Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн ч иргэд түгшүүртэй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн ч иргэд түгшүүртэй байна

Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа. Нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр ч байгуулахаар болоод байна. Гэхдээ өнөөг хүртэл манай улс шатахуун, түлшний зах зээл дээр ОХУ-аас хамааралтай байдаг. Тэд сар бүр үнийн саналаа ирүүлж харьяа яамыг арга хэмжээ авахад хүргэж байгаа билээ. Уржигдар Засгийн газар хуралдаж, газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай хэлэлцэн шийд гаргасан. Шийдвэртээ импортоор орж ирж байгаа А-80 автобензинд 150 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 210 мянган төгрөг, АИ-92 автобензинд 170 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 200 мянган төгрөг болгон нэмсэн юм. Мөн дизель түлшинд 215 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 135 000 төгрөг болгон бууруулсан юм. Ийм арга хэмжээ авах нь үнийг тогтвортой байлгах, гэнэтийн өсөлтөөс зах зээлээ хамгаалж буй ганц зохицуулалт аж. Ямар ч байсан ойрын хэдэн сард А-80 болон АИ-92 бензиний үнийн талаар бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй юм. Учир нь өмнөх саруудтай харьцуулбал “Роснефть” бидэнд бага үнэ санал болгож байгаа. Харин дизель түлшний үнээ нэмж байгаа болохоор Засгийн газраас татварыг нь бууруулах арга хэмжээ авсан. Тиимээс ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газраас энэ талаар лавлахад “Нефть импортлогчидтой харилцан тохиролцсоны үндсэн дээр хэдий хэр татвар ноогдуулах талаар санал солилцсон. Ямар ч байсан үнэ нэмэхгүй. Тийм яриа ч байх ёсгүй” гэсэн хариуг өгсөн юм. Мөн “Нефть, хий” ассоциацийн ерөнхийлөгч Л.Норовренчин “Нефть импортлогчид болон Газрын тосны газарт үнийн санал ирсний дараа тэд салбар яамандаа ханддаг. Тиймээс импортын шатахууны үнэ бүрдэлтэд импортлогчид  өөрсдөө оролцож байгаа болохоор үнээ нэмэхгүй байх” хэмээн ярьж байна. Харин нефть импортлогч томоохон компаниудын нэг болох “Петровис” компанийн хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдож энэ талаар асуух гэсэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ямар ч байсан мэргэжилтнүүдийн яриагаар түлшний үнэ нэмэгдэхгүй нь. Тиймээс “Тэспетролиумм”, “Петровис” зэрэг шатахуун түгээх станцад очиж түгээгүүрийн ажилчид болон иргэдтэй уулзсан юм.

“Петровис” ШТС-ын үйлчилгээний ажилтан:   
-“Үнэ нэмэгдэхээр болсон. Маргаашнаас нэмнэ” гэж бидэнд хэлдэггүй. Дээрээс ирүүлсэн үнийг л тавьдаг. Өнгөрсөн зургадугаар сард үнэ нэмэгдэхэд бидэнд тэр өдөртөө л хэлсэн. Одоо ч үнийг нэмнэ, бууруулна гэсэн мэдээлэл алга. 

Иргэн Ч.Одбаяр:
-Түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд бидэнд шууд мэдрэгддэг. Дагаад юмны үнэ өсчихдөг л юм гэсэн. Нэг өглөө сэрэхэд бүх колонк үнээ нэмчихсэн байдаг шүү дээ. Хоорондоо хуйвалдаад тэгдэг юм уу, мэдэхгүй. Зуу байтугай 50, 60 төгрөгөөр ч битгий нэмэгдчихээсэй л гэж хүсч байна.

Иргэн Л.Амармэнд:
-Өнгөрсөн зургадугаар сард өсгөхгүй гэж ярьж байсан. Гэтэл нефть импортлогчид 100-200 төгрөгөөр нэмчихсэн байсан. Ялангуяа бидэн шиг тээврийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүст энэ хүнд л тусдаг. Мах ямар үнэтэй байгаа билээ. Түлшний үнэ нэмэгдвэл дагаад өсдөг биз дээ.

Иргэд ийм байр суурьтай байна. Ямар ч байсан Засгийн газар хил дээрх   нефтийн бүтээгдэхүүний үнийг татвараараа хазаарлаж байна. Иргэддээ ийнхүү үнийн огцом өөрчлөлтийг мэдрүүлэхгүйг оролдож байгаа нь зөв. Гэхдээ иргэдэд 100, 200 төгрөгийн өөрчлөлт ч хүндээр тусч байгаа. Тиймээс импортлогчидтой тохиролцон үнэ нэмэхгүй л гэсэн бол хэлсэндээ хүрэх нь чухал байна. Өнөөдрийн байдлаар ШТС-иудад  А-80 1160, АИ-92 1350, Дизель түлш 1280 байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж