Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Та азтай аав ээж

Хүүхдээ ойлгохоо  болилоо гэх аав ээжүүд цөөнгүй байдаг.  Хэрэв ийм бэрхшээл таны толгойн өвчин болсон бол гэр бүл, харилцааны сэтгэлзүйч, зөвлөгч Каролинагын зөвлөгөөг сонирхоорой. 

Хүүхэд сургуулиасаа, эсвэл гадаа тоглож  байгаад орж  ирэхэд нь царайг нь сайн ажигла. Тэдний царай тухайн өдөр юу болсныг танд хэлээд өгнө. Би хүүхдээсээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн, хичээл дээр нь юу болсон гээд бүгдийг нь асуудаг байсан юм.  Гэхдээ хүүхдийн яриаг үл тоомсорлож болохгүй. Хүүхдээ ярьж байхад яриаг  нь анхааралтай сонс. Харц, нүүрний хөдөлгөөнийг нь сайн ажигла.  Тэд ярьж  буй зүйлээ итгэл үнэмшилтэй болгохын тулд нүдээ эргэлдүүлэн, царайгаа хачин болгодог.  Аав ээжүүд заримдаа хүүхдийн яриаг юман чинээ бодолгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг.  Гэвч заримдаа тэдний төсөөлөл, ургуулан бодолт биднийг хэрхэн гайхашруулдаг билээ.

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ яагаад ингэж байгаагаа тайлбарла. Үглэж яншаад ямар ч амжилт олохгүй.  Таныг  үглэж уурлаж эхлэхэд хүүхэд дуугаа хурааж,  аяархан дуутай болохоос гадна  хөндийрч мэднэ. Тиймээс хүүхдэд хайр нь дотроо, хал нь гаднаа байдгийг  ойлгуулж бай. Тэдэнд юуг буруу хийснийг нь харуулж ойлгуулж бай. Гэхдээ хүүхэддээ хайртай  гэдгээ хэлж, мэдрүүлж байхаа бүү мартаарай. 

Өөр нэг чухал зүйл бол хүүхэдтэйгээ хамт байх.  Байнга эсвэл түр зуур гэдэг нь чухал биш.  Хүүхэдтэй хамт байж, ярилцаж, юу ярьж, дуулж, мөрөөдөж байгааг нь сонс.  15 минут  ч бай хамаагүй хүүхдэд анхаарал тавих нь бүтэн өдөр нэг өрөөнд байсан  ч огт тоохгүй байснаас хамаагүй илүү үр дагавартай гэж Каролина ярьж байна.

Хүүхдэд мэдсэн, дуулсан, сонссон зүйлээ ирээд хэлэх хэн нэгэн үргэлж хэрэгтэй байдаг.  Тиймээс тэднийг сонсох ямар чухал болохыг харж байгаа биз дээ.

Хүүхэд алхам тутамдаа шинэ зүйл сурч байдаг. Хүүхдэд “ Миний хэлснээр хий, Би юу гэж хэллээ,” гэх мэт захирсан, зандарсан өнгөөр харьцах нь  ямар үр дагавартай байж болохыг та төсөөлж байна уу?  Хүүхдэд хайр, энэрэл, инээд хөөр, бас  сахилгатай орчинг бүрдүүл.  Хүүхдийнхээ хувьд  хайр, бас шударга үнэнийг эрхэмлэдэг аав ээж байхыг хичээ. Яагаад гэвэл хүүхдэд айдас, бас бодлоо хуваалцах  дотны хүн хажууд нь байх хэрэгцээ байдаг. 

Хэдэн жилийн өмнө нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт хооллохоор гадуур гарсан юм. Нөхөр маань хүүхдүүдээсээ” Хамгийн муу юм вэ?” гэж асуухад “ Аав ээжийгээ гомдоох” гэж хариулсан юм.  Та ч бас бидэн шиг азтай аав, ээж мөн, тийм үү?

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж