Та тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Та тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: -Би Сүхбаатар дүүргээс сонгогдсон. Гишүүдээс овоглон гаргасан тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсан бэ гэдэг жагсаалтыг нийслэлээс гаргасан байна. Эндээс хийсэн ажил тус бүрээр нь харж болно. Эрхүүгийн гудамжны 0,7 км замын шинэчилж, тус дүүргийн аравдугаар хорооны нутаг дахь  Лхам худалдааны  төвийн орчмын 500 метр зам, Хандгайт, Санзайн уулзвараас хүүхдийн зуслан хүртэлх 1,6 км хатуу хучилттай замыг шинээр тавьсан. Дүүргийнхээ нийт 10 хорооны нутаг дэвсгэрт гудамж­ны гэрэлтүүлгийг шинээр тави­лаа. Түүнчлэн дүүргийн иргэдийн хүсэлтийн дагуу 7-8 хорооны 10 гаруй байшингийн дээврийн засварын хийж гүйцэтгүүлсэн. Эдгээр байрууд олон жилийн өмнө баригдсан учир хуучирч муудсаны дээр  оршин суугчдынх нь олонх нь тэтгэврийн хөгшид байдаг. Байрнуудын дээвэр цоорсноос иргэд ихэд зутруу аж төрж байсан.

-Танд ногдсон тэрбум төгрөг бүрэн зарцуулагдсан уу?

-Тэрбум төгрөгөө тойргийнхоо иргэ­дийн аж төрөх нөхцөлийг сайж­руулахын төлөө зарцуулаад дууссан. Харин зуу орчим сая төгрөгийн хэмнэлт гарсан юм билээ. Хэмнэсэн мөнгөөрөө 200 метр зам засвар болон нэг байрны засвар хийе гэсэн саналыг дүүргийн зүгээс тавьсан. Саналыг Сангийн яаманд уламжлаад байгаа. Эдгээр ажил хийгдэхгүй байлаа гэхэд тэр мөнгө төсөвтөө л үлдэнэ шүү дээ. 

-Ирэх онд гишүүд мөн энэ оных шиг тойрогтоо зориулж хөрөнгө мөнгө төсөвлөх үү?

-УИХ-ын гишүүд тойрогтоо хандсан нэг байтугай тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Сангийн яаманд санал болгосон байгаа. Бүр захидал бичиж явуулаад байгаа. Тэр бүгд биелэгдвэл бидний тойрогтоо хийсэн ажил болж үнэлэгдэх учиртай.

УИХ-ын гишүүн Д.Зоригт: -Өвөрхангай аймгаас сонгогдсон дөр­вөн гишүүд мөнгөө нийлүүлээд тойрог­тоо бүтээлч ажлыг өрнүүлсэн. Хархорин хотын замын шинэчлэл,  инженерийн шугам сүлжээг сайжруулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зарцуулсан. Бид­ний гэж нэрлээд байгаа дөрвөн тэр­бум төгрөг чинь бас давхар холбогдох сайд нарын багцад суусан юм шүү дээ. 1,2 тэрбум төгрөгийг Өвөрхангай аймагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулсан. 110 иргэд, аж ахуйн нэгжийн төсөлд зээл олгож санхүүжүүлсэн. Ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлд­вэр­лэлийг хөгжүүлэхэд энэ хэрийн хөрөнгө зарцуулсандаа сэтгэл өндөр байгаа. Тойрогтоо зориулсан хөрөнгийн дийлэнх нь Арвайхээр, Хархорин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад зориулагдсан даа.

-Хэрэв ирэх онд дахин хөрөнгө мөнгө хуваарилбал танай тойрогт хийх ажил их байна уу?

-Хийж хэрэгжүүлэх ажил мундахгүй их байна. Юун түрүүн Өвөрхангай аймагт хүнсний ногоо, хадлан тэжээлийн ургамал тариалалтад хөрөнгө оруулах шаардлагатай байна. Тэр дундаа усал­гаатай тариаланг хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн зам, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал ч тулгамдаад байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Хүмүүс УИХ-ын гишүүн нэг бүрт тэрбум төгрөг олгочихлоо гэж ойлгосон юм шиг байгаа юм. Угтаа бол энэ хөрөнгийг тойрогтоо хөрөнгө оруулалт болгон ашигла хэмээн төсөвт суулгаж өгсөн мөнгө юм шүү гэдгийг ярианыхаа эхэнд тодотгох нь зүйтэй болов уу. Миний хувьд тойрогт маань нэн түрүүн шаардлагтай зүйлд энэ мөнгийг зарахыг хичээсэн. Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд үндэсний оношлогооны төв байгуулж байгаа. Мөн нийгмийн халамжийн хэсгүүдэд зориулсан нь ч бий. Дүүргийнхээ Засаг даргын Тамгын газартай зөвшилцөж, хамтран хянаж энэ хөрөнгийг зарцуулж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Би тэрбум төгрөгийг зарцуулаагүй гэдгийг онцлон хэлэх байна.  УИХ энэ мөнгийг баталдгаараа баталсан, тендерийг нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга нар зарласан,  бүх төсөл хэрэгжээд дуусч байна. Хуульд зааснаар 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө оруулалтын тендерийг  дүүрэг зарладаг, түүнээс дээшхийг нийслэл зарладаг. Ямар ч байсан, хоёр сургуульд спорт заал барихад зориулж тус бүрчлэн 450 сая төгрөг зарцуулсан. Нийтдээ 900 сая төгрөг болж байгаа юм. Мөн арван хорооны өрхийн эмнэлгийг унаатай болгосон, 22 байшингийн дээврийг зассан. Налайх дүүрэг рүү хоёр км зам тавьсан, хоёр цэцэрлэг барьсан. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг бид хоёр хамтраад нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа, бүгд хэрэгжээд дууссан.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг: -Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд засмал зам тавихад 300 сая төгрөг тавьж өгсөн. Бас ноолуурын үйлдвэр байгуулах тухай яриад байгаа, түүнд 200 сая төгрөг, мөн аймгийн төвд халуун усны байр барихад зориулж 20 сая төгрөг. Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох суманд Хүн эмнэлгийн харьяа эхчүүдийн амрах байр барихад зориулж хөрөнгө оруулсан. Зарим багийн төвийг тохижуулахад, тодорхой хэмжээний хөрөнгө тавьж өгсөн. Аймгийн Цагдаагийн хэлтсийг техник тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 10 сая төгрөг, иргэдийг хүнсний ногоо тариалахад нь дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний эх үүсвэр тавьж өгсөн байдаг. Үр авахад нь дэмжлэг үзүүлсэн хэрэг л дээ. Орон нутагт жижиг, дунд үйлдвэр байгуулахад  зориулж хоёр гурван төсөлд 40 хүртэлх сая төгрөг, тавьж өгсөн. Дээрээс нь уст цэгийг нэмэгдүүлэх, худаг шинээр гаргахад бас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан санагдана. Аймгийн бүх сумдын 11 жилийн дунд сургуулийг бөхийн дэвжээтэй болоход нь хөрөнгө оруулалт хийсэн. Бөхийн өмсгөл, дэвжээ гээд.  Нийтдээ 26 сумын дунд сургууль, дээр нь аймгийн төвийн дунд сургуулиуд хамрагдсан юм. Үүнд нийт 60 гаруй сая төгрөг зарцуулсан. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийг бага оврын тоног төхөөрөмжөөр хангахад хөрөнгө оруулалт хийсэн. Саяхан орон нутагт ажиллахдаа гүйцэтгэлийг нь газар дээр нь харлаа. Зарим нь ажил хэрэг болчихсон, зарим ажлын тендер нь хүлээгдэж байгаа, зарим ажил эхлэлийн чанартай гээд янз бүр л байсан даа.

УИХ-ын гишүүн З.Алтай:-Баянзүрх дүүрэгт гурван газар амралт чөлөөт цагийн бүс байгуулсан. Иж бүрнээр нь.  Зарим нөхдүүд энэ гишүүн усан оргилуураар занималдчихлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Гэхдээ тэр усан оргилуурыг дагуулаад гэрэл гэгээ, зам харгуй тавих, сандал ширээ, хүүхдийн тоглоомын талбай гээд иж бүрнээр нь байгуулсан л даа. Ахмадууд бол ам сайтай л байна лээ. “Бидний хэрэглээ ч юм, очоод гангар гунгар хийж байхад, хүүхдүүдтэйгээ очоод сууж байхад их аятайхан байна” гэж хэлж байна билээ. Тэгэхээр болж буй юм болов уу гэж бодсон шүү. Тэр бол миний мөнгө биш, татвар төлөгчдийн мөнгө юм чинь, таатай орчин бүрдүүлж байвал боллоо л гэж бодож байна. Улиастайд бас нэг спортын жижиг талбай байгуулсан. Гэр хорооллын хүүхдүүд гэхээр л шороон дээр бөмбөг өшиглөөд байж болохгүй шүү дээ. Налайхад бас налайхчуудын амралт чөлөөт цагийн  бүс гээд их том барилга баригдаж байгаа юм. Түүнд бас хэдэн цаасыг нь өгчихсөн. Хүн чинь дандаа нэг гуниг царайлаад “Амьдрал ахуй муу байна” гэхээс илүүтэй айвуу тайвуу аятайхан орчинд баймаар байна ш дээ. Налайх дүүрэг чинь халуун ус, үйлчилгээний салбар их муутай газар байгаа юм. Тийм болохоор халуун ус барих зэрэгт 400 орчим сая төгрөг өгчихсөн.

Бодоод байсан чинь заавал тойрог гэж явцуурах нь учир дутагдалтай санагдсан. Монгол Улсын хэмжээнд шинжилгээнд хамрагдаад “Чихрийн шижин өвчтэй” гэж оношлогдсон 10 мянга гаруй иргэн байна. Энэ орчим хүн оношлогдоод байна гэж анагаах ухааны аргачлалаар тооцохоор цаана нь оношлогдоогүй 100 мянга орчим хүн байна гэсэн тоо гараад байгаа. Сахарын өвчин гэдэг төгс эдгэрдэггүй, маш их эмчилгээ шаарддаг өвчин. Хүний элэг, бөөр, зүрх, уураг тархийг барьж, үхэл рүү явуулдаг их муухай өвчин л дөө. Энэ өвчнөөр зовж шаналж байгаа хүмүүсийг нэг жил ч болов нарт хорвоод амьдраасай гэдэг сэтгэлээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн багцад 400 сая төгрөг шилжүүлчихсэн. Сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний төв байгуулъя, бүх хүмүүсээ шинжилгээнд хамруулъя, эм тариагаар боломжийн хэмжээнд хангаж өгье гэж хэлсэн байгаа. 400 сая төгрөг гэдэг бол эхлэл л дээ, бас их мөнгө биш, гэхдээ бас чамлахаар ч мөнгө биш.  Ийм зүйлд өгөөд л нөгөө нэг тэрбум төгрөг дуусчихсан шүү дээ, буян болох байх л гэж бодож байгаа, дүүрэг гэж явцуурсангүй, Монгол Улсын хэмжээнд ийм төв байгуулагдчихвал өвчтэй зовлонтой хүмүүс шинжлүүлээд байвал зүгээр юм болов уу л гэж бодсон.

УИХ-ын гишүүн Батж-Батбаяр:-Баянхонгор аймгийн Хүрээ марал сумаас Баянбулаг хүртэлх эрчим хүчний шугаманд 473 сая төгрөг, эмнэлгийн ажилчдын орон сууцны хөрөнгө оруулалт дутахаар нь түүнд 227 сая төгрөг, дуурийн театрын завсарт 70 сая төгрөг, Баянхонхонгор аймгийн төрийн албан хаагчдын орон сууцанд үлдсэнийг зарцуулсан. Тэгээд л миний нэг тэрбум төгрөг дууссан ш дээ. Тэгэхдээ үүнийг би өөрөө шийдээгүй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт улсын төсвөөс шилжиж очуут тэндээсээ тендер зарлаад бүх юмаа хийгээд л дууссан.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж