Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар сэтгүүлчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар сэтгүүлчидтэй уулзлаа

Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчидтэй хийх  “4:11” ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга н.Нарантуяа нар оролцов. Ардчилсан нам орон нутаг дахь бүсийн чуулга уулзалтыг дөрвөн бүсэд хийх ёстойгоос одоогоор гурван бүсийн чуулга уулзалтыг нь хийгээд байгаа. Зүүн бүсийн уулзалтыг Сүхбаатар аймагт хийсний дараа ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулж, энэ хурлаар Ардчилсан намын өнгөрөгч УИХ-аар томьёолсон 10 зөв бодлогын хэрэгжилтийг ярих гэнэ. Өмнө хийсэн бүсийн чуулга уулзалтуудаар Хамтарсан Засгийн газарт орсон хоёр намын хамтын ажиллагааны талаар, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, намын тогтолцооны асуудлуудыг ярьжээ.

Мөн намын даргад итгэл үзүүлэх үү гэдэг асуудал ч бас их яригдсан байна. Тиймээс Д.Эрдэнэбат дарга “Бүх юм намын дүрмээр явах ёстой. Намын даргын асуудлыг зөвхөн ҮЗХ-ны хурал дээр ярьдаг асуудал биш. Хэрэв намын дарга өөрөө ажлаа өгөх ч юм уу хүсэлт гаргасан бол ҮЗХ гишүүдийн гурваны хоёрын саналаар онц их хурал зарлан хуралдуулж шийдэх ёстой. Манай нам одоогоор онц их хурал зарлах хэмжээнд очоогүй байна” гэлээ. Дараа нь УИХ-ын гишүүн Л. Гантөмөр УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Төсвийн хууль, Халамжийн хууль зэрэг 26 асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ төвлөрлийг сааруулсан орон нутгийн бие даасан байдлыг бий болгосон төсвийн хууль батлуулахаар төлөвлөж байна гэлээ. Авилгатай тэмцэх газрын дарга нарын асуудлаар намын байр суурь ямар байна вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр “Энэ асуудлаар нууц санал хураасан нь УИХ-ын дэгийн тухай  хуулийг зөрчсөн хэрэг. Тийм учраас энэ асуудлыг дахин яриач гэсэн асуудлыг бид тавьж байгаа” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж