Зээлийн эргэлтийн сантай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Зээлийн эргэлтийн сантай болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн эмч нарт зориулсан сургалт өчигдөр өндөрлөлөө. ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллага, Европын холбоо хамтран хэрэгжүүлж буй уг сургалтад 97 багийн 78 орон нутгийн эмч нар хамрагдсан байна. Арав хоног үргэлжилсэн уг сургалттай зэрэгцүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн сургалтыг давхар явуулжээ.  Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах, тэднийг хамт олны түвшинд илрүүлэх, оношлох, сэргээн засах талаар мэдлэг олгожээ. Мөн хамт олны түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүдийг сургах, аймаг, орон нутаг, сум, багийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илрүүлж, тэдний хэрэгцээнд тохирсон нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах аргыг заасан аж. Сургалтад оролцсон багийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлэх судалгаа хийж,  Зуунмод хотын 90 гаруй айл өрхийг хамруулан 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг илрүүлсэн байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь харааны болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй байжээ.
Дашрамд дуулгахад, тус аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв, ортопедийн цехийг байгуулсан байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал алс хол, төв суурин газар явахгүйгээр өөрийн аймагт жижиг засвар, үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлсэн аж. Мөн АИФО байгууллагаас Төв аймгийн “Тэгш дүүрэн” хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зээлийн эргэлтийн санг байгуулж өгчээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж