Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Ингэхдээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор дээрх асуудлыг авч хэлэлцсэн тул түүнээс гаргасан санал дүгнэлттэй холбогдуулан, байнгын хорооны даргаас гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Улсын хэмжээнд ажилгүйдэл есөн хувь, ядуурал 35 хувьтай байна гэсэн судалгаа бий. Гэхдээ ажил хийж байгаа иргэдийн цалин нь амьдралдаа хүрэхгүй ядаж байхад ажил хийдгүйг нь халамжлах гээд буйг юу гэж ойлгох вэ. Бүх зүйлийг төрд алба хашигчид хийдэг гэдгээс хэзээ татгалзах юм бэ, Монгол Улсын ДНБ-ийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна. 45-аас дээш насныханд ажил олдохгүй байна гэдэг энэ бол боловсруулах үйлдвэр байгуулаагүйтэй холбоотой. Гэтэл нэг хууль батлах нэрийн дор нэг сан байгуулах, эсвэл нэг агентлаг байгуулахаар болох юм. Үр дүн гарахгүй байна шүү дээ?

Байнгын хорооны дарга Д.Арвин:

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хөдөлмөр эрхлэлтийг хариуцаж ажилладаг 2-3 хан мэргэжилтэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн тухай бодлого гэж алга, нийгэмд ямар мэргэжилтэн хамгийн их эрэлттэй байгаа юм, хэдий хэмжээний ажиллах хүчин хэрэгтэй болов гэдгийг тооцож гаргах арга алга. Яагаад гэвэл орон нутагт ажилгүйдэл хамгийн их байдаг атал тэнд энэ ажлыг хийж байгаа нэг ч хүн алга, орон тоогүйгээс болоод. Тиймээс орон нутагт анхан шатны байгууллага байгуулъя, гэж үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр тусгасан. Одоо хөдөлмөрийн зах зээлийн судалгаа гаргая гэхэд хүндрэлтэй байна, гадаадынханы хийсэн судалгаа, дотоодынхоо бололцоогоор гаргасан судалгаа хоёр зөрүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хөдөлмөрийн харилцаа маш хүнд харилцаа болчихоод байгаа учраас яамнаас илүү том агентлаг байгуулах шаардлага бий.  Мөн зорилтот бүлгээ үнэн зөв тодорхойлох шаардлагатай. Үүн дээр хоёр намын бүлэг ойлголтоо нэгтгэмээр байна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж