
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагууд өчигдөр сар бүр зохион байгуулдаг “4:11” хэвлэлийн бага хурлаа хийв. Зуны гурван сар завсарлаж, нам тойрсон улс төрийн маргаанд тодорхой хариулт өгөхөөс түдгэлзэж байсан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тэрбээр улс төрийн намуудын зөрчил, дотоод маргаантай холбоотой асуудал намд бус, харин Улс төрийн намуудын тухай хуульд байгаа юм” гэж оношлоод байгаа аж. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн нам ямар ч тохиолдолд Улс төрийн намуудын тухай хуульд захирагдаж, зүйл, заалтынх нь хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тэр хууль нь социализмын үеийн улс төрийн намын агуулгаас нэг их хол зөрүүтэй биш бололтой. “Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах ёстой” гэсэн гишүүдийнх нь байр суурийн талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Д.Эрдэнэбат “Манайх судалгаа хийж байгаа. Нэг хүн Засгийн газраас гарах ёстой, Засгийн газарт орох хэрэгтэй гэсний зоргоор шийднэ гэж байхгүй. Өнөөдөр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг эхлээд тооцох ёстой. Тооцож үзээгүй байж юу ярих гээд байгаа юм бэ. Манай нам “Алтангадас”, Ардчилсан хүчний холбоо гэсэн хоёр фракцид хуваагдаад хоёр талд суучихсан юм биш. Энэ “өвчин” зөвхөн манай намд халдварлаагүй. Яагаад бусад намд байгаад байна гэдгийг ч олох ёстой. Ерөөсөө Улс төрийн намуудын тухай хууль нь хуучин суурин дээр хийгдсэн учраас болохгүй байгаа юм. Улс төрийн намын дүрэм энэ хуульд захирагддаг. Тэгэхээр цаад уг үндсийг олж байж ярих хэрэгтэй” гэсэн хариултыг өгч байна билээ. Эндээс харахад Ардчилсан нам дотроо хэд хуваагдаж, гишүүд нь хэрхэн зөрчилдөж байсан ч энэ нь Улс төрийн намуудын тухай хуулийн буруу байж мэдэх нь. Дээр нь бүх нам “өвчтэй” байгаа. Шалтгаан нь бас л мөнөөх хууль.
Ардчилсан намын дарга хүсэхгүйдээ Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг зарлахгүй байгаа гэдэг намынхаа гишүүдийн хардлагад “Ардчилсан нам орон нутагт гишүүдийнхээ үгийг сонсохын тулд бүсийн уулзалт зохион байгуулж байгаа. Энэ сард Сүхбаатар аймагт зүүн бүсийн уулзалт зохион байгуулна. Үүний дараа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа зарлана. Энэ хурлаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хамтарч байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэнэ” гэсэн хариулт өгөв. Харин намын даргаа өөрчлөх, эсэх тухайд “Намын даргын асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар бус сонгуулийн үр дүнгээс хамаарч ярьдаг. Иймд энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хаана” гэнэ билээ.
Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг аваад удаагүй байгаа Ш.Түвдэндорж дарга намдаа огцом шинэчлэл хийж, өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн буруу бодлогыг засч, засварлах төлөвлөгөө боловсруулсан тухайгаа дуулгаад авсан. Түүний хувьд нийслэлийн Ардчилсан намын экс даргын хэрэгжүүлж байсан бодлогыг учир дутагдалтай хэмээн шууд утгаар нь дүгнэчихэж. Улмаар “Одоо цоо шинэ бодлого тодорхойлж ажиллана. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийслэлийг нам яаж авч явав. Үүнийг өөрчилнө. Одоо сайн сайхан амьдралын төлөө ажиллана. Зам засвар, орчны бохирдол, хогийн асуудал, төрийн байгууллагын үйлчилгээ, иргэдийн аюулгүй байдал зэргээр нийслэлийн Ардчилсан намаас төлөвлөгөө боловсруулж ажиллана” гэдгээ дуулгасан юм.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин