Да.Ганболд: МАХН бол АН-ын дэргэд балчир шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Да.Ганболд: МАХН бол АН-ын дэргэд балчир шүү дээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Хэдийгээр та өнөөдөр төрийн алба хашиж байгаа ч иргэн Да.Ганболдын хувиар бус АН-ын улстөрчийн хувьд энэ албанд ирсэн. Тиймээс АН-ын дотоод хямрал, өнөөгийн нөхцөл байдлын талаар ямар үнэлэлт дүгнэлттэй байдгийг тань сонирхоход татгалзахгүй байх?

-Татгалзах юу байх вэ. Би Ардчилсан намын ууган гишүүний хувьд тэр өнцгөөс л намаа харж байна. Хорин жилийн ойн энэ өдрүүдэд эргэн харахад 1990 оноос хойшхи Монголын хамгийн шинэхэн түүхэнд ард түмний, хүмүүсийн бодол санааны зөрчлийн түүх л  үргэлжилж байна. Яагаад гэвэл амьд хүний түүх дандаа зөрчил, маргааны түүх байдаг. Ардчиллын гол ялгаа нь энэ зөрчлийг хэрхэн шийдэх механизм, хуулийн орчин, маргааныг таслан арга барилаараа өөр байдаг юм. Нэг зөрчлийг шийдсэнээрээ дараагийн зөрчлийг үүсгэх суурь бий болдог.

Зөрчил байхгүй бол хөгжил байхгүй болчихно. Тиймээс Ардчилсан намын зөрчлийн тухай ярья гэвэл Монгол Улсын хөгжлийн өнөөгийн үе шатны түүхийг ярих болно. Тантай ярилцаж буй энэ нөхцөлд улс төрийн хоёр том нам ээлжит Их хурлуудаа хийхээр зэхэж, бүр цаад утгаараа 2012 оны сонгуулийн бэлтгэлийг базаах ажилдаа бэлтгэж байна. Эдгээр нам зөрчлийг яаж шийдэж  буйг тус намуудын түүхээс харж болно.

-Танай намын хувьд зөрчлөө яаж шийдэж ирсэн юм бэ. Үүний үр дүн нь юунд байна?

-Ардчилсан намд тухайн үед бие даасан 3-4 нам нийлж, салж, дахин нийлж, таны хэлснээр олон зөрчлөөр дамжин өнөөдрийн түвшинд хүрсэн. Гэхдээ өнөөдөр миний багцаагаар Монголын хүн амын тэн хагас нь энэ намыг дэмжиж байна. Амьдралыг харахад зөрчил гэдэг нь УИХ-ын хэдэн гишүүн, намын удирдлагад байгаа хүмүүсийн асуудал бус нэг сум, нэг аймгийн дотор өчнөөнөөрөө байгааг бид харж байгаа. Үүнийг шийддэг механизмаа арай соёлтой, энэрэнгүй, ил тод, илүү ойлгомжтой болгохын төлөө л 20 жил бид зүтгэлээ. Мэдээж бид төгс төгөлдөр хүмүүсийг цуглуулж чадаагүй. Учир нь тэр үед ямар ухамсар, ёс суртахуунтай хүмүүс байсан тэд л өнөөдөр ажиллаж байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд залуус улс төрд анхны алхмаа хийж байгаа ч тэд хаанаас, хэнээс сурсан бэ гэвэл ялгаагүй л ямар нэг байдлаар МАХН, АН-д ажиллаж байгаа хүмүүсийн эерэг болон сөрөг үлгэр дуурайллыг харж төлөвшиж байна. Мөн энэ хугацаанд өөр жижиг намууд гарч ирсэн. Тэд ч бас өөрсдийн гэсэн зөрчилтэй, түүнийгээ даван туулж байгаа. Тиймээс зөрчил гэдгийг өргөн хүрээнд ойлгож, хардаг байя. Эцсийн дүнд тухайн намын үйл ажиллагааны үр дүнд тэр бүр улс төрөөр амьсгалдаггүй жирийн хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгдөж байна вэ гэдэг л чухал болохоос Да.Ганболд, Э.Бат-Үүлтэй үг зөрсөн, УИХ-ын хоёр гишүүн маргаснаас болж асуудлыг буруу шийдсэн эсэх нь хамаагүй. Нийт иргэдийн дийлэнхийнх нь амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгээс л тухайн намын үйл ажиллагааг дүгнэж болно. Би АН-ынхаа дунд  явж байна. Маргах, хэлэлцэх үедээ үгээ хэлчихдэг. “Та хоёр маргаад байна, ерөөсөө битгий марга” гэдэг байр суурийг сайн ойлгодоггүй.

-Танай намын гишүүдийн зарим нь  хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлдэг. Та тэдэнтэй санал нийлэх үү?

-Улс төр бол тодорхой цаг хугацаанд өөрийн өвөрмөц онцлогтойгоор цааш явдаг. Жишээ нь жолооч хүн очих газрын онцлог, замын тэмдэглэгээнээс шалтгаалан тодорхой хурдтай явдаг. Улс төрийн нам ч гэсэн зарчмын хувьд үүнтэй төстэй. Гэхдээ ерөнхий очих газар, зүг чигийг нь яг таг урьдчилан томьёолж болдоггүйгээрээ ялгаатай. Тиймээс ардчиллын олон зуун жилийн түүхтэй дэлхийн зарим орныг харахад ч Монголтой төстэй зүйл олноор ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол байтугай их гүрнүүдэд хоорондоо өрсөлдөж байсан улс төрийн том хүчнүүдийн ард түмнээс авдаг санал, дэмжлэгийн харьцаа улам л ойрхон болоод байна. Германд түрүүчийн сонгуулиар улс төрийн гол өрсөлдөгчид хүчин Христийн  ардчилсан холбоо, Социал демократ нам хоёр тэнцүү санал авч хамтарч Засгийн газраа байгуулсан. Олон арван сонгуулийн турш өрсөлдөгч байсан ч хамтрахаас өөр арга зам байсангүй. Ардчиллын ууган орнуудын нэг Англид өнгөрсөн сард болсон сонгуулиар гурван том намын аль нь ч олонхийн санал аваагүй. Аль хоёр нь хамтрах вэ гэдэг хэлэлцээр сар гаруйн хугацаанд үргэлжилж байж Засгийн газраа бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл хоёр, гурван хүний хүссэнээр болдоггүй. Өнөөдрийн хамтарсан Засгийн газарт эрх баригч ба сөрөг хүчин гэсэн зарчмаар явбал шийдэж чадахгүй байх олон асуудал байсан. Тийм учраас сонгодог зарчмаас ухрах зайлшгүй шалтгаан байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хэрэв эрх баригч ба сөрөг хүчин гэсэн сонгодог зарчмаар явсан бол байдал ямар байх байсан бол. Тэгэхээр та стандарт бус гэж нэрлээд байгаа энэ шийдвэрийн үр дүнд та сэтгэл хангалуун байдаг байх нь ээ?

-Хэрэв тийм байдлаар явсан бол хоёр хүчний харьцаа ойрхон учраас аль нэг тал нь блоклох бололцоотой. Тэр тусмаа олонх болсон хэсэг нь дотроо зарим асуудал дээр нэгдмэл хатуу байр суурин дээр байж чадахгүй тохиолдолд сөрөг хүчин өөрийнхөөрөө тоглох боломжтой болдог.

-Та 1996-2000 оны Ардчилсан намын Засгийн газрын жишээг хэлж байна уу?

-Тиймээ энэ үед засаг барьж байсан Ардчилсан намын Засгийн газар үүний хор уршгийг хангалттай харуулсан.  Онц ноцтой, томоохон асуудал дээр зөрчилтэй байгаа үед тухайн үед 25 гишүүнтэй байсан МАХН-ын бүлэг, цорын ганц бие даагч О.Дашбалбар агсан нийлээд 50 гишүүнтэй олонхийн бүлгийн үйл ажиллагаагаар тоглож, самарч чадсан. Тиймээс ойрын жилүүдэд шийдвэрлэх ёстой томоохон асуудлыг хамтдаа шийдвэрлэхээс өөр арга байгаагүй. Оюутолгой, Тавантолгой, Цөмийн энерги шиг том хэмжээний төсөл, ирээдүйн хувь заяатай холбоотой шийдлүүдийг Монгол Улс өмнө нь бие дааж хэзээ ч шийдэж байгаагүй. Бодож төсөөлөө ч үгүй ийм том шийдвэрийг “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн хамтдаа хийснээр алдаа нь бага байх болов уу гэсэндээ ийм шийдэл гаргасан байх. Ийм үед шаардлагагүй асуудлаар улс төрийн ял тохохгүй байх нь дээр биз дээ.

-Үүнээс болоод ирэх сонгуульд ялагдвал АН-ын өнөөгийн удирдлагууд хариуцлага хүлээх болов уу?

-Магадгүй саналын дүнгээс шалтгаалаад дараа дараагийн удаа ч иймэрхүү шийдвэр гаргахыг би үгүйсгэхгүй. Тийм ч учраас 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орох эсэх тухай асуудлыг ярьж байхад дотроо олон зүйлийг эргэцүүлсний эцэст “Орох нь зүйтэй” гэсэн байр суурьтай байсан хүмүүсийн нэг нь би юм. Өнөөдөр ч би тэр шийдвэрээсээ ухраагүй. Цаашид орон нутаг, нийслэлийн сонгуульд ч ийм бололцоо бүрдвэл хамтрах нь зүйтэй гэж үзээд одоо энд ажиллаж явж байна.

-Танай намын дотор Ардчилсан хүчний холбоо гэдэг байгууллага гараад ирлээ. Өөрсдөө ТББ гэж тайлбарладаг ч фракци болох төрхөө олчихжээ. Ингэж нам хуваагдах тусмаа намын удирдлагаа буруушаадаг, хагарлыг бий болгодог шүү дээ. Та тэднийг дэмжиж байна уу?

-Дахиад хөндлөнгийн жишээн дээр тайлбарлая. Хаашдаа л хэзээ нэгэн цагт үхэх юм чинь гээд дөнгөж төрсөн хүүхдийг алж болдоггүй. Үүний нэгэн адил сайн ч, муу ч ямарваа процессийг цагаас нь өмнө хүчээр зогсоож болохгүй. Улс төр үүнтэй л адилхан. Онолын хувьд арай соёлтой, зарчимтай тоглоомын дүрэм рүү дөхөх мөрөөдөл би болон манай намын бүх гишүүнд байгаа. Гагцхүү өнөөдрийн амьдралын орчин, намд гишүүнээр элсч байгаа хүмүүсийн боловсрол, мэдлэг, туршлагыг харгалзаж үзэхээр өөр аргагүй. Манай намынхан ч бүгдээрээ “арван хуруу тэгш” гэж би бодохгүй байна. Тиймээс зовлон бий. Фракци үүснэ гэдэг нь анхнаасаа л манай намд байсан. Өнгөрсөн цаг үеэсээ өвлөж авсан удамшлын шинж тэмдэг. Ойрын жилүүдэд энэ үзэгдлээс ангижирч чадахгүй. Миний хүссэнээр болдогсон бол яамаар байна гээч. Ардчилал өндөр хөгжсөн орнуудын намын дүрэмд байдаг нэгэн заалт бий. Тухайн намын өмнө тулгарсан онц ноцтой сэдвээр фракци, бүлэг байгуулж болно гэсэн байдаг. Энэ бол сонгодог зарчим. Харамсалтай нь өнөөдөр Монголын ардчилал балчир байна.

-Тэгвэл олон жилийн түүхтэй МАХН-д таны дээр хэлсэн фракци байгуулж болох  зарчим үйлчилж болох нь ээ?

-Яг ардчилсан зарчмаар яривал МАХН манайхаас ч балчир нам. Яахав, нийт намынхаа Монголын улс төр дэх түүхээрээ 70, 80 жил гэж ярьдаг боловч шинэ Үндсэн хуулийн дагуу орж ирсэн, мөн  дотоод зөрчлөө шийдвэрлэдэг зарчмаараа биднээс залуу нам гэж үзэж болно. Тиймээс АН-ын хувьд тодорхой хүн, хэсэг бүлэг хүмүүсийг дагаж фракци байгуулдаг зарчим амь бөхтэй байна. Энэ нь МАХН-ын дангаараа төр барьж байх үеэс Монголын нам болон нам бусчууд, амьдрал, түүх, улс төрийн соёлд уламжлагдаж ирсэн үзэгдэл гэж би үздэг. Хэзээ нэгэн цагт эрүүл хэлбэр рүүгээ орох ёстой.

-Яаж?

-Жишээ нь Татварын асуудлаар би өөрийн намын гишүүнийг дэмжиж байлаа гэхэд дэд бүтэц, уул уурхайн асуудлаар нөгөө намын гишүүнтэй санал нийлж яагаад болохгүй гэж. Энэ бол ардчилал.

-Сүүлийн үед намуудын үзэл баримтлалын асуудал анхаарал татах боллоо. Иргэн бүр нам болгоны үзэл бодлын онолыг судалж ойлгох албагүй. Эцсийн бүлэгт иргэн бүрийн амьдралд нааштай өөрчлөлт орсон байх нь л чухал биш гэж үү?

-Намуудыг баруунтан, зүүнтэн гэж ярьдаг ч сүүлийн үед дэндүү бүдүүлэг, хэт хялбарчилсан ойлголт газар авч байна. Энэ бол буруу. “Баруунтны нам нь баячуудыг балиашигладаг. Зүүнтнийх нь арай өөр буюу ядуусыг төлөөлдөг” гэсэн ойлголтоор улс төрийн боловсрол нимгэнтэй хүмүүст зориулж домог зохион түгээж байна.

-Та МАХН-ын зарим хөдөлгөөнөөс зохион байгуулсан хэлэлцүүлгийг хэлж байна уу?

-Тийм ээ. Ялангуяа МАХН-ын зарим нэгэн судлаач, үзэл баримтлалаа уралдуулагчид баахан хэлэлцүүлэг зохион байгууллаа шүү дээ. Олон хүний хэлсэн, ярьсныг уншлаа. Ихэнх нь дээрх хэт хялбаршуулсан ойлголтыг өгөх гээд байна. Энэ нь МАХН-ын болон манай намын ч дотор баруун, зүүнээ мэдэхгүй, яагаад баруунтан, зүүнтэн болсноо ойлгоогүй яваа өөрийн байр суурь нь гүйцэд төлөвшөөгүй хүмүүс нь намдаа болон улс төрд нэр хүндтэй, нөлөөтэй тодорхой хүнийг дагадаг. Эсвэл хэсэг бүлэг хүмүүс нэгдэж тийм хүчирхэг бүлэг байгуулахыг хүсч мөрөөддөг. Үүний ач холбогдол аажмаар буурна. Улс төрчид, тэр тусмаа шийдвэр гаргагчид өөрсдөө мэдлэгтэй, мэдээлэлтэй, мэдээлэл нь үнэн бодитой, түүндээ дүн шинжилгээ хийж, эргэцүүлж, харьцуулж чаддаг, ямар ч тохиолдолд янз бүрийн жишгүүдийг мэддэг, төсөөлдөг. Ийм хүмүүс улс төрд түлхүү ордог болсон цагт хүнийг юм уу, бүлгийг дагасан фракциуд цөөрч, тухайн асуудалтай холбоотой тодорхой байр суурь дээр фракци үүсдэг. Ийм фракци нь байнгын шинж чанартай бус, шилжиж, хувирч, саармагжиж, эсвэл хүчирхэгжиж болдог байх учиртай.

-Та фракциудын дунд ч солиод яваад байж болно гэх гээд байна уу?

-Нэг л фракцид орсон бол тэнэг ч, ухаантай ч шийдвэр гаргасан сохроор дагамааргүй байна. Хэн, юу ярьж байна, тухайн фракцийн үйл ажиллагаанаас намд ямар үр дагавар ирэх гэж байгааг харна. Тэгээд дэмжих, үгүйгээ шийднэ. Тиймээс би фракциудын заримынх нь дотор ороод явдаг тохиолдол бий. Ер нь бүгдээрээ л манай намын гишүүн шүү дээ. Бүгдтэй нь би хүнийхээ хувьд журмын нөхөр учраа дайсагнахгүй.

-Монголын улс төрд 20 гаруй жилийг элээснийхээ хувьд та МАХН-тай хүссэн хүсээгүй нэг завин дээр явж ирлээ. Гэтэл өнөөдөр МАХН-ын эрт, эдүгээгийн хоёр “капитан” цаашид хөлөг онгоцоо яаж залах хувилбаруудаа намынхандаа танилцуулж, нэг ёсондоо уралдаж эхэллээ. МАХН-ын үзэл баримтлал Монголын хувь заяатай хамаатай учраас хэдийгээр өөр намынх ч гэсэн танаас асуухад буруудахгүй байх. Аль нь Монгол Улсын цаашдын хөгжил, ирээдүйд хэрэгтэй юм бол?

-Түүх сөхье. Ардчилсан нам албан ёсоор бүрдээгүй байхад, УИХ-д МҮДН, АН, МСДН  хэдийгээр эвсэл болж орсон ч намын зохион байгуулалтын хувьд тусдаа байлаа. УИХ-д  бид цөөхүүлээ. Би  МҮДН-ын дарга,  Р.Гончигдорж маань МСДН-ын дарга байв. Тэр үед би энэ намын талаар хатуу байр суурьтай байсан. Энэ нь “Нэгэнт бид 1990 онд МАХН-ын дансыг хураагаагүй, үйл ажиллагааг нь зогсоогоогүй, хуулиар хориглоогүй. Тийм зорилт ч тавиагүй учраас хууль эрх зүйн зарчмын хувьд тус намыг хүлээн зөвшөөрч парламентын зарчмаар өрсөлдөж явъя гэсэн шийдэлд хүрсэн юм бол энэ намыг Монголын хөрсөн дээр байдаг ардчилсан тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь болгоё. Энэ нам зүүн, баруун байх нь тэдний хэрэг. Ардчилсан зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой” гэсэн байр суурь юм. Тийм учраас МСДН Соц интерний гишүүн болчихсон байсан. Ардчилсан нам Олон улсын ардчилсан холбоо буюу өөрийн тань хэлснээр баруун төвийн намуудын эвсэлд 1993 онд элсчихсэн байлаа. Тэгээд би Р.Гончигдоржид “Хоёр намаа нийлүүлье. Баруунтан, зүүнтэн гэхээ больё. Ардчиллын төлөө явъя. Харин МАХН-д Соц интерний гишүүн болох замыг тавьж өгье. Хууль ёсоороо энэ нам зүүн төвийн нам нь болоод яваг” гэж хэлж байсан. Харамсалтай нь нэгдмэл зохион байгуулалтад ороогүй. Зөвхөн эвслийн хэлбэрээр 1996 оны сонгуульд ялсан. МАХН өөрөө 1992-1996 онд үзэл баримтлалаа тодорхойлоогүй, Нагаржунайн онол, төв үзэл гэх мэт үл ойлгогдох сонголт хийгээд явж байлаа. Дотроо ч багагүй зөрчилтэй байсан. УИХ-д 70 гишүүнтэй, эрх мэдэл хангалттай, засгаа дангаараа барьж байлаа. Гэтэл бид тав, зургуулхнаа адлагдаад сууж байв.

-МАХН цөөнх байхдаа ч та нарыг хөөрхөн дөнгөөд л байсан шүү дээ?

-Тийм ээ. Дээр би хэллээ. Нам нийлж нэгдээгүй. Дотоод зөрчлүүд, тодорхой байр сууринаас үүдсэн маргаан олонтаа гардаг байсан. Энэ маргаан дээр цөөнх болсон МАХН биднийг “сайхан хагалдаг” байлаа л даа. Үүнийг шударга хэлнэ. Үүний дүнд хэчнээн удаа Засгийн газар солигдов. Улмаар 2000 онд “навсайтлаа” ялагдсан шүү дээ. Тэгэхээр зөрчил гэдэг нь ямар ч нийгэмд байдаг. Японыг хар. Хэн тэднийг хөгжилгүй, болхи, ядуу, ардчилалгүй гэх юм бэ. Гэтэл он гарсаар хэдэн Ерөнхий сайд сольсныг харж байна уу. Тэглээ гээд Японыг ардчиллын цагаан толгой мэдэхгүй гэж хэлэх аргагүй. Ямар нэгэн түүхэн зурвас үед тодорхой асуудлыг зөв шийдэж чадаагүйгээс болоод, эсвэл Засгийн газрыг сольж байгаа нь өөрөө уг зөрчлийг даван туулах арга зам ч байж болох юм. Аль нь болохыг хожим түүх харуулна. Эрх баригч нам галыг огцорч буй Ерөнхий сайд нарт тохоод намын олонхоо аваад үлдэж байж ч мэднэ. Би хувьдаа Японы нийгэм, улс төрийн соёл, хэдийгээр огцорч байгаа ч гэсэн улсаа, намаа гэсэн улстөрчдийг нь үнэлж зөв алхам хийж байна гэж бодож байна. Тиймээс би манай намын доторх зөрчил ч улс төрийн деалектик буюу туулж яваа замын онцлогийг ойлгож зөвөөр хараасай гэж хүсдэг.

-Дахин асууя. С.Батболд, Н.Энхбаяр нарын алиных нь үзэл баримтлалын төсөл Монгол орны эдийн засаг, ирээдүйн хөгжилд хэрэгтэй вэ?

-Гончигоо бид хоёрын дээрх маргаанаас түүхэнд ямар ул мөр үлдсэн бэ гэвэл МСДН, МҮДН хоёр нийлсэн. Уг нь бүр 1992 онд нийлсэн бол үр дүн нь илүү байх байсан болов уу. Цаг алдана гэдэг ийм л хайран байдаг. Эцсийн дүнд МАХН Соц интерний гишүүн болсон. Энэ нь зөвхөн МАХН-д төдийгүй Монголд хэрэгтэй байсан. Монголын төрийг ээлжлэн барьдаг хоёр нам хоёулаа олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, төстэй үзэл бодолтой,  бусад орон дахь түнш намуудтайгаа холбоотой, онол, баримтлал, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаанаас суралцдаг болсон. Тиймээс би МАХН-ыг АН-аас арай балчир гээд хэлчихлээ. Өөрөөр хэлбэл хэтэрхий зохион байгуулалттайгаар хэсэг хүмүүсийн шийдвэрийг дагадаг нам. Ийм нам тодорхой зурвас үед ялалт байгуулж болдог. Харамсалтай нь дандаа тийм зарчмаар явдаг нам улс орондоо их гай тарьдаг. Ил тод маргааныг хаадаг, улс төрийн шийдвэр гаргаж буй механизм нь ойлгомжгүй, хуйвалдаан ихтэй. Нөлөөтэй хүмүүсийг зусардах явдал олонтаа гардаг. Тухайн хүнийг хүрээлсэн фракци МАХН-д байна. Жишээ нь өнөөдөр Н.Энхбаяр даргын хувьд Монгол Улсад төлөвшүүлж чадсан зарим бузар булай тогтолцоо гэх үү дээ, тэр нь яриад байгаа сайхан зүйлээс нь зөрөөд байна. Намын жирийн гишүүд тэр бүр үүнийг ялгаж салгахгүй. Тус намын бүх үйл ажиллагаа олон нийтэд ч, гишүүддээ ч тэр бүр ил тод байгаагүй.

-Та өнөөдөр МАХН дахь томоохон фракцид тооцогддог М.Энхболдын буюу хотын фракцийнхантай нэг тогоонд ажиллаж байна. Хэцүү биш гэж үү. Танд болон таны ажилд саад болох тохиолдол байдаг уу?

 -Нээлттэй хэлэхэд саад байна. Яагаад гэвэл хувь хүн талаасаа, улс төрд удаан хугацаанд явсны хувьд МАХН-ынхантай мөр зэрэгцэн ажиллаж сурсан. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед барааны хомсдол, иргэдийн ядуурлыг АН-ын Д.Дорлигжав бид хоёр дээр тохоод байсан бол ардчилал өнөөдөр өдий дайтай хөгжихгүй л байсан. Энэ бүхний эцэст  Монгол Улс л хожсон. Үүний нэгэн адил нийслэлийн фракци ч гэнэ үү, М.Энхболд, Т.Бадамжунайн бүлэг ч гэнэ үү. Ардчилсан намын төлөөлөл хотын дарга Г.Мөнхбаярын “дор” ажилласнаар  Улаанбаатар хотын амьдралд гарч буй мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч байгааг илүү олж хараасай гэж хүсч байна. Зам засвар, хөрөнгө оруулалт, цэцэрлэгжүүлэлт, утааны эсрэг бодитой алхмуудыг зөв үнэлээсэй.  Зөвхөн улс төрийн үүднээс хардаж сэрдэх, дайсагнах биш, Монгол Улсын иргэн, монгол улстөрчид гэсэн эрүүл уур амьсгалыг бий болгож, үүнээс хотынхон хожиж байгаад би илүү ач холбогдол өгмөөр байна. Мэдээж 2012 оны сонгууль эхлэхэд янз бүрийн зүйлээ ярьж л таарна. Улс төрийн дүгнэлт өгөх ёстой зүйл дээр бол дуугүй байж болохгүй. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд харж, олны эрх ашгийн үүднээс асуудалд хандах ёстой. Энэ нийгэмд хамтарч болдог, хамтарсан тохиолдолд үр дүнд хүрдэг юм байна гэсэн дүгнэлттэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж