
Жил бүрийн аравдугаар 8-нд Хорватын тусгаар тогтнолын баярыг (Independence Day in Croatia) тэмдэглэдэг. Хорватад 1991 оны тавдугаар сарын 19-нд бүх нийтийн санал асуулга явагдаж, Хорват улсын тусгаар тогтнолын төлөө сонгогчдын 93,94 хувь нь саналаа өгчээ. Тус орны Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга нь заавал биелүүлэх шийдвэр болдог учраас Хорватын парламент 1991 оны зургадугаар сарын 25-ны өдөр Хорват улсын тусгаар тогтнол ба бие даасан байдлыг тунхагласан тухай тунхаг ба Хорват улсын тусгаар тогтнол ба бие даасан байдлын тухай Үндсэн хуулийн тогтоол гэсэн хоёр чухал шийдвэрийг гаргажээ. Зургадугаар сарын 25-нд Хорват улс байгуулсан ойгоо тэмдэглэнэ. Гэвч Европын хамтын нийгэмлэгийн зуучлалаар эдгээр шийдвэрт гурван сарын хориг тавьсан байлаа. Хорват Сербийн дайн ба Загребын ерөнхийлөгчийн ордонг пуужингаар буудсан зэргийн дараа хоригийн хугацаа дууссаны дараа 1991 оны аравдугаар сарын 8-нд Хорватын парламент нууц хуралдаанаараа хуучин Югославын бүтцийн хүрээнд үндэслэгдсэн төр ба хуулийн бүх холбоогоо тасалсан шийдвэрийг гаргасан байна. Тэр өдрөөс хойш Хорват энэ баяраа тэмдэглэж иржээ.
Өндөгний дэлхийн өдөр
Дэлхийн олон оронд аравдугаар сарын хоёр дахь баасан гаригт Өндөгний дэлхийн өдөр (World Egg Day) гэх өндгөнд дуртай хүн бүрт зориулсан баярыг тэмдэглэнэ. Өндөг бол хамгийн их алдартай хүнс бөгөөд бараг бүх улс орны хоолны цэсэнд ордог. Түүнийг янз бүрийн аргаар хэрэглэж болох бөгөөд 1996 онд Олон улсын өндөгний комисс (International Egg Commission) Вена хотноо хуралдахдаа жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь баасан гаригт өндөгний баярыг хийхэд тохиромжтой гэж үзжээ. Өндөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ санааг дэмжин уг баярыг дуртайяа тэмдэглэх болсон байна. Сүүлийн үед өндөгний талаар олон муу зүйлийг ярьж байгаа ч түүнд мөн л олон ашигтай бодис байдаг. Яриа гарч байгаа ч өндөг холестерины төвшинг нэмэгдүүлдэггүй нь тогтоогдоод байна.
Япон улс өндөгний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд хүн бүр нь өдөртөө нэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг гэнэ. Америкчууд энэ үнэт хүнсэнд хүндэтгэлээ үзүүлэн жил бүр асар том шарсан өндөгний өдрийг зохиодог ажээ.
Өдрийн ишлэл
“Охин тэнгэр, бурхадтайгаа гэрлэн баатруудыг төрүүлээд малчдад сэтгэлээ өгдөг” (Марина Цветаева, шинэ тооллоор1892 оны аравдугаар сарын 8-нд Москва хотноо төржээ)
Марина Цветаева. Прага, 1924 он
“Хүн надад хайртайг мэдэх бүртээ гайхна. Хайрлахгүй бүрд нь бас гайхна. Хүн намайг үл тоомсорлох бүрд нь улам ч ихээр гайхна”
“Далавч нисэхэд нээгдээд эрх чөлөө, нуруунд хумигдахдаа ачаа ажгуу”
“Бие галбир нь залууд гоёл, хөгширсөн хойно гарахаар зүтгэсэн авс!”
“Эцэг эх нь үйлдсэнээр биш бурхны сэтгэснээр хүнийг хайрлаж, харах минь”
“Ном бүр амьдралаас хулгайлагч. Хэдий чинээ их уншина, төдий чинээ бага чадаж, өөрөө амьдрах хүсэл нь унадаг болой”
“Онгод орох нь бичиж буйд нь байдгаас гадна уншигч нарт бий”
“Уйваагүй хүн яруу найрагч байж чадахгүй”
“Би, негр бүрийн Пушкинд нь дурлаж, негр бүрээс Пушкиныг олж харах ажгуу”
Үйл явдал
Жонон Жон Английн хаан ширээг авав
1191 он: Жон жорон (хожим Газар нутаггүй Иоанн) өөрийн ах Арслангийн зүрхтэн Ричардыг эзгүй хойгуур Английн хаан ширээг булаан эзлэв. Түүний хаанчлалыг Английн түүхэнд хамгийн муу гэдэг.
Газар нутаггүй Иоанн нь Плантагенет удмын Аквитанийн герцог бөгөөд II Генрих ба Аквитанийн Элеонора хоёрын тав дахь хүүхэд бөгөөд хаанчлал нь Нормандыг Францын хаан II Филипп Августын байлдан эзлэлтээр эхэлж, түүнийг хаан ширээнээс зайлуулсан иргэний дайнаар дуусчээ. Тэр ялагдлынхаа төлөө “Зөөлөн илд” гэсэн бас нэг хоч авсан байв. Тэрээр 1213 онд Английн Ромын хамбын дагуул орноор зарлаад байтал 1215 онд боссон баронууд Жоноор Эрх чөлөөний их хартид гарын үсэг зуруулж байв. Үүний төлөө л түүний нэр алдаршсан юм. Муу хаан байсан гээд Английн хаад залгамжлагч нараа Жон гэсэн нэрээр нэрлэдэггүй байжээ.
Толстой Нобелийн шагналаас татгалзав
1906 он: Оросын агуу зохиолч Лев Толстой энэ өдөр Оросын Шинжлэх ухааны академи түүнийг Нобелийн уран зохиолын шагналд нэрийг нь дэвшүүлж байгааг мэдээд түүнээс татгалзжээ. Тэр Финийн зохиолч, орчуулагч Арвид Ярнефельдад захидал бичэн “шагнал олгуулахгүй байхыг” хүсээд хэрэв “шагнал олгохоор болбол надад татгалзахад хүнд байх болно” гэсэн байлаа.