Санал хураалт Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Санал хураалт Үндсэн хууль зөрчсөн гэв

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос гаргасан санал дүгнэлтийг авч хэлэлцэх байсан ч, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлаар гишүүдээс нууцаар санал хураасан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлийг Ардчилсан намын бүлгээс тавьсан тул  гишүүдийн дунд маргаан дагуулж, улмаар асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахад  хүрлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр эл асуудлыг хойшлуулах шаардлагатай байгааг дараах үндэслэлээр тайлбарлав.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэхдээ санал хураалтыг нууцаар явуулна. Харин УИХ-аас томилогддог, ажлаа тайлагнадаг байгууллагын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх бол санал хураалтыг илээр явуулна гэж заасан байдаг. Нэг үгээр хэлбэл, энэ заалт зөрчигдсөн учраас хууль зөрчсөн алдааг арилгаж байж, асуудлыг шийдвэрлэх ёстой болохоор өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн юм.
Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд илээр санал хураах болоход нэр бүхий гишүүн горимын санал гаргаж, нууцаар явуулахыг хүссэн. Энэ дагуу байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс горимын саналыг дэмжиж байгаа эсэхээр санал хураахад нууцаар санал хураахыг 100 хувь дэмжсэн. Гишүүн горимын санал гаргахад түүнийг олонх дэмжсэн бол, түүгээр санал хураалгадаг дүрэмтэй. Асуудал хуулийн хүрээнд болсон” гэж байр сууриа хамгаалав.

Маргаантай асуудлыг хагалах зорилгоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын Тамгын газрын хуульч н.Насанжаргалд хандан “Хууль зүйн байнгын хорооны санал хураах процесс хууль зөрсөн үү, зөрчөөгүй юу гэдэгт тайлбар хийхийг шаардав.

Тэрбээр “ Энэ асуудлыг нэлээд нягталлаа. Ерөөсөө дэг тогтоогоогүй асуудлыг УИХ дээр ямар байдлаар шийдвэрлэдэг вэ гэхээр ойролцоо төрлийн дэгийг барьдаг.  Маш олон асуудлыг ингэж шийдсэн байдаг. Тодруулж хэлбэл, Авлигатай тэмцэх газрын хоёр даргын тухай асуудлыг хэлэлцэхэд тусгайлсан дэг байхгүй байсан учраас бас энэ жишгээр дэг тогтоогоод байнгын хороо хэлэлцсэн гэж үзэж байгаа. Харин одоо санал хураалт дээр асуудал үүсээд байна. Байнгын хороон дээр асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нууц санал хураалтаар явуулдаг гэдэг дэгийг бариад хэлэлцчихсэн. Гэтэл Үндсэн хуулийн заалтыг барихаар нэг зөрчил гарч ирээд байна. Түүнд “Хуульд өөрөөр заагаагүй бусад асуудлыг илээр санал хураалт явуулна” гэсэн заалт байгаа. Ингээд хуулиудаа, Үндсэн хуулиа харахаар Үндсэн хуульд заасан энэ заалтыг барихаас аргагүй болчихоод байна. Түрүүн би зарим хуульч гишүүдтэй санал солилцсон. Хэрвээ гишүүн илээр санал хураах, нууцаар санал хураахтай холбоотойгоор горимын санал гарвал энэ үнэхээр горимын санал мөн. Гэвч эцсийн эцэст Үндсэн хуулийн заалтыг баримтлахаас аргагүй болчихоод байна” гэлээ.

Дээрх тайлбарыг сонссон УИХ-ын дарга “Бүр Үндсэн хуультай зөрчилдөж эхэллээ” гэж уулга алдав.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ч дуугүй суусангүй, кнопоо дарж, “н.Насанжаргалын тайлбараар бол бүр их ноцтой юм болж байна.  Бат-эрдэнэ даргаа аа, яагаад вэ гэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нууцаар санал хураана гэсэнтэй, УИХ-аас томилогддог байгууллагын даргын асуудлыг адилтган үзэж, санал хураалтыг нууцаар явуулсан нь нууцаар санал хураадаг процедур тогтоох жишиг рүү аваачих нь.

УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх тохиолдолд нууцаар санал хураана гэсэн заалт оруулсан нь зориудаар оруулсан зүйл. Үүнийг УИХ-аас томилогддог байгууллагын даргын асуудалтай адилтган нэг төвшинд аваачсанаараа  хоёр өөр статусыг хольж хутгасан ноцтой алдаа болж хувирч байна. Горимоороо явъя, илээр санал хураах ёстой.  Тэр бүү хэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлт УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос оруулсан дүгнэлтээс шал өөрөөр гарсан шүү. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь “Авлигатай тэмцэх газрын дарга нар Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчжээ” гэдэг дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулсан. Тэгтэл нууцаар санал хураангуутаа  Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг юу ч болоогүй байна гээд зарлачихаж байгаа байхгүй юу. УИХ ингэж ажиллаж болохгүй. УИХ-ын өөрийнх нь итгэл хүлээлгэсэн Тусгай хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо үндсэндээ нулимсан. Завсарлага авъя, Дэмбэрэл дарга аа” гэв.

Эдгээр зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын дарга сонсоод эцэст нь УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг хоорондоо ярилцан, маргааныг нэг мөр цэгцэлж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхэд ямар ч асуудалгүй болгон оруулж ирэхийг үүрэгдсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын зүгээс өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын даргад нууцын зэрэглэлтэйгээр авч хэлэлцэхийг хүссэн нь, нэг талаар өмнөх парламентаар ийм асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаагүй нь нэг талдаа туршлагагүйтсэн хэрэг байж мэдэх тухай хуульчид тайлбарлаж буй ч, хэдий болтол хуулиа мэддэг болох вэ гэдэг асуудал ч ургаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж