Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Орлож дадсан балтав

Улсын Ерөнхий прокурорын орлогч, прокурор Б.Цэрэнбалтав ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх яриа тархав. Тэрбээр харин үүнийг үгүйсгэж хөдөө амарч яваагаа дуулгасан юм. Ерөнхий прокурорыг орлож ажиллаад арав гаруй жилийг үдэж байгаа эл эрхмийн талаар дээрх шиг яриа үе үе гарах нь бий. Л.Гүндалай гишүүнд холбогдох хэрэг, “Дол­дугаар сарын 1”-ний үймээн, Бадраа агсныг хөнөөсөн хэрэг зэрэг дуулиан бүрт Б.Цэрэнбалтав ор­логч прокурорын байгууллагын байр суурийг илэрхийлдэг. Тиймээс Ерөнхий прокуророос илүү олны танил, дуулианы эзэн байдаг гэхэд болно. Ерөнхий прокурорынх нь талаар таагүй мэдээлэл гарсан даруйд “Тийм зүйл болоогүй” гэж цайруулдаг нь орлогчийн үүрэг гэлтэй. Гэхдээ шинэхэн дарга Д.Дорлигжавыг орлож мэдээлэл өгөх нь ховорхон байсан нь дээрх яриаг үүсгэсэн байх магадлалтай.

Б.Цэрэнбалтав прокурор одоо­гоос 35 жилийн өмнө МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш прокурорын байгууллагад  тасралтгүй ажилласан намтартай. Төрсөн ну­таг Сүхбаатар аймагтаа прокуророор ажиллаж байсныг нь эс тооцвол тэрбээр хэлтсийн дарга, орлогч прокуророор ажиллаж бай­гаа юм. Авлигатай тэмцэх газрын даргын суудал эзгүй 2007 онд түүнийг даргаар нь томилогдох нь гэсэн яриа хуульчдын дунд байсан. Гэсэн ч хашир хуульч орлогчийн албандаа шигдэж үлд­сэн юм. Б.Цэрэнбалтав прокурор Шүү­хийн ерөнхий зөвлөлийн са­хилгын хорооны гишүүний сон­гуультай. Тэр бас Сүхбаатар аймгийнхны фракцид нэр холбогддог. Баталгаатай бус эх сурвалжаас үзэхэд эрүүгийн хэрэгтнүүдтэй ойр байдаг гэх.  \

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж