дээр нь дараад явуулсан биз дээ. Тийм тэмдэгтэй л бол Монгол Улсын иргэн гэж үзэхэд болно. Бас лам нар гарынхаа алгыг хамаагүй хүнд үзүүлж болохгүйг номлодог. Гэтэл хурууны маань хээг хэн дуртай нь харж, бүр яаж ч ашиглаж мэднэ. Ер нь хурууны хээгээ өгөхгүй байвал яадаг бол.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж