
Ирэх оны төсөв болон мөнгөний хувь заяа хаашаа эргэх нь бүрхэг байна. Яагаад гэвэл мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах баримт бичиг болон төсвийн төсөлд өөр хоорондоо авцалдаж өгөхгүй зүйл олон бий. Урьд жилүүдэд ч төсвийнх нь бодлого мөнгөний бодлоготой байнга зөрчилдөж ирсэн. Энэ хоёр бодлого хэр сайн уялдахаас улс орны эдийн засгийн ирээдүй хамаардаг. Харамсалтай нь улс төрийн намууд үүнийг үл тоон хавтгайрсан халамжийн хөтөлбөрүүдийг шил дараалан хэрэгжүүлсэн. Үүнээс үүдэн төсөв хэт тэлж, мөнгөний бодлогоор зохицуулахад ихээхэн хүндрэл учирдаг болсон. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр эдийн засаг хямарч элгээрээ хэвтсэний дараа хүүе, хайя болцгоож нэлээд олон нэр төрлийн халамжийг зогсоогоод амжив. Улстөрчид маань ухаан суув бололтой бүгд л дор бүртээ “Одоо ер нь бэлэн мөнгөөр ард түмнээ угжихаа больё. Үүний оронд бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, ажлын байр бий болгоход анхааръя” гэдэг боллоо. За ашгүй, энэ төрийн бодлого зөв тийшээ эргэлээ шүү гэж хэлж амжаагүй байтал яг л урьдын адил мөнгөөр “бөмбөгдөх” ажлаа сэргээдэг байгаа. Зүсээ хувилгасан болохоос бэлэн мөнгө тараах ажил үргэлжилдгээрээ үргэлжиллээ. Одоо Хүний хөгжил сангаас иргэдэд олгож байгаа мөнгөнд урьдын халамжаас нэг л ялгаа бий. Талыг нь бэлэн, талыг нь бэлэн бусаар гэсэн ялгаа. Иргэд ч яах вэ. Үүнд нэг их санаа зовоод байдаггүй. “Төр засаг амласнаа биелүүлэх ёстой” гэсэн хатуу байр суурьтай. Ямар хэлбэрээр авах нь ч хүмүүст сонин биш. Нэг нь өгч, нөгөө нь авч л байвал болох нь тэр. Гэхдээ монголчуудад нэг давуу тал бий. Төрөөс бэлэн мөнгө өглөө гээд магнайгаа хагартал баярлах юм уу, өгсөнгүй гэж уурлаад гудамжинд гарч жагсахгүй. Зарим нэг иргэний хөдөлгөөнийг эс тооцвол шүү дээ. Иргэдийн хувьд ёстой л урсгалаар явж байгаа гэхэд болно. Харин төсвийн бодлогын алдааг мөнгөний бодлогоор цэгцлэх гэж үйлээ үздэг хүмүүс нь Монголбанкныхан. Үйлээ үзэх ч ёстой л доо. Тэд зохих үүргээ биелүүлэх гэж бас ч гэж чармайж байгаа. Харамсалтай нь тэдний зам дэндүү их бартаатай. Төв банкныхан энэ хэцүү за¬маар явахдаа аль болох донслохгүй, зүгээ алдахгүйг хичээв ч хэнэггүй Засгийн газар улам л хүндрүүлнэ. Хамгийн наад захын жишээ л гэхэд төв банк инфляцийг найман хувьд барихыг зорьж байсан боловч энэ хүсэл мөрөөдөл өдгөө нэгэнт талаар болсон. Л.Пүрэвдорж ч үүнийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ 10 хувиас хол давуулахгүй гэсэн найдлага тавьж буйгаа илэрхийлсэн. Ер нь Монголбанкны проблем зөвхөн инфляци биш. Инфляцийг хазаарлах зорилгоор мөнгөний бодлогоо хатууруулахаар зээл олголт зогсчихно. Тиймээс дахиад л өөр арга бодох хэрэгтэй болно. Жишээ нь, энэхүү “уран жолоодлого”-ын нэг элемент нь валют, төгрөгийн ханш чөлөөтэй хөрвөдөг бодлого буюу төгрөгийн ханшийг тогтвортой чангаруулахын хажуугаар валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримтлах шаардлагатай болсон. Энэхүү бодлого ч тодорхой үр дүнд хүрч валютын нөөцийн хэмжээ өдгөө 1.6 тэмбум ам.долларт хүрсэн гэж байгаа. Оны эцэс гэхэд энэ хэмжээ нэлээд нэмэгдэх хандлага бий. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор төг¬рөг цаашид улам чангарах нь тодорхой. Ялангуяа, уул уурхайн томоохон төслүүд эхний үр ашгаа өгч эхлэх 2013 оны үеэс огцом өөрчлөлт гарна гэж эдийн засагчид тооцоолж байна. Төгрөгийн ханш чангарах нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, импортыг хямдруулах зэрэг олон сайн талтай. Гэвч сайн муу хоёр хэзээд зэрэгцэж явдаг жишгээр экспортын үр ашгийг буруулах эрсдэл хүлээж буй. Тиймээс дээрх эрсдэлээс сэргийлэхийн тулд Монголбанк мөн л бодлогоо өөрчлөх буюу өөр зам хайх шаардлагатай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогыг шууд л дардан замаар сүнгэнүүлэх боломж хомс байна гэж хэлж болох юм. Мөн дээр нь төсвөөс шалтгаалсан бартаа саад тасралтгүй үргэлжлэх магадлал өндөр байгаа.
Ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах баримт бичгийн төслийг өнгөрсөн сарын 30-нд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж УИХ-д өргөн барьсан. Мөн 2011 оны төсвийн төсөл болон Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг ч УИХ хэ¬лэлцэхэд бэлэн болоод байгаа. Хэрэв УИХ эдгээр төслийг яг өргөн барьсан хэмжээнд нь хэлэлцэн баталж, улмаар Засгийн газар үндсэн чиглэлийг алдагдуулалгүй хэрэгжүүлж чадвал төв банк мөнгөний бодлогоо цаашид өргөтгөх, тэлэх боломжтой хэмээн үзэж буй. Харин оны дундуур төсвийн зарлага нэмэгдэж, алдагдал өсвөл дээрх найдлага тасрах аюултай. УИХ-д өргөн барьсан төслөөр бол улсын нэгдсэн төсвийн нийт орлого гурван их наяд 56.8 тэрбум, зарлага гурван их наяд 250.7 тэрбум төгрөг болж байгаа. Харин алдагдал нь 193.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 2.5 хувьтай тэнцэж байгаа юм. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх, тодотгох шатанд байдал үүнээс ч хүндэрч мэднэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Төсвийн тогт¬вортой байдлын тухай хуулийн дагуу зэс, нүүрсний үнийн өсөлтийг тооцож, Тогтворжуулалтын санд ойролцоогоор 170 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна билээ. Мөн жил тойрон хэл амны бай болсон УИХ-ын гишүүдийн тойрог бүрт хуваарилах тэрбум төгрөгийг ч ирэх оны төсөвт дахин тусгаад байгаа. Бас иргэн бүрт сард 21 мянган төгрөг өгнө. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг энэ сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмсэн. Аймаг бүрт 560 сая, нийслэлд 24 тэрбум төгрөгийн төсөв нэмж олгохоор болсон гээд мөн ч олон төрлийн зарлага бий. Орон нутаг дахь хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг боловч үүнийг дагаад Монголбанкны шаналгаа улам нэмэгдэж байгаа юм. Энэ бүхнээс үүдэн ноён Л.Пүрэвдорж “Ирэх онд инфляцийг заавал 4-6 хувьд барина гэж шахахгүй” хэмээн мэдэгдсэн нь нэг талаар аргаа барсан хүний үг шиг сонсогдсон. Гэвч нөгөө талаар “Төв банкныханд инфляцийг бууруулах хүсэл алга” гэсэн сөрөг хандлагыг ч бий болгоод байгаа юм. Ядаж байхад инфляци буурахгүй байхад Монголбанкнаас саяхан “Оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нэг пунктээр бууруулах боломжтой” гэсэн агуулга бүхий мэдээлэл хийсэн нь дайран дээр давс нэмэх шиг болов. Уг нь тэд бодлогын хүүгээ бууруулна гэж яг таг хэлээгүй. Бууруулах боломжтой гэдгээр ойлгох хэрэгтэй хэмээн учирлаж байгаа. Мөнгөний бодлоготой холбоотой учраас тухайн үед нь л шийдэх нь дамжиггүй. Ямартай ч Монголбанкныхан нэгэнт туулах ёстой энхэл донхолтой замаараа явдгаараа явах нь тодорхой. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэнтэй холбоотойгоор үнийн өсөлт бий болж, инфляцийн хүлээлтийг эвдвэл энэ саадыг гэтлэн гарах үүрэг төв банкинд л оногдож байгаа. Тэд ч тийм нөхцөл байдал үүсвэл шийдвэртэй арга хэмжээ авч таслан зогсооно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн. Гэхдээ нэг сонин зүйл бий. Нэгэнт болоод өнгөрсний дараа арга хэмжээ авлаа ч иргэдэд учирсан хохирол арилдаггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх бодлого л юу юунаас чухал гэдэг нь ойлгомжтой. Даанч Монголбанкныханд тийм бодлого боловсруулах боломжийг төрийн бусад институциуд олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, төв банкны явах замыг УИХ, Засгийн газар бэлдэж өгдөг учраас ямар зам байна түүгээр л явахаас аргагүйд хүрдэг. Басхүү урд нь гэнэт өөр, өөр, толгой эргүүлсэн олон зам гаргаад тавьчихдаг учраас тэр болгоны эвийг олж, донсолгоог нь гаргаж явах гэж Монголбанкныхан үйлээ үзэж байх шиг байна.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин-