АТГ-ын асуудлыг хойшлуулах санал тавив

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

АТГ-ын асуудлыг хойшлуулах санал тавив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаан зарласан талаар бид мэдээлсэн билээ. Тус намын бүлэг Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг Хууль зүйн байнгын хороо нь өчигдөр хэлэлцэн, санал хураахдаа хууль зөрчсөн гэж үзсэн байна. Үндэслэлээ УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантмөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлахдаа “УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал хураалтыг нууцаар явуулсан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналтай байна” гэлээ. Харин УИХ-ын Тамгын газраас”Хууль  зөрчсөн зүйл байхгүй” гэсэн эсрэг тайлбар хийлээ. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга “Манай байнгын хороо 20 гишүүнтэй, тэднээс 17 нь хуралдаанд оролцсон. Горимын санал гаргасны дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг чөлөөлөх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг нууц санал хураалтаар явуулсан” гэсэн тайлбар хийсэн юм.

Эл асуудлыг одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран хэлэлцээд, хууль зөрчиж үү, үгүй юу гэдгээ дахин нягтлах аж. Түүний дараа маргаан дагуулаад байгаа эл асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг нэгмөр шийдвэрлэх ажээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж