Жорж Чайлмерсийг хурандаа оргуулсан бололтой

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Жорж Чайлмерсийг хурандаа оргуулсан бололтой

АНУ-ын иргэн Жорж Чайлмерсийг  Улсын мөрдөн байцаах газраас Монголбанкныхан залилсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар  бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сард шүүхээр болсон ч тэрбээр шүүх ажиллагаанаас оргон зайлсан юм. Харин түүнийг томоохон албан тушаалтан оргуулжээ. Түүнийг шүүх ажиллагаанаас оргон зайлсанд  Буянт-Ухаа дахь боомтын хилийн шалганы 0218 дугаар ангийн захирагч хурандаа Г.Ганбатыг  холбогдуулан  Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Албан бус мэдээллээр уг хэрэгт 0218 дугаар ангийн хэд хэдэн албан хаагчийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.

АНУ-ын иргэн Жорж Чайлмерс нь Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбаттай 2006 оны гуравдугаар сард 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд түүний “Стоунлей интернэшнл” компанитай нь 200 сая долларын аккредитив нээх хууль бус гэрээ байгуулсан гэх хэрэгт холбогдсон юм. Дээрх компани нь Малайзын “Лабуан офшор” бүсэд хамаардаг бөгөөд Монголбанктай байгуулсан 200 сая ам.долларын аккредитивийг ашиглан олон улсын санхүүгийн зах зээлээс нэг тэрбум долларын татаж, уг эх үүсвэрээ ашиглан 40 мянган орон сууцны хөтөлбөрийн барилгын 30 мянгын бариулахаар тусгасан байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч асныг залилсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалган хэлтэст шалгаж байгаад Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалтай хэрэг мөрдөх хэлтэст хэргийг нь шилжүүлсэн юм.

Ийнхүү төрийн томоохон албан тушаалтнууд түүнийг оргуулсан байж болзошгүй болоод байгаа ч цагдаагийнхан энэ талаарх мэдээллийг маш их нууцалж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж