АТГ-ыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

АТГ-ыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа Улсын ерөнхий прокурорын санал, Тусгай хяналтын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хаалттай авч хэлэлцээд “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Эл асуудал одоо маргаан дэгдээд байгаа тул УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс дараах асуултад хариулт авлаа.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Санал хураалтыг нууцаар явуулсан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэж мэдэгдээд байна. Хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг тодорхой тайлбарлахгүй юу?

-УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ дээр ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагыг томилох,  чөлөөлөх тохиолдолд санал хураалтыг илээр явуулна гэж заасан байдаг. Тиймээс тодорхой зөрчил харагдаж байгаа л даа, нууц санал хураалт явуулсан болохоор.

-Өчигдөр тэгээд яагаад нууцаар санал хураалт явуулахыг зөвшөөрчихсөн юм?

-Нэг гишүүн горимын санал гаргаад “Санал хураалтыг нууцаар явуулъя” гэсэн. Санал хураалтын дүн тухайн хуралд суусан намын төлөөллийн тоогоор л ерөнхийдөө гарчихаж байна лээ. Одоо чуулганаар асуудал орж ирэх байх.

-Та хувьдаа энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нэлээн эртнээс байр сууриа илэрхийлсэн. УИХ хууль тогтоох дээд байгууллага. Тогтоогдсон хууль тогтоомж, хэрэгжүүлэх ёстой албан тушаалтан нь хууль зөрчиж байгаа бол тэр зөрчилд хариуцлага тооцох ёстой. Зөрчил нь ямар төвшинд байгаа вэ гэдгийг УИХ тогтоож чадахгүй. Түүнийг хуулийн байгууллага тогтооно. Тиймээс хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг л УИХ-аас хангаж өгөх ёстой.

Нөгөөтэйгүүр, үнэхээр хуул зөрчсөн бол хууль зөрчсөн албан тушаалтантай дор бүр нь  хариуцлага тооцохыг эрмэлзэх хэрэгтэй, УИХ-аас.  Бидний хувьд баталсан хуулийнхаа араас хөөцөлдөж чадахгүй байгаа нь өөрсдөө өөгшүүлж байна гэсэн дүр зураг руу орчих вий гэдэг болгоомжлол төрүүлж байгаа. 

-Авлигатай тэмцэх газрын дарга нар хууль зөрчсөн нь үнэн боловч, тэр нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм аа гэсэн дүгнэлт гарсан тухай бас ярьж байна. Энэ талаарх таны бодол?

-Гэдэс дотрыг нь уудлаад ярихаар ярилцах байх л даа. Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал учраас тэр мэдээллийг шууд өгч чадахгүй байна. Байнгын хорооны даргын хэмжээнд л мэдээлэл нь задрах ёстой болов уу. Миний хувийн байр суурь бол энэ асуудлыг хаалттай хэлэлцэх албагүй байсан, энэ бол төрийн нууц биш. Ямар нэг гүйцэтгэх ажиллагааны дотор, гэмт хэргийн гэдэс дотор руу ороогүй, зөвхөн хууль зөрчсөн үү үгүй юу, цааш нь шалгах шаардлага байгаа юу үгүй юу, УИХ хуулийн байгууллагууд хэвийн ажиллах бололцоог хангах уу гэдэг асуудал л хөндөж байгаа. Чухам яагаад хаалттай хэлэлцсэнийг мэдэхгүй юм. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэх эсэхийг ярилцах байх.

-Ардчилсан намын бүлэг өглөө хуралдсан. Тэр талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Ардчилсан намын бүлэг нөхцөл байдлыг яах вэ гэдгийг л хоорондоо ярилцсан. Хууль зөрчсөн энэ үйлдлийг хаацайлаад хамгаалаад явах юм уу, Монгол Улсад хариуцлага гэж байдаг юм бол энэ асуудлыг эхнээс нь шийдээд явах юм уу, үгүй юу гэдгийг л ярилцсан л даа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж