Ч.Хашчулуун: Өндөр инфляци давтагдаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Ч.Хашчулуун: Өндөр инфляци давтагдаж болзошгүй

Эдийн засагч судлаачид УИХ-д өргөн бариад байгаа ирэх жилийн төсвийн төсөлд анхаарлаа хандуулж байна. Зарим эдийн засагч төсөв дэндүү үрэлгэн, зардал нь орлогоосоо даван данхайх болсныг шүүмжилж байна. Орлогынхоо 70 хувийг зарж, 30 хувийг нь хуримтлуулах учиртай хэмээн тэд анхааруулж байгаа. Яг ийм эгзэгтэй үед бид Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаас төсвийн зардлыг хумих боломж болон эрдэс баялгийн хувь хишгийг хэрхэн түгээвэл зохимжтой талаар ярилцлаа.

-Ирэх жилийн төсвийн хэмжээ өмнөхөөс нэмэгдэж, зарлага нь ДНБ-ий багагүй хувийг эзэлж байгаа нь үнэн. Зардал өсч бай­­гаа нь цалин хөлс, Хүний хөгж­­лийн сангийн мөнгө, он дамж­сан хөрөнгө оруулалт зэрэг нэмэгдэж байгаатай хол­­боо­той. Яг одоогийн байд­­лаар төсвийн зардлыг бууруулахад бэрхшээлтэй л дээ. Учир нь эдийн засаг өөрөө эрчимтэй  өсөлтийн шатандаа орчихоод байна. Ийм шатанд хөрөнгө оруулалт хийж буй гол салбарууд нь дэд бүтцийн салбар, тэр дундаа барилга, зам, эрчим хүч байдаг. Эдгээрт хөрөнгө оруулна гэдэг эдийн засгийн өсөлтийн эрүүл орчныг бий болгож байна гэсэн үг. Цаашид эдийн засаг нь өсөөд, хүмүүсийн гар дээр мөнгө бий болоод ирэхэд дэд бүтэц нь хөгжөөгүй тохиолдолд 2007 онд манай улсад үүссэн өндөр инфляцийн үе давтагдах магадлалтай. Тиймээс аль болох дэд бүтэц, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Цаашид уул уурхайн салбараас орж ирэх ор­ло­гыг Тогтворжуулалтын сан, Хүний хөгжлийн сан руу татаж, зарлагыг бууруулах хууль эрхзүйн орчин бүрэлдэж эхэлсэн. Тэгэхээр 2013 оноос хойш ийм явдал багасах байх.

-Бүх хүн амдаа эрдэс баялгийнхаа хувь хишгийг хүртээж эхэлсэн. Үүнийг улс төрийн амлалтаас үүдэл­тэй гээд байгаа ч хойшдоо баялгийн хувь хишгийг ард олон хүртэх ёстой гэсэн ойл­голт хүмүүсийн оюун ухаанд суучихлаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Хүний хөгжлийн сангийн асуу­дал бол их сонирхолтой асуудал л даа.

-Сонирхолтой юу, эсвэл ээдрээтэй юү?

-Ер нь бол их нарийн асуудал. Нэг талаас бэлэн мөнгө өгөх нь үнийн өсөлтөд нөлөөлөх, хүмүүсийн бэлэнчлэх байдлыг өөгшүүлдэг. Гэвч нөгөө талаас эрдэс баялгийн салбарын орлогыг нийтээрээ хүртдэггүй бол ямар байх вэ гэдгийг бас бодолцох учиртай. Үндсэн хуульд зааснаар бол Монгол Улсын иргэн бүр газар доорх баял­гийн өмчлөгч мөн. Хоёр­дугаарт, уул уурхайн салбар хөгжи­хийн хэрээр монгол хүн бүр хөгжих л ёстой. Монгол­чуу­дын амьдрах орчин, боловсрол, эрүүл мэнд сайжрахгүй юм бол баялгаа ашиглахын хэрэг гарахгүй биз дээ. Зарим нэг оронд нь уул уурхайн орлогыг эрх­ мэдэлтнүүд, тэр дундаа ерөнхийлөгч нь ганцаар эзэм­шээд  орд харш, бүхэл бүтэн хот барьчихаад сууж байна шүү дээ. Ард түмэндээ ногдсон зүйл огт байхгүй байна. Африкийн орнуудад эрдсээ булаацалдаад иргэний дайн хүртэл дэгдэж бай­на. Үүний  дэргэд манай ул­сын барьж буй концевци нь бол их зөв гэж санагддаг. Уул уурхайн орлогыг хувь хүн бүрт хүргэхээр хууль гарсан нь давуу талтай. Цаашид бэлэн мөнгөний хэмжээ их байх уу, бага байх уу гэдгийг тухайн жилийнхээ нөөц бололцооноос шалтгаалж тогтоох нь мэдээж. Ер нь бол боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгалд зэрэгт хөрөнгө оруулах нь маш зөв шийдэл. Энэ шийдлээ цаашид ч хадгалан сөрөг талуудыг нь тууш­тай арилгах ёстой. Уул уур­хайн баялаг гэдэг өнөө мар­гааш­даа ашиглаад дуусчих зүйл биш. Багаар бодоход 50-60 жилийн турш баялгаа ашиглана. Тэгэхээр бид эхний жаранд уул уурхайгаа түшиглэн яаж улс орноо хөгжүүлэх гэдгийг, нэгэн жарны дараа уул уурхайгүйгээр улс орноо яаж авч явах вэ гэд­гийг зэрэг бодох ёстой. Баялгаа ашиглаж байгаа үедээ хүмүүсээ хөгжүүлж, дараа нь бэлтгэсэн оюуны чадавхаараа хөгжих талаар л бодох  ёстой юм.

-ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ байнга өсч байгаа. Цаашдаа ч эрчимтэй өснө гэ­сэн. Гэтэл энэ эдийн засгийн өсөлт амьдрал дээр хүмүүст мэдрэгдэхгүй байна л даа?

-ДНБ-ий өсөлт гэдэг тухайн улсад үйлдвэрлэж буй нийт бараа таваарын дүнг хэлж бай­гаа. Тэгэхээр хувь хүн өөрөө үйлд­вэрлэлээ нэмэгдүүлээгүй бол  ногдох хувь хэмжээ байх­гүй гэсэн үг. Гэхдээ ДНБ-ий өсөлт нь цаад утгаараа тухайн иргэний борлуулж байгаа бараа таваар, орлогыг нэмэгдүүлдэг онцлогтой. Нэг жишээ авъя л даа. ДНБ  буюу үйлдвэрлэж буй бараа таваарын хэмжээ өсөхөөр  тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ их хэмжээгээр нэмэгдэж байна. Тээвэрлэлт жилийн дотор 24 ху­виар өссөн дүн гарсан нь тээвэр эрхлэгчдэд орлогоо нэмэгдүүлэх боломж олдож байна гэсэн үг.

-Тэгэхээр эдийн засгийн өсөлт нь бүх салбарт эерэгээр нөлөөл­дөг гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ салбар бүрт эерэг тусгал нь адилгүй байдаг. Банк, санхүү, тээвэр, худалдааны сал­­барт ихээхэн эерэг нөлөө үзүүл­дэг. Бусад салбарт бол айхтар нөлөө байхгүй. Тиймээс уул уурхайгаас олж буй орлогоо хүн бүрт адил тэнцүү нөлөөлөхөөр байлгая гэвэл уул уурхайн сал­ба­рыг дагалдан хөгждөг дээр нэр дурдсан салбаруудыг зөнд нь орхиод бусад салбарт илүү анхаарах ёстой юм.

-Бусад салбар гэдэг…?

-Манай улсын хувьд эрчимжсэн хөдөө аж ахуйг нэрлэж болж байна. Мөн хөнгөн аж үйлдвэр, дэд бүтцийн салбар ч орно. Тэгэ­хээр эдгээр салбарыг уул уурхайгаас олсон орлогоороо хөг­жүүлж чадвал илүү хожо гарах магадлалтай. Тэр хэрээр ор­лого ч нэмэгдэнэ.  

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж