Хувиараа тээвэр эрхлэгчдийн шаардлагыг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хувиараа тээвэр эрхлэгчдийн шаардлагыг хүлээн авсангүй

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас энэ онд их, дунд багтаамжийн 104 автобус, дөрвөн троллейбус, 518 бага багтаамжийн  буюу микро автобус, нийт 626 тээврийн хэрэгслийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнээс чөлөөлсөн байна. Энэ нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн стандартын заалттай холбоотой юм. Гэвч “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2008 стандартын 7.7 дахь заалтыг хянаж үзэхийг “Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” төрийн бус байгууллагаас шаардсан байна. Энэ шаардлагын дагуу Тээврийн стандартчиллын техникийн хороо саяхан хуралдаж,  уг асуудлыг хэлэлцжээ. Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын яам,  Авто тээврийн газар, Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, Стандарчлал хэмжилзүйн газар зэрэг олон байгууллагын төлөөллөөс бүрддэг Тээврийн стандартчиллын техникийн хороо уг асуудлыг хэлэлцээд  нийт гишүүдийн 93 хувь нь  MNS 5012:2008 стандартын 7.7 дахь заалтыг өөрчлөх саналыг дэмжээгүй учир дээрх уг заалтыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна. Мөн цаашид олон улсын туршлага болон бусад хүчин зүйлийг харгалзан “12 жил” гэдэг хугацааг багасгах талаар судлахыг   зөвлөмж  болгожээ.Тэгэхээр цаашид дээрх стандартын заалт хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд харин ч ашигласан жилийг багасгаж мэдэх юм байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж