Нэр хүндтэй үлд л дээ, Н.Энхбаяр дарга аа!

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Нэр хүндтэй үлд л дээ, Н.Энхбаяр дарга аа!

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконитой уулзаад өөр хоорондоо “Хоёулаа засгийн эрхэнд 120 жил байна шүү” хэмээн хошигносон тухай нэг хэсэгтээ л дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиад авсан. Наргианы 80 хувь нь үнэн гэгчээр эрх мэдлээсээ буух дургүй нь ил тод болчихсон тэдний хувьд хааяа ч болов ийн мөрөөддөг байж мэдэх л юм. Учир нь, тэд өөрийн улс орныхоо төрийн өндөр албанд олон жилийн турш хадаатай яваа эрхмүүд. Нэг нь Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан ч Ерөнхий сайдаар үлдэж чадсан. Улмаар дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэрээ дэвшүүлэх бодолтой яваа гэдгийг улс орных нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуугиж буй. Харин Сильвио Берлусконигийн хувьд Италид бүх зүйлийг өөрийн болгож чадсан нэгэн. Хэвлэл мэдээлэл, бизнес, улс төр бүгд түүний мэдлийнх. Иймдээ ч асар их хэл амыг үл тоомсорлон ажилласаар л байгаа. Гэхдээ тэдний энэ жишиг дэлхийн бусад улс орны удирдагчдын сонголтын хажууд ерөнхийдөө гаж буруу. Эрх мэдэл хэрэгтэй учраас л өөрийнхөөрөө ийн зүтгэж байна гэж үзэж болох ч Ерөнхийлөгчийн албанаас буугаад Ерөнхий сайд болсон тохиолдол В.Путинаар дуусах ёстой гэдгийг ил тод хэлж чадах нэг хэсэг байхад үзэл бодлоо цээжиндээ нуусан эсэргүүцэгчид ч Орос орноор дүүрэн гэх.

Гэтэл дэлхийн удирдагчдын сонир­холтой намтар  үргэлжилж байх зуур гаж буруу улс төрийн шийдэлд өнгө нэмсэн дараагийн нэг лидер Монголоос төрөх нь тэр. Соёлын сайдаас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртэл үргэлжлэх намтар. Өдгөө ч үргэлжилж МАХН-ы хамгийн нэр хүндтэй гишүүн, Монголын хамгийн өндөр боловсролтой улстөрчдийн нэг, хилийн чинадад хамгийн өндөр үнэлэгддэг төрийн зүтгэлтэн байж болох байсан ирээдүйн намтраа өөрийн гараар баллуурдаж суугаа нэгэн. Энд түүний нэрийг тодруулж бичих шаардлагагүй. Учир нь хэн гэдгийг нь бүгдээрээ мэднэ. Дэлхийн хэвлэлд В.Путин, С.Берлускони хоёрын хошигнолыг элэглэсэн шиг өдгөө монголчууд Н.Энхбаяр даргыг дооглох болж. Мэдээж энэ завсар дэмжиж гүйх, өмгөөлөх хөгжөөн дэмжигч ч байгаа нь тодорхой. Наад зах нь л үгүйсгэх шаардлагагүй эдийн засагч Н.Дашзэвэг, доктор Н.Удвал, Д.Арвин, Д.Загджав гэх мэт нэрийг үргэлжлүүлэн бичиж болох биз. Энэ бол Н.Энхбаярын хөгжөөн дэмжигчдийн баг. Голлон тоглогч нь Н.Энхбаяр. Бусад нь хамгаалагч, дамжуулагч гэх мэт үүрэг гүйцэтгэнэ. Харин тэдний сөрөг тоглогчид нь МАХН-ын одоогийн удирдлага, хийгээд тэднийг улс төрд дахин мэндлэхэд тусалсан С.Баяр нар.

Нэгэн цагт хүчтэй байсан эрхэм өдгөө өөрөөсөө хүчтэй багтай тоглоод амжилт олох болов уу. МАХН-ын одоогийн голлон тоглогчдыг улс төрд хөтлөхийг нь хөтөлж, дагуулахыг нь дагуулж, дагалдуулахыг нь дагалдуулах замаар оруулж ирсэн ч өдгөө түүний хажууд ердөө Н.Дашзэвэг тэргүүтнүүд үлдсэн нь харамсалтай. Намтай хэрнээ нам бусчуудын эгнээнээс УИХ-д нэр дэвшиж ирсэн Н.Дашзэвэг нь Н.Энхбаярын хажууд очиж байж л МАХН-ын гишүүн гэдгээ санаж. Хэрэв тэрбээр Н.Энхбаяр даргыг одоогийн удирдлагуудтай зөрчилдөөгүй бол, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаагүй бол МАХН-д анх 1992 онд элссэн гэдгээ санахгүй байсан биз. За тэгээд Н.Энхбаярын хувьд ч Н.Дашзэвэгийг дэргэдээ суулгаж, наалдан падаар наах шаардлага ч гарахгүй байсан нь тодорхой. Учир нь өдгөө түүний дэргэд юу хэлүүлэхийг хүснэ, түүнийг нь чанга хэлж чаддаг хүн юун юунаас ч илүү хэрэгтэй байгаа. Ганц Н.Дашзэвэг ч бус өөр олон Дашзэвэгийг эгнээндээ нэгтгэж, энхрий хайрт намынхаа дайсан болгох хүсэл түүнд бий. Үүнийхээ төлөө ч хоёр удаа “МАХН ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлгийг зохион байгуулж, ийм шударга залуу хаана нуугдаж байсан юм бэ гэмээр С.Молор-Эрдэнэ гэх эрэлхэг зоригтой улс төр судлаач залууг Монголын улс төрд харуулна билээ. Нээрээ л үсээ хаялж, чанга дуугарч, эрүүгээ тулж байгаа нь цаанаа л өөр харагдсан. Эсэргүүцэн дуугарах гэж байгаа бол эрэлхэг агаад эрэмгий, эрэмгий хийгээд эгдүүцмээр харагдах ёстой гэсэн улс төрийн том пиарын онолыг тэр аль хэдийнэ өөртөө хэрэгжүүлээд эхэлчихэж. Үүнд нь Н.Энхбаяр дарга баярлан хөөрч, тийм сайн хамгаалагчтай болсондоо эрхгүй нэг инээмсэглэж суугаа биз. Тэгэхээр дараагийн С.Молор-Эрдэнийг хаанаас олох вэ гэдгийг тэрбээр бодож амжсан л байж таараа.

Тэд нь ямар эрх мэдэлтэй боллоо гээд Н.Энхбаяр ах шигээ Ерөнхийлөгч болно гэж зүтгэх юм биш. Н.Энхбаяр ахыгаа хууран мэхэлж, ар хударгаар нь хутга энэ тэр барьж гүйх ч биш. Анхандаа цөс ихтэй залуугийн цээжийг хөөргөж байж өөрөө эргээд хэн ч биш болсон болохоор өдгөө тэрбээр У.Хүрэлсүхийг үнэнээсээ үзэн ядаж суугаа нь ойлгомжтой. Дээр нь С.Баяр гэгч хүний хүнийг анхнаас нь мэдсээр байж, М.Энхболдын оронд тавиулсандаа ч эмзэглэж буй нь лавтай. Иймд түүний хувьд өдгөө бяр муутай хэрнээ бяртай мэт хөөрч чаддаг цээжиндээ “ассан“ хөөрхөн дэмжигчдээ турхирч суухаас өөр сонголт байхгүй.

Гэхдээ иймэрхүү хошин жүжиг дэглэж, улс төрийн гаргалгаа санал болгосноороо Н.Энхбаяр гэдэг хүн ямар боломж хайгаад байгаа юм бэ. МАХН-ыг шинэчилснээр, МАХН-ыг эрүүлжүүлснээр Монгол Улс жинхэнэ утгаараа хөгжинө гэдэг хэн нь ч итгээд байгаа юм бүү мэд. Мэдсээр байж олны зүрх сэтгэлийг хөөрхөн гэгч нь хөөргөөд байгаа түүний одоогийн баг МАХН-д ялалт байгуулаад, байгуулсан ялалтынхаа бэлгэдэл болгож Н.Энхбаярыг Монголын улс төрийн өмөг түшиг болохыг зарлах нь л тэмцлийнх нь гол зорилго гэдэгтэй маргах ч утгагүй. Гэтэл түүн шиг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч адаглаад улс орондоо нөлөө бүхий том намын дарга байж үзсэн бусад орны лидерүүд уг нь агаарын бохирдол, дэлхийн дулааралд санаа тавиад байгаа харагддаг. Бас улс оронд болсон гамшгийн хор хохирлыг барагдуулахад туслахыг дэлхий нийтэд уриалдаг. Эс бөгөөс дэлхийн шилдэг сургуульд лекц уншиж, өөрийн мэдлэг боловсролыг бусдад гайхуулсан шигээ намбатай амарч буй жишээ хангалттай олон.

Гэтэл манай Ерөнхийлөгч асны хувьд арай биш ээ. Өөрийгөө тойрон хүрээлсэн дээрх жүжигчдийнхээ эгнээг нэмж, одоо л Монголдоо шударга ажиллаж, амьдрах ёстой гэдгээ ойлгосон хожуу ухааралтай нэг хүн л яваад байна. Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа үүнийгээ ойлгочихсон бол өөрт нь ч, Монголд ч хэрэгтэй байх байсан. Ялзарсан тогтолцоог бий болгочихоод өөрийнхөө бүтээсэн ялзралын эсрэг яаж ч тэмцэх гээд байгаа юм бүү мэд. Үүнийхээ оронд Билл Клинтон шиг лекц уншиж, өнгөрсөн хугацааны намтраа бичиж, нэр хүндийнхээ дархлааг улам бүр зузаатгаад суусан бол дээр байхгүй юу. Билл Клинтон шиг үнэд хүрч долоон жилийн хугацаанд 100 сая ам.доллар олохгүй ч гэсэн Монголдоо л үнэтэй хүн байж чадна шүү дээ. Ядаж л орчуулагч гэдгийг нь бодсон ч тэр. Харамсалтай нь тэр тэгж чадахгүй юм. Бүр арга ядахад холын жишээ хайж, холбож ойлгох гэж ядахын оронд Н.Багабанди шигээ титэм үг биш юм гэхэд “Тэрэлжийн тунхаг” огт өөр зүйлд санаа бодлоо илэрхийлж суусан бол дээр байхгүй юу. Бас П.Очирбат гуай байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүний намба зааж, хаа нэгтээ сайн мэддэг уул уурхайнхаа тухай ярьчихаад анхны Ерөнхийлөгчийн нэр хүндээ алдахгүйн төлөө инээгээд л алхаж байгаа нь бас л гоё шүү дээ. Тэгэхээр энэ зам огт зохихгүй байна шүү, Н.Энхбаяр дарга аа.

Г.ОТГОНЖАРГАЛ.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж