”Чимээгүй” хурган дарга

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

”Чимээгүй” хурган дарга

Улсын ерөнхий прокурорын хоёр орлогч шахаанд орж, үүрэгт ажлаа өгөхөөс өөр аргагүй гэх яриа газар авлаа. Ерөнхий прокурорын орлогчнарын нэг болох Ч.Мөнхбат 2008 онд Цагдаагийн ерөнхий газрын даргад нэр дэвшиж явсан нэгэн. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал М.Ганболдтой найз байсантай нь холбон хардах хүн ч цөөнгүй байсан. Тэр бүр олны нүдэнд ил гараад байдаггүй түүнийг    мэргэжил нэгт нөхөд нь “Чимээгүй хүн” гэж хочилдог юм билээ. Тэрбээр ОХУ-д Дотоод явдлын яамны дээд сургууль төгсч, эх орондоо ирээд цагдаагийн байгууллагын бүхий л шатанд ажилласан цагдаагийн үндсэн ажилтнуудын нэг аж. Улсын ерөнхий прокурорын орлогч болохоосоо өмнө Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасгийн орлогч дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Ямартай ч Австралид мастерын зэрэг хамгаалсан англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг, Монголын урдаа барьдаг цагдаагийн ажилтнуудын нэг гэдгийг нь хүмүүс хүлээн зөвшөөрдөг ч томоохон суудал түүнд ээлгүй бололтой. Эрх мэд­лийн үзүүрээс атгаад алддаг ч арын албаны суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүн биш гэдгийг нь мэдэх хүмүүс  албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр халагдах учиргүйг нь мэдэгдсээр байгаа. Шахаанд орж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон гэх яриа үүнтэй ч холбоотой байж мэдэх. Гэвч үүний цаад учрыг Ч.Мөнхбатын МАХН-ын гишүүнчлэлтэй нь холбон тайлбарлах хэсэг нөхөд ч байна. Тэрбээр цагдаагийн байгууллагын үнэнч ажилчин төдийгүй МАХН-ын тууштай дэмжигчдийн нэг юм байна.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж