“Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

“Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр хэрэгжиж байна

Төв аймгийн Зуунмод хотод “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцов.

“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Засгийн газар анхнаас нь дэмжиж байсны дүнд аймаг, сумд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ алдаршиж байгаагийн дотор Төв аймаг багтаж, багагүй амжилт олж байна. Үүнийгээ цаашид бататгаж, орон нутгийнхаа давуу тал, боломжийг ашиглан монгол түмний бахархал болохуйц чанар сайтай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орныхоо төдийгүй олон улсын зах зээлд гаргахыг Ерөнхий сайд С.Батболд Төв аймагчуудад хандаж хүсэн ерөөв.

Төв аймаг 27 сумтай. Сум бүр аж үйлдвэр, хүнс, газар тариалан, мал аж ахуйн брэнд бүтээгдэхүүнээ “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд толилуулж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн төр, захиргааны байгууллага сумдаа эдийн засгийн 4 бүс болгон ажлын байр, татварын орлогоо нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, газар тариаланг сэргээх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосны дагуу Төв аймаг 2010 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд тэрбум гаруй төгрөгийн зээл олгож, холбогдох арга хэмжээ авсаны дүнд Төв аймагт  177 жижиг, дунд үйлдвэр ажиллаж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна.

Ерөнхий сайд С.Батболд Төв аймагт хэрэгжиж байгаа “Нэг сум-Нэг суурин” хөтөлбөрийн үр дүнг үнэлж цаашид бусад аймаг сумдтай хамтарч томоохон үзэсгэлэн худалдаанд оролцох, улмаар түүхий эдээ 100 хувь ашиглаж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо төдийгүй гадаад зах зээлд борлуулах боломж их байгаа, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахын чухлыг бизнес эрхлэгчдэд болон  аймгийн төр, захиргааны удирдлагад хандаж онцлон хэллээ.

Ингэхдээ орон нутгийн нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц боломж байна. Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж байгаа эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгаад аймгийн удирдлагууд анхаарахыг сануулав. 

“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөн 1970-аад оны сүүлээр Япон Улсын Ойта мужид үүсч одоо дэлхийн 30 орчим оронд амжилттай хэрэгжиж байна. Манай улсын хувьд 2002 онд энэ хөдөлгөөнийг Баянхонгор аймагт туршиж 2005 онд “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм


Хамтарсан Засгийн газарт өндөр үнэлгээ өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод хотноо болсон “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцсаны дараа аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзав.

Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа. Ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх,  Их бүтээн байгуулалт, “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн хэрэгжилт, цалин, тэтгэврийн нэмэлт, Атрын III аян, боловсролын салбарын шинэчлэл, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, цөлжилтийг сааруулах зэрэг чиглэлээр олон ажил хийж, цаашид ч хийхээр зорьж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Төв аймаг энэ онд улсын хэмжээний үр тарианы дөрөвний нэг, төмсний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэж гурилаас бусад хэрэгцээгээ өөрсдөө хангаж байгааг тэрээр сайшаалаа. Гэхдээ мах, сүү, хонины ноос гэхэд л 0.3-30 хувийг нь л үйлдвэрийн аргаар боловсруулж үлдсэнийг нь түүхийгээр зах зээлд нийлүүлсэн хэвээр байгааг анхааруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, нөөц бололцоогоо сайтар ашиглахыг сануулав.

Мөн нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах үүргээ биелүүлэх, аймгийг 2010-2016 онд үйлдвэржүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Төр, засгийн бодлого, шийдвэрийг амьдралд бодитой хэрэгжүүлэх нь иргэн бүрийн хүчин чармайлтаас бүрэн хамаарна. Иймд өрх, иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь туйлын чухал гэж Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. 

Хамтарсан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ялангуяа эдийн засаг, нийгмийн чиглэлээр авч байгаа бодит ажил үр дүнгээ өгч байгааг уулзалтад ирсэн иргэд илэрхийлж байлаа. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг Монгол хүнийхээ төлөө, сульдсан эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж сайн ажиллаж байгааг иргэд онцолж улам сайн ажиллана гэсэн хүлээлт өндөр байгааг ч хэлж байлаа. 

Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч нутгийнхаа дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг чиглэлээр олон ажил хийж байгааг иргэд үнэлж байдгаа уулзалтын үеэр илэрхийлж байв.

Тэд аймгийн төвийн ашиглалтгүй байгаа дулааны станцыг ажилуулж эхлэх, гар аргаар алт олборлогчдыг цэгцлэх, газар тариалангийн салбарын техник, технологийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх,  хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжилтэй болгож байх, хариуцлага, сахилга батыг сайжруулах, Улаанбаатар-Төв аймгийг холбосон замын чанарыг сайжруулах, Төв аймаг-Налайхын замыг хатуу хучилттай болгох талаар асууж хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж