Ургацын баланс биелээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Ургацын баланс биелээгүй байна

Тариаланчдын их ажил, ургац хураалт дуусах тийшээ хандаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийн тариалалтаас  338.8 мянган тонн үр тариа, үүнээс 329.8 мянган тонн улаанбуудай хураан авна хэмээх ургацын урьдчилсан балансыг гаргаснаа танилцуулж байсан. Ийм хэмжээний үр тариаг хураан авснаар манай улс улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотоодод бүрэн хангана хэмээх мэдээллийг дуулгаад удаж байна. Тэдний хэлсэн энэхүү амлалт биелж байна уу хэмээх асуулт ургац хураалт дуусах гэж буй энэ үед хүн бүрийн амнаас гарах болов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар   тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнээс ургац хураалтын ажил ямархуу байгааг тодруулсан юм. Тэрбээр “Энэ жил ургац хураалтын ажлыг идэвхжүүлэх, хүндрэл багатай явуулах үүднээс олон арга хэмжээ авсан. Техникийн шинэчлэл хийхэд улсын төсвөөс мөнгө зарцуулсан байгаа. Тариаланчдад комбайн өгсөн. Өнгөрсөн зургадугаар сард болсон хэт халалт, наймдугаар сард орсон хур тунадсаас болж үр тарианы болц бага зэрэг удааширч, зарим зүйл дээр зардлыг нэмэгдүүлсэн тал бий. Гэсэн хэдий ч ургац хураалт хэвийн үргэлжилж байна. Төлөвлөсөн хэмжээ­ний ургацыг хураан авах бо­ломжтой” гэсэн юм. ХХААХҮЯ-наас энэ жил Та­риа­лан эрхлэлтийг дэмжих санд хөнгөлөлттэй зээлээр шатахуун олгосон. Үүнийг ул­саас ургац хураалтын явц болоод тариаланчдыг олон талаар дэмжсэний нэг хэл­бэр нь боллоо хэмээж байв. Тарьсан  ургацаа ху­раах гэ­хээр хөрөнгө мөнгө, ша­тахууны хомсдолд орчихдог гээд олон төрлийн бэрхшээл тоочдог тариаланчид 30 ху­вийн урьдчилгаа мөнгө тө­лөөд 2000 тонн ша­тахуун ав­сан билээ. Харин зээлээр ав­сан бензинийхээ үлдсэн мөн­гийг тариаланчид хураан авсан буудайгаараа төлөх ажээ.

УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ АЙМГУУДАД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 82.3 мянган га талбайг ангилан хадаж, 75.1 га-г цайруулж, 145.9 мянган га талбайгаас шууд хураасан байдалтай байна. Улмаар нийт 227.8 мянган га талбайгаас 307.5 мянган тонн үр тариа, 149.2  мянган тонн төмс, 79.6 мянган тонн хүнсний ногоо, 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 4.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж. Тэгэхээр ургацын урьдчилсан балансыг гүйцээхийн улаанбуудайг л гэхэд үлдсэн га талбайгаас 30 гаруй мянган тонныг хураан авах шаардлага гарав бололтой. Харьцангуй бага талбайд тариалалт хийсэн Баян-Өлгий, Баянхонгор болон Сүхбаатар аймгийнхан ургацаа бүрэн хураан авчээ. Харин газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт ургац хураалт 90 хувь, Төв аймагт 88.4 хувь, Булган аймагт 80.7 хувьтай үргэлжилж байгаа мэдээг ирүүлсэн байна. Энэ нь хамгийн сүүлийн үеийн буюу уржигдар ХХААХҮЯ-нд ирсэн мэдээ юм. Харин энэ сарын 15-ны дотор ургацаа бүрэн хураан авна хэмээн  холбогдох хүмүүс нь тооцоолоод байгаа юм. Хэдийгээр мэргэжилтнүүд ургац хураалт хэвийн үргэлжилж байна хэмээж буй ч ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, уулархаг нутгуудаар цас орох төлөвтэй байгаагаас үүдэн  ургац хураалтыг яаравчлах шаардлагатай байгаа нь дамжиггүй. Зарим аймагт ургац хураалтын явц 60-70 хувьтай байгаа ажээ.

Ургац хураалтын явцыг тус, тусад нь тооцоолбол үр тарианых 89.6 хувь, төмс, хүнс­ний ногооных 92.7-93.5 хувьтай үргэлжилж бай­гаа. ХХААХҮЯ-аас ургац ху­раал­тын явцыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад үр тариа 39.7 хувь, төмс, хүнсний ногоо 6.3-12.1 хувиар ахиу байна хэмээн мэдээлсэн. Энэ намрын ургацаас Тариа­лан эрхлэлтийг дэмжих сан 10.6 мянган тонн, гурил үйлд­вэрлэгч компаниуд 40 мянга, нийтдээ 50.6 мянган тонн буудайг борлуулжээ.

ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ ГЭВ

Ургац хураалт иймэрхүү янзтай үргэлжилж байгаа аж. Энэ жилийн хувьд дэлхий да­хинд үр тарианы хомсдол үүсээд байгаа. Манай улсад үр тариа, гурил экспортолдог ОХУ экспортдоо хориг тавь­сан. Тиймээс манай улс хүссэн ч, хүсээгүй ч дотоодынхоо хэ­рэгцээг хангахаас өөр замгүй болж байгаа юм. ОХУ үр тариа, гурилын экспортдоо хориг тавьснаа мэдэгдсэний дараахан манай дотоодын гурил үйлдвэрлэгчид “Зах зээлийн ханш” гэдэг үгийг ам­ны уншлага болгож үнээ чамгүй нэмээд авсан. Тэгэ­хээр энэ жил тэдэнд ОХУ-аас орж ирдэг хямд үнэтэй буудай, гурилаас болж үнээ буулгахын зовлон дахин нүүр­лэхгүй болох нь мэдээж юм. Гурил үйлдвэрлэгчид  70 га­руй тонн улаанбуудай худал­дан авах гэрээг хийгээд байгаа аж. 

Манай улсын нэг жи­лийн дотоодын хэрэгцээт гурил 240 гаруй мянган тонноор хэмжигддэг. Харин дотоодын хэрэгцээг хангахад  ойролцоогоор 420 мянган тонн улаанбуудай хэрэгтэй гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жилийн ургацаас нөөцөлсөн 28 мянган тонн буудай, 10 мянган тонн гурил байгаа билээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн нөөц, одоо хураагаад байгаа 307.5 мянган тонн буудай, үлдсэн 26 гаруй мянган га талбайгаас хураах улаанбуудайг нэмээд ирэх жил хэрэглэж, нөөцлөх улаанбуудай арайхийн бүрдэх бололтой. ХХААХҮЯ-ныхан энэ талаар “ОХУ-аас улаанбуудай, гурилын экспортдоо хориг тавьсан. Энэ нь манай улсад төдийлөн нөлөөлөхгүй байх. Ямар ч байсан хомсдол үүсэхгүй” хэмээх хариултыг өгөв

Энэ жилийн хувьд ХХААХҮЯ-наас улсын нөө­цөд 80 мянган тонн буудай авах тооцоог гаргаад бай­гаа хэмээн тус яамны мэргэ­жилтнүүд хэлсэн юм. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хараахан оруу­лаагүй байгаа бөгөөд бүрэн шийдэгдээгүй юм байна.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж