
ТББ-уудын форумаас илгээсэн илтгэлийн тухайд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг нэгтгэн дүгнэсэн илтгэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хүний эрхийн зөрчил, Байгаль орчин уул уурхай, Хүнсний эрх, Цөөнхийн эрх, Шилжин суурьшигчдын эрх, Сонгох сонгогдох эрх зэрэг хэд хэдэн бүлэг сэдвээс бүрдэж байгаа. Харин Засгийн газраас илгээсэн үндэсний илтгэлийн хувьд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх, илгээх, тайлагнах механизмаас зарим талаар гажсан гэж ТББ-уудын төлөөлөл үзэж байна. Учир нь, Монгол Улс урьд нь НҮБ-д хүний эрхийн талаарх илтгэл илгээхдээ гэрээний хороодод тайлагнах механизмын дагуу зохицуулдаг байсан бөгөөд өдгөө UPR-т илтгэл илгээх, тайлагнах механизм нь нэлээд ялгаатай болсон аж. Энэ удаа ТББ-ууд Засгийн газраас илгээсэн илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу шинжилж үзсэн байна.
Засгийн газар хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг бэлтгэхдээ UPR-ийн механизмд нийцүүлэлгүй урьд нь гэрээний хороодод илгээж байсан уламжлалт аргаараа бэлтгэжээ. НҮБ гишүүн орнууддаа хандаж “Үндэсний илтгэл боловсруулахдаа бүх талын оролцоог хангах”-ыг анхааруулсан. Гэвч үндэсний илтгэл бэлтгэх ажлын хэсэгт иргэний нийгмийн байгууллагуудаас орох хүсэлтийг Засгийн газар хүлээж аваагүй байна. Мөн үндэсний илтгэл бэлтгэх ажлын хэсгийн бүх гишүүн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар /ХЭДКГ/-аас зохион байгуулсан сургалтад хамрагдах ёстой байсан ч ердөө 3-4 гишүүн л хамрагджээ. Түүнчлэн үндэсний илтгэлийн төсөлд санал авах олон талт уулзалтыг зохион байгуулаагүй, илтгэлийн төсөл бэлэн болсноос хойш холбогдох цахим хуудсанд байршуулсан гэх боловч энэ талаар ТББ-уудад мэдэгдээгүй зэрэг дутагдал байгаа аж. Хэдийгээр энэ нь ноцтой асуудал биш юм шиг боловч ТББ-уудад үндэсний илтгэлд саналаа тусгах олгоогүй нь том алдаа болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан ч энэ үеэр үндэсний илтгэлийг хэрхэн бэлтгэх, төсөлд санал хэрхэн авах зэрэг төлөвлөгөөгөө ажлын хэсгийнхэн танилцуулаагүй юм байна. Үндсэндээ ТББ-ууд чухам аль шатанд саналаа өгөх нь тодорхойгүй байсаар нэг л мэдэхэд үндэсний илтгэл бэлэн болоод НҮБ-д оччихсон гэсэн үг. Болсон процесс ийм байхад Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн дээрх сургалтуудаар ТББ-уудад боломж олгосон мэтээр тайлбарлаж байгаа аж. Засгийн газраас илгээсэн илтгэлд бодит байдалтай нийцэхгүй зүйл олон бий. Энэ зөрүү төрийн механизм, үндэсний эрх зүйн орчны сэдвээр үргэлжилнэ. Засгийн газар Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ бол үндэсний хүний эрхийн гол механизм хэмээн тодорхойлоод нэгдэн орсон гэрээ конвенцуудаа жагсаасан байна. Мөн төрийн байгууллага, холбогдох яам, агентлагууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хангалттай ажиллаж байгаа хэмээн дүгнэжээ. Харин ТББ-ууд үүнд “Хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай олон чухал хууль үгүйлэгдэж байгаа. Мөн байгаа зарим хууль нь хамгаалах бус, бүр сөрөг нөлөө үзүүлдэг, зарим нь хэрэгжихгүй байна” гэсэн тайлбар өгч байна. Түүнчлэн, бодит байдал дээр ХЭҮК-ын хүний эрхийг хамгаалах чадавхи сул, Үндсэн хуулийн Цэц нь хувь хүний эрхийг хамгаалах харьяалалгүй, Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянах эрхгүй гэх мэт жишээ олон байна. Энэ бол яаж ч болохгүй үнэн. ХҮЭК-ын дарга, гишүүдийн томилгоог хийхдээ хүний эрхийн салбарт мэргэшсэн байдлыг гол болгохоос илүүтэй улс төрийн томилгоо хийдгийг бид бүгд мэднэ. Тиймээс ХЭҮК-ын тухай хуулийг улс төрөөс ангид болгох буюу Парисын зарчимд нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэдгийг ТББ-ын төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн байна.
Энэ мэтээр дурьдаад байвал дуусахгүй олон алдаа дутагдал байх аж. Жишээ нь, бидний сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулсан гэдэг ч сонгуулийн тэгш эрхийн зарчим байнга үгүйлэгддэг. Жижиг нам, эмэгтэй нэр дэвшигч, бие даагчдад тэгш боломж байдаггүй. Гадаадад байгаа сонгогчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шилжин суурьшигчдын сонгох эрх байнга зөрчигддөг. Мөн сонгуулийг зохион байгуулах эрх бүхий байгууллага нь аль нэг намд үйлчилдэг зэрэг будлиан бишгүй бий. Гэтэл Засгийн газар үндэсний илтгэлд энэ чиглэлийн асуудлыг тусгахдаа “Сонгуулийн ерөнхий хороо бие даасан, хараат бус байдлаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн, сонгуулийн үйл ажиллагааны журмыг нарийн зохицуулсан” хэмээсэн байна. Ерөнхийдөө Засгийн газар төрөөс баталсан хууль тогтоомжуудаа хангалттай дурдаж, амьдрал дээр ямар асуудал үүсдгийг үндсэндээ орхигдуулсан гэж хэлж болохоор байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зөвхөн Засгийн газраас илгээсэн илтгэлийг хэлэлцэн дүгнэх юм бол Монгол Улсад шууд л “А” үнэлгээ өгнө. Харин энэ удаагийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь Засгийн газар, ТББ-ын аль алиных нь илтгэлийг харьцуулж үзэх болсноороо онцлогтой. ТББ-уудаас НҮБ-д илгээсэн илтгэл нэлээд чамбай, нарийн задаргаатай болсон байна билээ. Тиймээс ирэх сарын 2-нд болох олон улсын “шалгалт”-ын үеэр Монгол Улс хүний эрхийн “хичээл”-дээ ямар ч дүн авч болзошгүй.
Ч.ДАШДЭЛЭГЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин