Зэс хайлуулах үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Зэс хайлуулах үйлдвэр барина

2010 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Финлянд улсад хийсэн албан ёсны айлчлалын үеээр Финлянд Улсын “Outotec Оyj” компани Монголын үндэсний хөгжлийн корпорацитай Сайншанд хотод баригдахаар төлөвлөж буй зэс хайлуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх Хамтран ажиллах болон технологийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус үйлдвэр нь ойролцоогоор жилд 2.0 сая тонн зэсийн баяжмалыг хайлуулж жилд 520 мянган тонн катодын зэс, 25 тонн алт цэвэршүүлэх үйлдвэрийг нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттайгаар барихаар төлөвлөж байгаа бөгөөд зэсийн баяжмалыг “Оюу Толгой” ХХК-иас нийлүүлэхээр төлөвлөж байна.  Уг гарын үсэг зурах ёслолын үеэр тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хувьцаа эзэмшигч “Rio Tinto” компанийн төлөөлөгч нар тус тус байлцлаа.  2009 онд Монгол Улсын Засгийн газар” Ivanhoe Мines”, “Rio Tinto” компаниудтай Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт зэс хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд Оюу толгой компани уг үйлдвэрийг зэсийн баяжмалаар нэн түрүүнд хангана гэсэн үүрэг хүлээсэн. Мөн тус гэрээг зурах үеэр Финляндын Экспортын зээлийн агентлаг “Finnvera plc” болон “Commerzbank AG” нар зээлийн баталгаа гаргах, зээлийн санхүүжилт хийх сонирхлоо илэрхийлсэн захидалд гарын үсэг зурлаа. Уг зэсийн хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс зэсийг олзворлож боловсруулах иж бүрэн технологитой болж Чилийн дараа орох дэлхийн хоёр дахь үйлдвэрлэгч болох сууриа тавих болно.

Монгол Улсад үзүүлэх нөлөө

Уг зэс хайлуулах үйлдвэр нь катодын зэс үйлдвэрлэж бүх төрлийн цахилгаан техник, орчин үеийн электроник, нарийн багаж тоног төхөөрөмж, автомашины аж үйлдвэр зэрэгт хэрэглэх  10 мянга орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой болно.  Зэсийн хайлуулах үйлдвэрт ойролцоогоор 2500 ажлын байр шинээр бий болох бөгөөд өндөр мэргэжлийн инженер, техникийн ажилчид бэлтгэгдэх болно.
Уг Зэсийн хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дэлхий нийтийн металл зэсийн үйлдвэрлэлийн 15 хувийг үйлдвэрлэгч орон болох бололцоотой болно.

“Outotec Oyj“ компанийн тухай

Ашигт малтмал болон металл боловс­руулах технологиороо дэлхийд тэргүүлэгч Outotec Oyj компани нь олон жилийн туршид шилдэг технологи нэвтрүүлсэн юм. Тус ком­пани нь 3100 шилдэг мэргэжилтнүүдээс бүрд­сэн бөгөөд зөвхөн 2009 оны байдлаар л гэхэд борлуулалт нь 878 сая еврод хүрээд байна. “Outotec Oyj” компанийн хувьцаа нь NASDAQ OMX Helsinki-д бүртгэлтэй.

Монголын Үндэсний Хөгжлийн Корпорацийн тухайд
 
Монгол Улсын Засгийн газраас санал болгож буй Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад Монголын үндэсний компаниуд нэгдэж Монголын үндэсний хөгжлийн корпорацийг 2010 оны зургадугаар сарын 13-ны өдөр  байгуулсан болно.  Жич “Бридж” ХХК, “Шарын гол” ХК, “Магнай Трейд” ХХК, “Эрдэс Холдинг” ХХК, “Моннис” ХХК, “Монголын аж үйлдвэрийн кор­пораци”ХХК, “Болд Төмөр Ерөө Гол” ХХК, “Хэт” ХХК, “Жаст” ХХК, “Бодь” ХХК зэрэг компани одоогийн байдлаар нэгдэлд орсон байна.

“Finnvera plc” компанийн тухай

“Finnvera Plc” нь Финлянд улсын сан­хүү­гийн мэргэшсэн компани бөгөөд сан­хүүгийн зах зээлд нэмэлт  хөрөнгө оруулж, эрсдлээс хувийн санхүүгийн нийлүүлэгчдтэй хамтран сэргийлдэг юм. “Finnvera Group” нь зээл, ба­тал­гаа болон экспортын санхүүгийн үйл­чилгээ үзүүлж, гадны улс орнуудад хөрөнгө оруулалт хийдэг байна.

“Commerzbank AG” банкны тухай

Commerzbank AG нь 1870 онд Хамбург хо­тод анх байгуулагдсан бөгөөд Герман ул­сад  хоёрдугаарт орох томоохон банкны нэг юм. Тус банк нь 50 гаруй жилийн туршид экс­порт ба худалдааны санхүүгийн үйлчилгээ хөгжиж буй зах зээлтэй орнуудад үзүүлсээр ирсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж