Сэтгүүлчид Канадын Элчин сайдтай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Канадын Элчин сайдтай уулзана

Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Грег Голдхок өнөөдөр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзана. Ноён элчин сайд Грег Голдхок “Канад Монголын өсөн хөгжиж буй худалдаа эдийн засгийн харилцаа” сэдвээр лекц уншиж сэтгүүлчдийн асуултад хариулна. Тэрбээр энэ оны наймдугаар сард манай улсад томилогдон ирсэн бөгөөд саяхан Ерөнхий сайд С.Батболдын Канад улсад хийх албан ёсны анхны айлчлалд дагалдан явсан юм. Энэ удаагийн айлчлалынхаа явцад Ерөнхий сайд С.Батболд Канадын Ерөнхий сайд Стевен Харпертай уулзаж худалдаа, батлан хамгаалах салбарын болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан байна. Канад улс бол одоогоор Монголын эдийн засагт хоёр дахь том хөрөнгө оруулагч болоод байна. Энэ хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт оногдож байгаа юм. Тэгэхээр Канадын элчин сайдаас асууж тодруулах зүйл их байх нь мэдээж. Түүнчлэн манай хоёр оронд ижил төстэй зүйл олон бий. Тухайлбал хүйтэн цаг уур, өргөн уудам нутаг дэвсгэр, цөөн хүн ам, хүчирхэг хөршүүд, байгалийн арвин их баялаг, гадагшаа чиглэсэн бодлого гэх мэт. Энэ бүхнийг харгалзан үзээд Канад улсыг Монголчууд   хөгжлийнхөө загвар гэж үзэж байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлсэн байдаг. Өнөөдөр болох уулзалтын үеэр сэтгүүлчид энэ бүхнийг хөндөн ярилцах боломж олдох нь бололтой.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж