“Роснефть” дизелийн үнээ нэмж, онцгой албан татвар буурав

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Роснефть” дизелийн үнээ нэмж, онцгой албан татвар буурав

Манай улс 100 хувь шахам ОХУ-ын “Роснефть” компаниас нефть бүтээгдэхүүнээ импортолж авчирдаг. Одоогийн байдлаар тус компаниас шатахуун, дизель түлш оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй дотоодын найм орчим компани бий. Суурь үнийг тогтоодог шатахууны хувьд манай улс ерөнхийдөө тус компаниас хараат шахам байдалд бий. Сар бүр шатахууны үнэ янз бүрийн үнээр орж ирдэгийн нэг шалтгаан “Роснефть”-ээс шууд хамаатай. Эсвэл сар бүр тогтоодог тус улсын экспортын үнээс хамаардаг. Юутай ч ийм байдлыг харгалзан үзэж Засгийн газар Онцгой албан татварын хуулиар зохицуулалт хийж, үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авдаг.

Энэ сард л гэхэд “Роснефть” компани манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ өөрчлөгдсөн байна. А-80 автобензин тонн тутамд 34 ам доллар, АИ-92 автобензин тонн тутамд 23 ам доллараар буурч, дизелийн түлш тонн тутамдаа 74 ам.доллараар өсчээ. Ийнхүү намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх гэх мэт дизель түлшний хамгийн эрэлт хэрэгцээтэй улиралд дизелийн үнэ өссөн дүнтэй ирж байна.

Тиймээс Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 210 мянган төгрөг, АИ-92 автобензинд 170 мянга төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тонн тутамд 200 мянган төгрөг болгон нэмжээ. Харин дизель түлшинд 215 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 135 мянган төгрөг болгон бууруулсан байна. Бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөх ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж