Европын холбоо юанийн ханшид нөлөөлж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Европын холбоо юанийн ханшид нөлөөлж чадахгүй

Бельгийн нийслэл Брюссель хотод Ази, Европын 46 орны төр, засгийн тэргүүн, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хуралдсан билээ. Энэ үеэр талуудын ярианы гол сэдэв нь Хятад байв. Уулзалтын эхэнд тус улсын Ерөнхий сайд Вэнь Зябао Хятад болон Европын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргө­жүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон байна. Тэрбээр үүнийгээ Ази, Европын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чу­­хал алхам болно хэмээн үзэж буй аж. Түүнчлэн тэрбээр Европын орнуудын санхүүгийн тогтвортой байд­лыг дэмжихийн тулд тус бүс нутаг дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ амласан юм. Засгийн газрын бондыг их хэмжээгээр ху­далдан авах сонирхолтой байгаа аж. Түүний илтгэлтэй зэрэгцээд юанийн тухай яриа ч урган гарсан юм. Бизнес форумын үеэр Вэнь Зябао хэлэхдээ “Би Европын орны удирдагч нарт хандан хэлж байна. Юанийн ханшийг чангаруулах тал дээр Хятадад шахалт үзүүлээд хэрэггүй” гэжээ. Ингэснээр Хятадын маш олон компани дампуурч, цаашлаад дэлхийн эдийн засгийн тогтвортой бай­далд нөлөөлөх болно гэдгийг тэрбээр анхааруулсан байна.

 Өнгөрсөн сарын дундуур АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадыг валютын ханшаа өөрчлөх тал дээр дорвитойхон зүйл хийхийг сануулсан. Түүнээс хойш тус улсын Конгресс, Төлөөлөгчдийн танхим Хятадтай хийх худалдаанд хориг тавих зүйл, заалт бүхий хууль батлан гаргасан нь нэлээд шуугиан тариад байгаа билээ. Хариуд нь Хятадын тал ч зүгээр суугаагүй. Гэхдээ юанийн ханшийн өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаа нь ганц АНУ биш бололтой. Энэ удаад Европын холбооны төлөөлөгчид Хятадыг шүүмжилжээ. Гэхдээ тэдний хувьд АНУ-ын хамтрагчдаа дэмжих зорилгоор уг шүүмжлэлийг гаргасан болохоос өөрсдийн эрх ашгийг бодсондоо ийн дуугараагүй гэдгийг зарим ажиглагч онцолж байна.

Европын холбооны Сангийн сайд Жин Клауде Жанкер Хятадын засаг захиргаа юанийн ханшийг бололцоотой хэмжээгээр чангаруулахгүй байна хэмээн дүгнэсэн юм. Уг өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байгааг дурьдаад, “Хятад болон Европын холбооны эрх баригчдын дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа” гэжээ. Тэрбээр Вэнь Зябао юанийн ханшийг уян хатан болгоно гэснийг сануулаад, цаашид талууд энэ асууд­лаарх хэлэлцүүлгээ идэвхтэй өрнүүлнэ гэсэн юм. Гэхдээ Европын холбооны хувьд АНУ шиг их анхаарал хандуулж, санаачилга гаргахгүй байгаа бололтой. Ямартай ч тэд Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа амласан билээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Белгиэс гадна Грек, Итали, Турк зэрэг оронд айлчилж, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг өргөтгөх тал дээр төр, засгийн тэргүүн нартай нь ярилцах юм. Ямартай ч Хятадын хувьд цаашид юанийн ханшийг чангаруулах тал дээр гойд зүйл хийхгүй бололтой. Тэдний үзэж буйгаар сул юань зөвхөн Хятад төдийгүй, АНУ, Европын холбооны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үндэс болж байгаа юм. Үүнийгээ ч олон улсын уулзалт, форум дээр илэрхийлж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нотолж буй аж.

Дээд хэмжээний уулзалтын үеэр яригдсан өөр нэг анхаарал татахуйц сэдэв нь Олон улсын валютын сантай холбоотой асуудал байв. Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч Хамид Ансари, Хятадын Ерөнхий сайд нар тус байгууллагын бүтцийг шинэчлэх шаардлагатай байгааг онцолжээ. Олон улсын валютын сангийн удирдлагад хөгжиж буй ор­нуудын төлөөлөл байх шаардлагатай хэмээн тэд дүгнэсэн байна. Энэ талаар ирэх арваннэгдүгээр сард болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр нэлээд нухацтай авч үзэх юм.

Ази, Европын орны төрийн тэргүүн нарын уулзалтын дараа Европын холбоо, Өмнөд Солонгосын талтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, гарын үсэг зурсан аж. Европын Комиссын Ерөнхийлөгч Жоз Мануэл Барросо Японтой хийх худалдаагаа өргөтгөх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна. Европын холбооноос анх удаа Азийн орнуудтай албан ёсны худалдааны факт байгуулж байгаа нь энэ юм. Энэ долоо хоногийн эхээр Японы Засгийн газрын төлөөлөгчид Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээг аль болох хурдан байгуулах хү­сэлтэй байгаагаа онцолсон билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мунг Пакийн хувьд тэрбээр шинэ гэрээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ нь ажлын байр олноор бий болгож, эдийн засгийн өсөлтийг хур­дасгах ач холбогдолтой хэмээн дүгнэжээ. Тус чөлөөт худалдааны гэрээг 2011 оны долдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эх­лэх юм.

Азийн орнуудтай ха­рилцаагаа өргөтгөх сонирхол европчуудад их байна. Дэлхийд эдийн засгийн өсөл­төөрөө тэргүүлж буй Энэтхэг, Хятад зэрэг оронтой хийх худалдаагаа нэмэгдүүлэх замаар тогт­вортой байдлаа хангахыг зорьж буй нь илэр­  хий юм. Тиймээс Европын хол­бооны хувьд АНУ-ыг дэмжиж, Хятадын экспорт, импортод хориг тавих ямар ч сонирхолгүй байгаа нь илт хэмээн дүгнэх ажиглагч ч цөөнгүй байгаа юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж