Э.Бат-Үүл: МАХН-д атаархаж л байлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: МАХН-д атаархаж л байлаа

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Энэ үеэр сэтгүүлч нар түүнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Саяхан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг Англид ба­ривчлалаа. Энэ хэргийн талаар танд ямар нэгэн мэдээлэл бай­на уу. Ер нь өнөөдөр төрийн нууц гэж байна уу?

-Б.Хурцыг баривчилсан асууд­лын нарийн цаад шалтгааныг  би үнэхээр хэлж мэдэхгүй нь. Яагаад гэвэл энэ чинь гүйцэтгэх албаны ажил болохоор улсын нууцад ха­маарна. Тусгай хяналтын дэд хо­­роон дээр л яригддаг асуудал шүү дээ. Тэр битгий хэл УИХ-ын ги­шүүдэд хэлдэг ч зүйл биш. Энэ та­лаарх мэдээлийг сонин хэвлэлээс л авч байна. Ер нь бидэнд мэдээлэх ч үгүй байх.

-Энэ асуулт танд төдийлөн хамаагүй байх л даа. Гэхдээ сая танай намын асуудалтай давхцаад МАХН нэрээ солих, зүүн барууны үзэл баримтлалтай болох  гээд нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Энэ тухайд та юу гэж бодож байв?

-Үнэхээр таны хэлдгээр надад бол МАХН юугаа ярих, хийх нь ямар ч хамаагүй. Гэхдээ манай намыг тамга тэмдгээ өгнө, өгөхгүй гэж жийлцэж байх үеэр МАХН-д атаархаж л байлаа. Яагаад гэхээр биднийг ийм асуудлын ард гарч чадахгүй үзэж тарж байхад МАХН үзэл баримтлал гээд философи, үзэл санааны юм ярьж байна. Манай гол өрсөлдөгч ийм түвшинд явж байхад бид юу хийж байна гэж бодож л явлаа.

-Үзэл баримтлалын хувьд танай нам ч, МАХН ч тогтворгүй болчихсон юм биш үү?

-Зүүн, барууны гэж яриад байгаа хүмүүсийг би тэр зүйлээ сайн ойлгосон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол зөвхөн үзэл санааны асуудал биш, эрх мэдлийн төлөөх тэмцэл болж мэдэх юм шиг санагдаад байгаа. Одоо аягүй бол цаашдаа МАХН бас тамга тэмдгийн асуудал гээд явах байх. Одоо зүүний нам нь барууны юм яриад, барууны нам нь зүүний юм яриад сонгогчдыг татаж л байвал хамаагүй болчихож. Манай нам ч гэсэн барууны гэж байгаа хэрнээ хамгийн зүүний  юм яриад явж л байна. Сая жишээ нь нийгмийн даатгал гээд л ярьж явсан.

-Танай нам доторхи фракцийн хувьд ямар байр сууринаас хандаж байна?

-Коммунист, Нацист нам л биш бол фракц байх л болно. Жишээ нь АНУ-ын Бүгд найрамдах нам абортыг дэмжинэ, дэмжихгүй гэд­гээрээ фракц болдог. Ярьж байгаа асуудлаараа л фракц болдог юм бай­на л даа. Харин манайд бол албан тушаал хөөсөн бүлгүүд нийлчихээд хийж байгаа үйл ажиллагаагаа фракцтай хольж хутгаад байдаг юм. Ерөөсөө одоо ямар асуудал байна түүн дээрээ тулгуурлаж фракц, лобби яригдах учиртай.

-Сүүлийн үед улс төрийн хүрээнд ахмад гишүүдээ аль ч нам нь ялгаагүй тэтгэвэрт гар­ах болсон гэх утгатай яриа их гарч байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг, бас АН-ын партизануудыг ч тэтгэвэрт га­рах болсон гэх юм. Харин та улс­төрчийн хувьд тэтгэвэрт хэзээ гарах вэ?

-Би бол яг үнэндээ тэтгэвэрт гармаар л байгаа. Таны хэлдгээр улс төрийн хувьд. Гэхдээ надад хийхийг хүсч байгаа хэд хэдэн ажил байна. Тэр нь юу гэхээр орон нутгийн эрх мэдлийг үндсэн хуульд заасны дагуу өөрт нь өгөх хэрэгтэй. Одоо бол Засаг дарга нар Засгийн газраас өгсөн мөнгийг түгээдэг жижүүр  болчихсон байгаа шүү дээ. Ямар ч эрх мэдэлгүй. Бас УИХ-ыг хоёр танхимтай болгоё гээд би байнга ярьдаг. Нэг нь ард түмний засаглалыг төлөөлсөн, нөгөөх нь хууль тогтоох танхим. Үүнийг л хийхэд оролцож чадвал тэтгэвэрт гарсан ч яахав дээ. Би чинь сэтгүүлчийн ажилд их дуртай. Юм бичих сонирхол ч их байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж