Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар уулзав

Бүгд Найрамдах Финланд Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өчигдөр буюу айлчлалынхаа эхний өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын  Ерөнхий сайд хатагтай Мари Кивиниемтэй уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав.

“Манай улс хөгжлийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Ялангуяа уул уурхай, дэд бүтэц, төмөр замын төслүүд хэрэгжих гэж байна. Энэ бол байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө босгох, үр өгөөжөөс нь иргэддээ хүртээж, амьдралыг жигд дээшлүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх боломж юм. Энэ чухал цаг үед дэлхийд жишиг болсон танай уул уурхайн шилдэг технологийг нэвтрүүлэх нь бидний хувьд чухал байна. Бид байгалийн баялгаас олсон орлогыг хэрхэн ард түмэнд хүртээмжтэй зөв ашиглах талаар шийдэлд хүрсэн.

Монгол Улс хөгжлийн тусламжид найдахаасаа илүү өндөр хөгжилтэй, бидэнтэй олон талаараа төстэй Финланд Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, мэргэжлийн ур чадварыг нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлийг барьж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хороо Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна” гээд Ерөнхийлөгч зарим тодорхой саналуудыг тавилаа. . Тухайлбал худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, энэ чиглэлээр хамтран ажиллах, ой модны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах, Засгийн газар хоорондын хорооны хуралдааныг 2011 онд хийх, боловсрол болон нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах зэрэг тодорхой асуудлуудаар санал тавьж, харилцан ярилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Бид Финланд Улсын Ази дахь найдвартай түнш байх боломжой. Европын Холбооны хүрээнд яригдаж буй аливаа яриа хэлэлцээнд та бүхэн идэвхтэй оролцож байгаад талархлаа илэрхийлье. Энхийг сахиулах шугамаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэдэгтэй бид санал нэг байна” гээд Монгол Улсад зохиогддог “Хааны эрэлд” хээрийн цэргийн сургуульд Финланд Улсыг ажиглагчаар оролцохыг урив.

Уулзалтын үеэр хоёр тал улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлын талаар, шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж