Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэл

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт дургүйчүүдийн нэгдэл

Н.ЭНХБАЯР БА М.ЭНХБОЛД

2005 онд Н.Энхбаяр МАХН ба УИХ-ын даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. 2000-2004 онд парламентад 72 суудалтай байсан намаа ялаг­дуулж  38 суудалтай бол­госны  хариуцлагыг  үүр­­сэнгүй.  Харин ч бүр дэв­шив. Ардчилсан намтай нийлж Эвслийн Засгийн газар байгуулж Ерөнхий сайдаар Ц.Элбэгдоржийг томилуулав.   Хоёр нам ээлжлэн  хоёр хоёр жилээр Ерөнхий сайдаа тавина гэсэн гэрээ байгуулж их л нөхөрсөг байдлаар Засгийн газраа байгуулаад  энэ бол “хаан сонголт”гэж пиардав. Тэгснийхээ да­раа   Н.Энхбаяр С.Баярыг Москвагаас дуудаж “намын даргын ажлаа ав” гэсэн урилга илгээв.

Өмнө нь Гадаад хэргийн сайд болгоно гэж хуурснаа цайруулах шалтгаан хайж байгаа мэт царай гаргасан нь мэдээж.  С.Баяр ирлээ. Гэхдээ нэг болзолтой. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болгож өгөөд оронд нь намын дарга болох болзлыг түүнд тавьжээ. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялалт байгуулав.  Ерөнхийлөгч намаасаа түдгэлзэх учир намын даргын албан тушаал болон түүний сонгогдсон Баянгол дүүргийн 65 дугаар тойрогт хэнийг дэвшүүлэх вэ гэсэн асуудал үүслээ.  Хэвлэлүүд “мэдээж С.Баяр”гэсэн таамаг дэвшүүлсэн ч хол зөрөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд МАХН-ын хотын намын хорооны дарга байсан М.Энхболдыг Н.Энхбаяр гэнэтхэн гаргаж ирлээ.  Уг нь Бага хурлаасаа С.Баяр, М.Энхболд, Ч.Улаан нарыг дэвшүүлж өрсөлдүүлнэ гэсэн зөвшөөрөл халаасалсан  Н.Энхбаяр “Намын бодлого”гэсэн үгээр түрээ барин М.Энхболдыг намын дарга болголоо. Тэр С.Баярыг дахин хуурлаа. Гэхдээ 2005 онд “намын бодлого ”гэдэг нэрийдлээр С.Баярыг намын дарга болгох боломжоос мулталж байсан  бол  ердөө л  дөрвөн жилийн дараа 2009 онд С.Баяр түүнийг Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвших гэхэд нь “намын бодлого”нэрээр хасч орхих юм гэж зүүдлээгүй биз.  Дөрөвхөн жилийн дараа намынхаа Удирдах зөвлөлөөр нэрээ тануулж, Бага хуралдаа ч орж чадалгүй зүрхээ зүсүүлж буцах юм гэж Н.Энхбаяр яаж таах билээ. Хувь заяаны эргүүлэг гэдэг ийм.  Ингээд М.Энхболд 77.18 хувийн саналаар ялав. Дараагийн даваа нь УИХ-ын гишүүн болох байлаа.  Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой өрсөлдөнө гэдэг Нийслэлийн Засаг даргын хувьд хэцүү даваа шүү дээ. Гэвч Н.Энхбаяр дахиад л дунд нь ажиллаа. “Засгийн газрыг хэвээр  нь байлгана”  гэсэн ам өчиг өгөөд Ц.Элбэгдоржийн нэрийг татуулав.  Өөрөөр хэлбэл Засгийн газраар барьцааллаа. М.Энхболд УИХ-ын гишүүн болов. Н.Энхбаяр түүнд “Наад Элбэгдорж чинь чамаар оролдох гээд байна. Бушуухан огцруулахгүй бол юу ч болж мэднэ”гэсээр байгаад  Ерөнхий сайд болголоо. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахын тулд  намынх нь 10 сайд сайн дураараа огцрох өргөдлөө  өгсний дотор өнөөдрийн Ерөнхий сайд Сү.Батболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар байсан юм.  Ингээд М.Энхболд Ерөнхий сайд боллоо.  Түүнийг   Н.Энхбаярын дохиогоор хөдлөх ээлжит хүүхэлдэй гэсэн нийтлэлүүд тэр үеийн сонинуудын эхний нүүрийг өнгөлж байв.  Гэвч төдөлгүй байдал өөрөөр эргэв. Хүнтэй ил эвдэрдэггүй, улс төрийн тавцанд гялалзсан тоглолт огт хийдэггүй мөнөөхөн М.Энхболд чинь харин Н.Энхбаярын захиалгаар “хөгжим тоглох”-оос татгалзжээ. Гайхалтай юм боллоо.  Улаанбаатар хотын хамаг л газрыг зарсан газрын луйварчин гэсэн тодотгол М.Энхболдын нэрний ард байсхийгээд л гараад ирдэг. Гэвч нэр нь М.Энхболд боловч нэдэр дээрээ Н.Энхбаярын авгай О.Цолмон мэддэг байсан гэсэн яриа бий. Хэрвээ энэ үнэн бол М.Энхболд тэр үед “Одоо хангалттай” гэж бодсон биз. Салхи ч оруулдаггүй байсан  МАХН-д шинэчлэлийн уур амьсгал түрж эхлэв. Тэдний эвдрэлцлийн гол зангилаа бол Асгатын мөнгөний ордыг Оросын Полиметаллд өгөөгүйгээс эхлэлтэй гэж боддог. Н.Энхбаярын далдуур хуулиас гадуур арилжсан Асгатын ордын гэрээг М.Энхболдын Засгийн газар олж аваад  цуцалж  орхив. Парламентад 72 суудалтай намын дарга, Ерөнхий сайд байсан хязгааргүй эрх мэдэлтэй Н.Энхбаярын шуналд тэр хязгаар тогтоох гэж оролдлоо.  Москвад айлчилсан Н.Энхбаярыг Монголросцветмет нэгдэлтэй Полиметаллыг гэрээ байгуулж гарын үсэг зурахгүй бол Путин уулзахгүй гэлээ.  Н.Энхбаяр Москвагаас хичнээн утасдаад хашгираад тусыг эс олжээ.  М.Энхболдын утас руу залгахаар салгасан байв. Өөр хүмүүсээр олуулах гэхээр  “Намын дарга бүлгийн хуралтай байна”, “Ерөнхий сайд уулзалттай байна”гээд бултаад байх нь тэр. Яасан том толгой вэ. Хаан төрийн хасбуу тамгыг атгасан Ерөнхийлөгч ярьж байхад. Өөрийг нь намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болгосон ачтан ярьж байхад. Бачимдсан Н.Энхбаяр хүрч ирүүтээ л М.Энхболдыг огцруулах цахилгаан төлөвлөгөө боловсрууллаа. Онц их хурлын төлөө хөдөлгөөн байгуулав. Баахан шинэчлэлийн төлөө хөдөлгөөнүүд ар араасаа мэндэллээ. УИХ дотор “Элсний 13”үүслээ. Жигүүр хүч нэмлээ. Ингээд МАХН-ын ээлжит бус Их хурал хуралдуулав аа. М.Энхболдын Засгийн газар огцрох нь тодорхой болов.  Харин оронд нь хэн байж болох вэ. Дахиад л таамаглалууд хөвөрлөө.  Харин энэ удаа хэвлэлүүд алдсангүй. Н.Энхбаяр С.Баярыг дэмжүүлж намын дарга болголоо. Тэр үед С.Баяр, Н.Энхбаяртай үгсэн хуйвалдаж М.Энхболдыг огцруулав гэсэн дүгнэлт давамгайлж байсан. Тэгэхээс ч аргагүй. С.Баяр үнэхээр түүний дэмжлэгийг авсан юм.  2005 онд харилцаа нь хөрч эхэлсэн тэднийг эргээд найрамдаж байгаа тухай гэнэн тоймчид шогширч  эхлэв. Гэвч  С.Баяр Н.Энхбаярын  бодож байгаагүй тоглолтыг гэнэт хийсэн. Намын  дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг салгах тухай ярьж байхад “Эрх мэдлийг надад бүрэн өгөөч”гээд л хоёр албан тушаалыг  хоёуланг нь авчихсан. Их хурлын төлөөлөгчид С.Баярыг тэгтлээ дэмжих тухай тааварлаагүй байх. Бас М.Энхболдыг С.Баяр танхимдаа Шадар сайдаар үлдэхийг урилаа. Өнөөх нь хүлээн авав. Энэ юу болчихов оо. Тоглоом хяналтаас гараад явчихлаа.  М.Энхболдыг сул гишүүнээр үлдээх  ёстой атал Шадар сайд болгож танхимдаа авч үлдэх хувилбар юуг зөгнөв. Энэ бол Н.Энхбаярт аюултай зүйлийн  эхлэл байсан юм. С.Баяр, М.Энхболд хоёр учраа ололцчихсон байж шүү дээ. Хэн хэн нь Н.Энхбаярын тоглоом болж байгаагаа хэрвээ түүний өмнө  хориглох тэмдэг тавихгүй бол цаашид ч өөрсдөөр нь байнга наадсаар байхыг ойлгожээ. Тэд ний нуугүй ярьжээ. С.Баяр намын тамга, Ерөнхий сайдын албан тушаалыг авангуутаа л Н.Энхбаяр эсрэг нүүж эхэлсэн.   М.Энхболд ч гэсэн “усгүй талд цусгүй байлдах” дайнд орж явчихав. Харин энэ өргийг мэдээгүй хүмүүс М.Энхболд, С.Баяр хоёрын хооронд яс хаяж баахан гүйсэн дээ. Ингэж М.Энхболд, С.Баяр хоёр нэг талд зогслоо. Н.Багабанди, Ц.Нямдорж нар ч  нэг тугийн дор цуглав.  Одоо л жинхэнэ улс төрийн нүүдэл эхэлнэ. Харин У.Хүрэлсүх яах бол…

У.ХҮРЭЛСҮХ БА Н.ЭНХБАЯР 

Уг нь тэр 1991 оноос хойш МАХН-ын үнэнч гишүүн, гал унтраагч нь байсан. Намын дэргэдэх  залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулж Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. МАХН сонгуульд ялагдсан 1996-2000 онд парламент дахь намын бүлэгтээ зөвлөх болтлоо дэвшсэн. Харин Н.Энхбаярын хязгааргүй эрх мэдэлтэй он жилүүдэд тэрбээр үе үе өөдөөс нь  хатуу үг хэлчихдэг нэгэн болж тодорлоо. “Монголын төрийг та удирддаг юм уу, таны авгай удирддаг юм уу” гэж хэлж чадсан шинэ үеийн баатар болов. Хэвлэл мэдээлэл хаалттай, бүгд Н.Энхбаярыг тахин шүтэж байхад нүд рүү нь харж байгаад тэгээд хэлчих аавын хүү У.Хүрэлсүхээс  өөр байгаагүй л юм. Хамаагүй ээ, У.Хүрэлсүхийг муулах олон шалтгаан байдаг л байх. Гэхдээ үнэнийг айхгүйгээр хаалттай цаг үед хэлнэ гэдэг гавъяа юм шүү.  Мань хүн тэгээд хэлчихсэндээ нэг их юм санаж түүний эсрэг дарцаглаагүй нь дараа дараагийнх нь үйл явдлуудаас харагддаг. У.Хүрэлсүх тэгж хэлснээ мартчихсан. Харин Н.Энхбаяр бол хөмхийдөө зуусан. 

Гэхдээ түүнийг дэмжиж яваа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байж чадсан л даа. 2004 оны сонгуулиар тойргийг нь өгсөн. Ц.Элбэгдоржийн Засгийн газарт сайд болоход нь дэмжсэн. Дараа нь М.Энхболдын Засгийн газарт бас дэмжлэг үзүүлсэн гэж харагдаж болохоор байлаа. Гэвч УИХ-д Хөвсгөлөөс сонгогдсон залуухан гишүүн Ономоогийн Энхсайхан зуурдаар насан эцэслэж нөхөн сонгууль явагдах үед МАХН-аас Ц.Энхтүвшин байгуулсан. Харин тэр сонгуульд пургон машиныг  “Хадгаламж” банкны хэргээр ял авсан Чимэдсүрэн У.Хүрэлсүхийн нэр дээр өгснийг гэмт хэрэг болгож эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Үүнийг У.Хүрэлсүх өөрөө “Ерөнхийлөгч Н.Энхбаярын даалгавраар намайг шоронд хийх мастер төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ“ гэж шууд мэдэгдэж дуулиан дэгдээв. Мөн “Хадгаламж” банкны  хэрэгт  УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг татаж шалгах асуудал УИХ-аар орж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ тулав. Үнэхээр Н.Энхбаяр энэ хэргийг үүсгэж түүнийг шоронд хийхээр хичээсэн бол аймшигтай. Шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Улсын Ерөнхий прокурорыг ч мөн адил. Тиймээс энэ бүхнийг Н.Энхбаяртай наах нь   хамгийн бодитой байж болох хувилбар. Ямартай ч У.Хүрэлсүх өөрөө тийм мэдэгдэл хийж хэвлэлүүдэд ярилцлага өгч эхэлсэн юм. Анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял авсан У.Хүрэлсүхийн хэрэг эцсийн бүлэгт хэрэгсэхгүй болсноор үйл явдал дууссан.  Тэрбээр  М.Энхболдын Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаанд оролцоогүйгээр барахгүй эсрэг   ажиллаж байсан нь мөн л Н.Энхбаярт таалагдаагүй.  У.Хүрэлсүхийг шоронд явуулах ажиллагаанд цэг тавихад С.Баяр, М.Энхболд нар хүч хавсарсан учраас тэрбээр цагаадсан.  Болж өнгөрсөн үйл явдлыг эргэн санахад тэрбээр ямар айхтар юмны ирмэг дээр тулж очоод буцаж ирсэн юм бэ гэж хэнд ч бодогдохоор. Дараа нь 2008 оны сонгуульд тэр нэр дэвшсэнгүй. Хэрвээ дэвшсэн бол ялах ялагдахын аль нь байсныг хэлж мэдэхгүй юм.  Гэхдээ л У.Хүрэлсүхийн карьер  ингээд дууслаа гэж ажиглагчид дүгнэж байсан. Харин дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байлаа. Тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн  бичгийн дарга болов. Түүнтэй хамт нэр дэвшигчид бол  Г.Шийлэгдамба, У.Барсболд хоёр байлаа. У.Барсболд эцсийн мөчид нэрээ татсан. Энэ бол У.Хүрэлсүх нам доторх залуучуудтайгаа учраа ололцож чадсаны анхны дохио байлаа. Харин Н.Энхбаярын Засгийн газарт Байгаль орчны сайд, Түмэнгэрэлийн “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны хувь эзэмшигч байсан  Г.Шийлэгдамба л үнэнчээ харуулж нэрээ таталгүй санал хураалгасан боловч ичгэвтэр юм боллоо. Авсан санал нь энд бичихээр ч юм биш. Ингээд Н.Энхбаярт тун ашиггүй нөхцөл байдал үүсэв. С.Баяр намын дарга,  У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга, М.Энхболд Шадар сайд. Бурхан минь хувь тавилангийн элч яахаараа ингэж буцаад явчихдаг байна аа. Өөрөө хуурч хулхидаж явсан хүмүүс нь намын удирдлагын багт багтчихаж. Яаж Ерөнхийлөгчийн сонгуулийг давна аа. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам Н.Энхбаярын дахин нэр дэвших хөг өнгөрчээ гэж зарим хэвлэл шууд дүгнэж байсан. Хэрвээ Н.Энхбаяраас өөр хэн нэгнийг дэвшүүлсэн бол С.Баярт тун утгагүй байдал үүсэх байв. Зөвхөн С.Баяр ч биш, У.Хүрэлсүх, М.Энхболд нарт ч адил. Тэд нийлж байгаад Н.Энхбаяраас өс тайлсан хэрэг болох байлаа. Харин хамгийн боломжтой нэр дэвшигч бол С.Баяр өөрөө байсан юм.  Бараг сонгогдчих ч байсан биз. Гэхдээ тухайн үед МАХН доторх уур амьсгал Н.Энхбаярт талтай  хэвээрээ байлаа. Энэ бүхнийг соргог мэдэрсэн удирдлагууд түүнд дахин нэг боломж олголоо. Гэвч Н.Энхбаяр тэдэнд итгээгүй. Хувийн пиарчдаараа хэтэрхий түрэмгий загнасан нь амжилт олсонгүй. Ялангуяа сонгууль хаах үед өрсөлдөгчөө хятадын эрлийз гэж гүтгэсэн нэвтрүүлэг цацсан нь өөрт нь үхлийн цохилт болсон билээ. Элбэгээ сонгуулийн  сурталчилгаагаа  дуусгаад 80 гарсан ээжийнхээ өмнө сөгдөж уйлсан нь  санал хураалтад нөлөөлж илт давуу байдлаар ялах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Ингэж Н.Энхбаяр гудамжинд гарав. Ард түмэн түүнийг “баяртай” гэлээ.  Харин энэ явдал түүнд таалагдсангүй. Монгол төрийн бүх л албан тушаалуудыг ээлж дараалан хашсан тэрбээр гэртээ суухыг хүссэнгүй. Эргэж ноцов. Гэхдээ эрээ цээрээ алдав. Одоо тэрбээр яг л Л.Гүндалай шиг харагдаж байна. Харин түүний нөгөө талд МАХН-ын хамгийн хүчирхэг хүмүүс нэг нэгдэл болчихоод зогсож байгааг яагаад анзаарахгүй байна вэ. Тэд зүгээр явсан Н.Энхбаярыг түлхсэнгүй. Тэд Н.Энхбаярт хууртаж, хулхидуулж, түүний зөөсөн хов живэээс болж хоорондоо муудалцаж явж. Гэвч эцсийн бүлэгт энэ бүхнээ ойлгоод одоо нэгдмэл  болсон байна. Намынхан ч гэсэн Н.Энхбаярыг ямар тавьтаргүй хүн байсныг цаг хугацаа өнгөрөх тусам ойлгож эхэллээ. Одоо тэгээд яах гэж. Эвлэлдэж нэгдсэн хүмүүсийн өөдөөс ганцаараа хэрэлдээд ямар амжилт олох гэж. Эцэс төгсгөлгүй хэрэлдэж хэмлэлдсэний дараагаар түүнд ганцхан зам үлдэж байгааг харах болов уу.  Тэр нь юу байх бол… 

Л.МӨНХБАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж