Гишүүд утаагүй Улаанбаатарыг нэхлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Гишүүд утаагүй Улаанбаатарыг нэхлээ

Нийслэлийн удирдлагууд нийслэл хотоос  УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Зоригт, Л.Болд, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Ц.Батбаяр, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Д.Загджав, С.Оюун, Д.Тэрбишдагва, Х.Тэмүүжин нарын гишүүд оролцлоо. УИХ-ын чуулганаар тун удахгүй ирэх 2011 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байгаа билээ. Тиймээс ирэх оны нийслэлийн төсвийн асуудлаар нийслэлийн удирдлагууд танилцуулж санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Ирэх онд нийслэлээс улсын төсөвт 35 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. Энэхүү төсвийг тэглэж, тэр  хэмжээний хөрөнгийг нийслэлийн бүтээн байгуулалтад зориулах талаас нь дэмжихийг УИХ-ын гишүүдээс хүслээ. Энэхүү мөнгийг гурван зүйлийн бүтээн байгуулалтад ашиглаж болох юм гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлж байлаа. Нэгдүгээрт хотын зүүн, баруун дөрвөн замд шинээр тавих гүүрэн гарцыг байгуулахад зориулж болох ажээ. Гэвч 35 тэрбум төгрөг гэдэг нэг л гүүрэн гарцанд хүрэлцэх хөрөнгө аж. Харин хоёр дахь хувилбар нь гэр хорооллыг орон сууцжуулахад зориулах юм. Юун түрүүн долдугаар хорооллыг барьж байгуулахад нэн түрүүн шаардлагатай байгаа түр оршин суух байрыг байгуулахад эл хөрөнгийг зориулж болох ажээ. Мөн Сэлбэ, Дунд голыг сэргээх гэсэн чиглэлээр дээрх мөнгийг ашиглах боломжтойг гишүүдэд дуулгалаа. Гишүүд уг саналыг бодолцож үзэхээ амлаад хотын удирдлагуудаас нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг бодитой болгохыг шаардлаа. Эс тэгвээс дэд бүтцийн болон нийгмийн салбарт хийсэн олон сайхан ажлыг утаа, угаар баллуурдаж орхиж байгааг давхар сануулав. Үүний хариуд хотын дарга нар нийслэл хотын утааг багасгах талаар энэ онд нэг ч төгрөг төсөвлөөгүй гэдгийг тайлбарлаад ирэх оноос байдал өөр болно хэмээн учирлав. Учир нь иэрэх оноос “Шинэ Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжээд эхлэх төдийгүй Мянганы сорилтын сангаас “Цэвэр агаар” төслийн хүрээнд хамтран ажиллах юм байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж