Хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өчигдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн клиникийн тасагт  ажиллаж буй Японы “Heart Savind Project” төслийн багынхантай уулзлаа. Тэд өнөөдөр Шастиний нэрэмжит III эмнэлэгт зүрхний гажиг,  согог засах мэс ажилбар хийх тул хагалгааны бэлтгэл ажлыг сонирхсон байна. Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлхийн болон олдмол зүрхний цоорхойтой, мөн судасны нарийсалтай хүүхдийн тоо нилээдгүй төрөх болсон гэнэ.

2001 оноос ЭНЭШТ-ийн хүүхдийн зүрх судасны тасгийн эмч нар, мөн нэгдсэн III эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч нар Японы “Heart Savind Project” төслийн байгууллагатай хамтран одоогоор 240 гаруй зүрхний асуудалтай хүүхдүүдэд хагалгаа хийсэн байна. Энэ удаад 40 гаруй хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөсөн бөгөөд зайлшгүй хагалгаа хийж зүрхний цоорхой нөхөх, зүрхний судас тэлэх гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал хийхээр Японоос нарийн мэргэжлийн эмч профессорууд манай улсад дахин иржээ. Эхний ээлжид зайлшгүй мэс засал хийх шаардлагатай таван хүүхдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хагалгаа хийх аж. Харин маргааш Шастиний нэрэмжит III эмнэлэгт зүрхний гажиг,  согог засах мэс ажилбар хийх юм.

Алслагдсан баруун аймгуудад мэдээллийн хүртээмж муу байдгаас иргэд нь эрүүл мэндий төсөл хөтөлбөрт тэр бүр хамрагдаж чаддагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Сандаг” сан, Японы “Heart Savind Project” төслийн байгууллагатай хамтран ажиллаж, хүүхдүүдийн эрүүл мэндэд ийн анхаарал тавин ажиллаж байгаа юм. Төслийн эмч нар баруун аймгуудын зүрхний согогтой хүүхдүүдийг орон нутаг нь үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулж хагалгаа хийлгэх товийг гаргасан байна. Энэхүү  мэс засал дор хаяж 40 мянган ам.долларын өртөгтэй, харин “Сандаг” сангийн тусламжтайгаар үнэ төлбөргүй энэ мэс заслыг хийх гэнэ. Сонирхолтой нь энэ хагалгааны дараа ямар нэгэн том шарх сорви үлдэхгүй. Учир нь япон эмч нар дэлхий нийтээр хэрэглэж буй сүүлийн үеийн арга технологиор уг мэс заслыг хийх юм. Өөрөөр хэлбэл, зүсэлт хийгдэхгүй, зөвхөн зүрхэнд хүрдэг бүдүүн судсаар дамжуулан, маш нарийн аргаар хийгддэг, өвчтөндөө хүндрэл, зовиур учруулдаггүй хагалгаа юм байна.

Дашрамд дуулгахад, зүрхний согог, гажигийг оношилдог  ангиографийн төхөөрөмжийг баруун бүст тавих боломжтой гэдгийг “Сандаг” сан болон төслийнхөн ярилцаж байна. Мөн энэхүү өртөг өндөртэй мэс заслыг орон нутагт хийх боломжийг бүрдүүлэх тал дээр тус сангийнхан ажиллаж байгаа гэнэ. Мэдээж ийм төв Ховд аймагт нээгдвэл зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд хүртэл том тус болох юм. Зүрхний өвчнөөр шаналж буй олон мянган хүн зардал мөнгөнөөс эхлүүлээд ямар нэгэн чирэгдэлгүй эрүүл саруул болох боломж нээгдэх учиртай. Ингэхийн тулд мэргэжлийн эмч мэргэжилтэн хэрэгтэй. Ийм хүмүүсийг ч бэлтгэж, дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн тавдугаар сард “Сандаг” сангийн шугамаар япон эмч нар манай улсад ирж, Ховд аймагт ажиллах хугацаандаа зүрхний өвчтэй 0-18 насны 150 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байсан билээ.  

Тус сангаас өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Project C.U.R.E төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж,  Монгол улсын аймаг, сумдын эмнэлэгүүдэд нэн хэрэгцээтэй байгаа эмнэлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй хандивлан нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ ажлынхаа эхлэлийг Ховд аймгаас эхэлж байна. Ховд аймгийн бүх сум болон Баруун Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд хүргэгдэхээр  гурван тэрбум орчим төгрөгийн өртөгтэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эхний хэсэг энэ сарын сүүлээр Монголд ирэх юм. Улсын төсвөөс гурван тэр бум төгрөг хэмнэж буй энэхүү үйл ажиллагаа зөвхөн энэ хүрээд өндөрлөхгүй, цаашид ч үргэлжлүүлэн, алслагдсан нутгийн хүн ардынхаа эрүүл саруул амьдралын төлөө Сандаг сан ажиллах аж. Улсын төсвийн хүрэлцээ муу, хангалт удаашралтай байдгаас хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд шаардлагатай багаж хэрэгсэл нь байнга дутагдаж байдаг. Энэ асуудлыг шийдэх замаар эмнэлэгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хөдөөгийн алслагдсан иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах тал дээр энэ ажил үр дүнгээ өгөх юм.   

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж