Хотын даргаас больсондоо маш их харамсдаг

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хотын даргаас больсондоо маш их харамсдаг

Нэг хэсэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай уулзаж ярилцлаа.

-Таныг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан, мөн  нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд  хотын  хөгжил, төлөвлөлт, дэд бүтэц, тулгамдаж буй асуудлын талаар ярилцахыг хүсч байна?

-Нийслэл хот өнөөдөр тав дахь хөдөлгөөн дээрээ явж байна. 2003 онд нийслэл хотын хөгжлийг тодорхойлох хөдөлгөөн эхэлж байсан. Одооноос энэ хөдөлгөөн дахин эхэлж байгаа юм билээ. Хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөн, нийслэлийн хүн амын өсөлт гээд энэ бүх зүйлээс хамаарч хот төлөвлөлтийг дахин дахин хийж байх ёстой юм байна. Гэхдээ зүгээр харж байгаад хийх биш  нарийн тооцоо судалгаанд үндэслэн хийх ёстой. Хамгийн эхэнд зам, дэд бүтэцдээ анхаарч, түүндээ дөрөөлөн барилгажилт, бүтээн байгуулалтаа  төлөвлөх  нь зүйтэй юм болов уу л гэж боддог доо.

-Нийслэлийн хүн ам эрчимтэй өссөн сүүлийн арваад жилд хот төлөвлөлт замбараагаа алдсан. Үүнийг цэгцэлж чадах болов уу?

-Ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн гэх яриаг олонтаа сонссон. Би үүнтэй санал нийлдэггүй. Харин төлөвлөлтийн хоорондын уялдаа холбоо хангалттай байсан уу гэвэл өөр хэрэг. Түүнээс биш ямар ч төлөвлөлтгүй юм гэж байхгүй. Жишээ нь барилга байшин барих асуудал дээр олон шат дамжлага, хяналт, зөвшөөрөл дамжиж байж эрх авдаг шүү дээ. Өнөөдөр хүмүүс төв суурин газар руу тэмүүлж байна. Нийслэлийнхэн мөн адил хотынхоо төв рүү бөөгнөрч нягтрал үүсгэх боллоо. Тиймээс хот төлөвлөлтийг хааш нь хөгжүүлэх вэ гэдэг арга замаа тодорхойлох нь чухал. Улаанбаатар хотыг дөрвөн  тийш нь хөгжүүлье гэхээр   дэд бүтэц алга. Наад зах нь Улаанхуаранд 10 давхар барилга баръя гэхэд дулааны шугам, эрчим хүч хүрэлцдэггүй. Энэ мэт асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас дэд бүтцээ дагаж хот руугаа төвлөрөөд байна шүү дээ. Хоёр зах руугаа дэд бүтцээ хөгжүүлээд ирэх юм бол хүссэн хүсээгүй хорооллууд тийшээ баригдаад эхэлнэ.

-Та хотын захирагч байхдаа чамлалтгүй олон ажлыг амжуулсан гэдэг. Мөн ажлаа өгөхдөө “Албан тушаалын наймаагаар хотын ажлыг цалгардуулж байна” гэж хэлээд зарим хүний эгдүүг хүргэж байсан байх аа. Та өнөөдөр энэ үзэл бодол дээрээ бат зогсч байна уу?

-Тэр байр суурин дээрээ л зогсож байна гэж ам бардам хэлнэ. Хот өнөөдөр биеэ дааж хөгжих ёстой. Тиймээс тодорхой эрх мэдэл, эрх зүйн орчин, санхүүгийн эрх мэдэлтэй байх нь гарцаагүй. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байхад энэ хүмүүсийн асуудлыг шийдэхгүйгээр хотын хөгжлийг ярих утгагүй юм.

-Хотын захирагчаар ажил­ласан хоёр жилийн хуга­цаанд хийж дуусаагүй, эхлүүлж ам­жаагүй ажлууд байгаа байх. Одоогийн дарга Г.Мөнхбаяр, хотын  удирдлагууд таны са­наанд хүртэл ажиллаж чадаж байна уу?

-Чадаж байна гэж бодож байгаа. Өнөөдөр нийслэлд хийж буй шинэ бүтээн байгуулалт, замуудын зургийг миний үед зургаан сар ноцолдож байж, 53 замын зураг гаргасан. Амар ажил биш. Газар доогуурх шугам сүлжээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд цогцоор нь шийдэх алхам хийсэн юм. Намайг хотын дарга байх үед гаргаж байсан замын зураг өнөөдөр бодит ажил болж байгааг хараад бахархаж байна. Бас нэг асуудал нь байшин барилгыг бүртгэх асуудалд нэлээд анхаарч байсан. Энэ бүхнийг бодож боловсруулж байсны үр дүн юм болов уу. Гэхдээ цаашид хийх ажил их  байна л даа. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудал дээр гацдаг нь үнэн. Хийх ёстой бүх ажлын хөрөнгийг төсөвт суулгаж өгч чадахгүй байна. Ихэнх мөнгийг нь улс шүүрчихдэг. Өнгөрсөн жил гэхэд нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн 60-аад тэрбум төгрөгийг улс авчихлаа шүү дээ. Тэр мөнгөөр хотын хогийг цэвэрлэх, ногоон байгууламжийг цэгцлэх ажил иж бүрнээрээ хийгдэх ёстой байхгүй юу. Энэ мэтчилэн цаашид хийж хэрэгжүүлэх зүйл цөөнгүй бий.

-Нийслэл хотод тулгамдаж буй асуудал гээд тоочвол нэлээд урт дараалал гарах болов уу. Үүнийг шийдэх арга зам юу вэ?

-Тийм ээ. Хог гэж асуудал байна. Хогийг хүн тарьдаг биз дээ. Тиймээс хэнд, хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Хотын дарга байхдаа хийх гэж байгаад амжаагүй нэг зүйл бол иргэн, аж ахуй нэгжид хотын тодорхой хэсгийг хариуцуулж, цалинжуулах ажил байсан л даа. Жишээ нь, та энэ орчинг цэвэр цэмцгэр байлгавал зохих хөлсийг нь өгнө. Бас нэг зүйл нь ногоон байгууламжтай болгох ажлыг эхлүүлэх гээд үнэхээр бараагүй. Учир нь бас л хөрөнгө мөнгөний гачигдал саад болсон. Одоо бодит ажил болгох алхамыг хийх, хөрөнгө  мөнгийг нь шийдэх цаг нь болсон гэж боддог. Үүн дээр нэмээд аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайлбал, бүх аж ахуйн нэгжүүд ядаж л 50 метр газрыг тохижуулж, цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээдэг байх нь чухал юм. Нэгэнт хот тохижилтны асуудлыг ярьж байгаа учраас техникжүүлэх асуудлыг дурдах нь зүйтэй байх. Манайх шиг гудамжны хогоо хүмүүс нь бургасан шүүрээр шүүрдэж байгаа газар хаа ч байхгүй. Тиймээс техникийн хүчээр хогийг цэвэрлэдэг  болъё. Мэдээж энэ ажил хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах учир одоо ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг анхааралдаа аваасай гэж боддог.

-Нийслэлчүүд улсын төс­вийн багагүй хувийг бүр­дүүлдэг хэрнээ түүнээс хэд дахин бага хэмжээний төсвийг эргээд авдаг. Үнэхээр хөрөнгө мөнгөний асуудал хотын хөгжилд чөдөр тушаа болоод байна уу?

-Яах аргагүй үнэн. Хотын хөгжлийг цогцоор нь шийдэх асуудалд хөрөнгө мөнгө хаана ч хүрэлцдэггүй. Гэхдээ жил ирэх тусам багагүй хэмжээгээр хотын төсөв нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Улсын төсөв үндсэндээ 2008 онд 1.6 триллион байсан бол одоо 2.6 триллион болж нэмэгдсэн. Үүнийгээ дагаад хотод зарцуулах төсөв тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа.

-Нийслэлээс сонгогдсон гишүү­ний хувьд хотын асуу­далд анхаарч ганц ч болов энэ гээд үзүүлэх бодитой хийсэн ажил байна уу. УИХ-ын ги­шүүнээр ажилласан гурван жилийн хугацаанд юу хийж амжуулав?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахад нэлээд оролцлоо. Энэ хууль нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болсон гэж боддог. Жишээ нь сая 300 мянган хүнтэй нийслэлийг  аймагтай харьцуулах харьцааг  өөрчлөхөд чиглэж байгаа. Гэр хорооллыг барилгажуулах асуудал нь эцсийн дүндээ агаарын бохирдлыг бууруулах ганц гарц юм. Энэ тал дээр тодорхой бодлого баримталж УИХ-ын сонгуулийн үеэр  “Газраа байраар солъё” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ ганцхан Баянзүрх дүүрэгт бус нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлвэл зохих ажил юм. Орон сууцанд тав тухтай амьдрахыг хүсч байгаа гэр хорооллынхны газрыг худалдан авч эргэлтэнд оруулах асуудлыг чухалчилж байгаа. Үүний тулд Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг боловсруулах шатанд явж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хуучин орон сууцнуудыг нурааж шинээр орон сууц барих  төлөвлөлтийг хийх нь чухал. Нөгөө талаасаа Хот байгуулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үед гэр хорооллыг барилгажуулах ажил цэгцрэх юм. Дээрх хуулиудыг үнэхээр сайн боловсруулж чадвал Улаанбаатар хот Батбаяртай  Батбаяргүй хөгжинө.

-Агаарын бохирдлыг бууруулах асуудал олон жил яригдаж байгаа ч үр дүнд хүрээгүй л байна. Арга ядсан, гал унтраах байдлаар асуудалд хандаад байх шиг?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлуудыг үгүйсгэх аргагүй. Та шахмал түлшний асуудлыг хэлж байх шиг байна. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг төгс төгөлдөр бууруулна гэж хэзээ  ч байхгүй. Түрүүний хэлдэгээр хамгийн эцсийн зөв шийдэл бол гэр хорооллыг  барилгажуулах. Бодит ажил болтол хэдий хэрийн хугацаа шаардагдахыг хэлж мэдэхгүй. Харин одоо хийгдэж буй ажлууд барилгажуулах ажил хүртэлх явцын дундах ажил гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн агаарын бохирдлын бараг талаас илүү хувийг бүрдүүлж байгаа 1200 гаруй нам даралтын зууханд техникийн шинэчлэл хийх гэх мэт хэлбэр байж болно.

-Ер нь бүх л асуудлыг хөрөнгө мөнгөтэй холбож тайл­барладаг хэлбэр тогт­жээ. Агаарын бохирдлыг бууруу­лахад ч  энэ асуудал давтагдаж байна  л  даа?

-Засгийн газрын  46-р тог­тоолоор Улаанбаатар хотын агаа­рын бохирдлыг бууруулах асуудлаар авах арга хэмжээ гэж гарсан. Энэ тогтоолд жилд 50-ос доошгүй тэрбум төгрөг зарцуулна гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр 2010 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулахаар хэдэн төгрөг төсөвлөснийг би мэдэхгүй  байна шүү дээ. Гэхдээ энэ талаар би Эрчим хүчний сайдаас асууна. Хэдэн төгрөгийг  юунд хэрхэн зарцуулсан бэ гэж.

-Баянзүрх дүүргийн­хэн таныг амлалтаа биелүүлэхгүй байна гэдэг юм билээ. Жишээл­бэл, 22-р хорооны сургууль, цэцэрлэгийн асуудал байна?

-Би УИХ-ын сонгуульд МАХН гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцсон. Сургууль, цэцэрлэг шинээр барина гэдэг энэ мөрийн хөтөлбөрийн хүрээний асуудал. Амлалтаа биелүүлээд явж байгаа гэж хэлнэ. Тухайлбал энэ онд нийслэлд 12 цэцэрлэг шинээр барьж байгаагийн найм нь Баянзүрх дүүрэгт байх жишээтэй. Үнэхээр бүх хороонд сургууль, цэцэрлэг  барьж чадахгүй байна. Сургууль цэцэрлэг барих хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгах гэж нэлээд гүйдэг, амаргүй ажил. Хот, яам, их хурал гээд бүх л түвшинд явж байж батлагддаг. Хороодод  сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байгаа ч төгс шийдэхэд хүндрэлтэй. 22-р хорооны хувьд хөөцөлдөж байгаа зүйл бий.  

-Гишүүн бүрт олгож буй нэг тэрбум төгрөгөө та юунд зарцуулсан бэ?

-Энэ тэрбум төгрөг гишүүдэд ерөөсөө ирдэггүй шүү дээ. Нэр нь л  байдаг болохоос. Дүүргийн хорооны, сум орон нутгийн  ажилд очдог. Тэр байтугай захиран зарцуулах эрх ч бидэнд байхгүй. Иргэдтэй уулзах үеэр маш олон санал хүсэлт тавьдаг. Энэ бүх асуудлыг төсөвт тусгаж чадахгүй нь тодорхой. Тэгэхээр тэрбум төгрөг гишүүдийн биш, ард түмний хүсч буй мөнгө. Би ч гэсэн тэрбум төгрөгөө хорооны асуудалд л зарцуулсан.

-УИХ-ын гишүүд бодлого боловсруулагч уу, эсвэл барил­гачин, зам засварчин юм уу?

-Энэ дээр л нөгөө эрх зүйн зөрчил гараад байгаа юм. Их хурлын гишүүн бодлого  боловсруулдаг болохоос хорооны хамаг асуудлыг  нуруун дээрээ үүрээд явах хүн биш. Тиймээс орон нутагт эрх мэдлийг нь өгөөч ээ гэж яриад байгаа нь ийм учиртай. Орон нутагт санхүүжилт, түүнийг захиран зарцууулах эрх мэдлийг нь өгөхөөр энэ асуудал шийдэгдэнэ. УИХ-ын гишүүн үүнд оролцоод байх албагүй. Ард иргэдийн дунд ч гэсэн УИХ-ын гишүүн л тэр асуудлыг шийдэх ёстой гэсэн ойлголт маш их байна. Үүнийг халах цаг иржээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд орон нутгийн иргэдийн байгууллага хүчтэй ажиллаж, хяналтыг сайн тавьдаг байх ёстой.

-МАХН-ын шинэчлэлийн асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Удирдах зөвлөлийн гишүүд гэх  цөөн хүнээс  болж намын нэр хүнд унаж байна гэх яриа бий. Ер нь л Удирдах зөвлөлийн хэдэн хүн ямарваа нэг асуудлыг шийдчихдэг юм биш үү?

-Аливаа зүйл хувьсаж өөрчлөгдөж байдаг шүү дээ. Энэ дагуу МАХН үзэл баримтлалаа баяжуулж, шинэчилж, агуулгыг нь өргөжүүлж байгаа гэж ойлгодог. Байх ёстой зүйл. Хүмүүсийн аж байдал, нийгэмд хандах хандлагыг дагаад манай намын дүрэм журам, бодлого өөрчлөгдөх ёстой л гэж бодож байна.

-Аливаа төлөвлөгөөг бодит ажил болгоход хотын дарга, УИХ-ын гишүүн хоёрын хэн нь  илүү нөлөөтэй байна?

-Хотын дарга бол аж ахуйн ажилтан. Өөрөөр хэлбэл, сайн менежер байх ёстой. Харин УИХ-ын гишүүн  хууль тогтоомжийг шинэчлэх,шийдвэр гаргах төвшний хүн. Хотын даргын хийсэн ажил олон түмний нүдэнд ил харагддаг. Их хурлын гишүүнийх хэзээ ч ил байдаггүй. Алдаа оноотой ажлыг амжуулж, амьдрал дунд буцалж байдаг гэдэг утгаараа хотын даргын ажил илүү үр нөлөөтэй юм болов уу.

-Таны ярианаас хотын даргын ажлаа өгсөндөө ха­рамсдаг юм болов уу гэсэн бодол төрлөө?

-Маш их харамсдаг. Одоо ч гэсэн харамсах үе бий. Хотын даргаараа ажиллаж байсан бол өшөө их зүйлийг  хийх  байсандаа гэж бодож явдаг. Нуух юм  байхгүй шүү дээ. /инээв/

-Таныг хотын дарга байх­даа нэлээд зоригтой шүүмжлэл хэлдэг байсан ч УИХ-ын ги­шүүн болоод дуугүй болчихлоо гэх юм?

-Би дуугүй болоогүй. Бүлгийн хурал, намын  хурал болоод төсөв зэрэг асуудал дээр санал бодлоо хэлж заримдаа хүний дургүй хүргэдэг. Ялангуяа нийслэл хоттой холбоотой  асуудалд хаа ч дуугарч чадна.

-Эвгүй асуулт байж магадгүй. Таныг газрын наймааг цэцэглүүлсэн хүний нэг. Замбараагүй барилга байшин баригдах болсон нь тантай холбоотой гэж ярих юм билээ?

-Би мэдэхгүй юм байна. Миний үед газрын наймаа гэдэг асуудал байгаагүй, бараг шинээр газар олгоогүй. Төсвийн байгууллагад шууд газар олгох, мөн дуудлага худалдаагаар газар олгох гэсэн хоёр зарчим байсан.  Ер нь бол үе үеийн хотын дарга хэн ч байсан газрын асуудалтай холбодог. Яагаад гэвэл Газрын тухай хуулинд зөвхөн хотын дарга газар олгоно гээд заачихсан юм чинь. Гэхдээ хотын дарга ганцаараа шийддэг гэвэл бас үгүй. 17 газар шийдвэр гаргаж,  гарын үсэг зурна. Намайг газрын наймааг цэцэглүүлсэн гээд байгаа хүмүүс нь тэр баримт фактуудыг нь гаргаж тавиад хариуцлага тооцож болно шүү дээ. Гэтэл хий хоосон яриад л байдаг. Дахиад хэлэхэд хотын дарга  газрын асуудалтай байнга орооцолддог.

-Хотын даргын суудлаас буухад юу нөлөөлсөн биз. Өөрөө бол харамсдаг гээд бай­гаа шүү дээ?

-Тухайн үед МАХН-ын удирдлагууд л намайг хотын дарга хийж болохгүй л гэсэн шүү дээ. Би чадвал чадна, чадахгүй бол чадагүй гээд л шулуухан хэлчихдэг. Хотын ажил муу байгаагүй. Засгийн газар хотын ажилд сайн гэсэн үнэлгээ өгсөн удаатай. Тэр үед ч би “намайг хардаж сэрдээд байгаа бол газартай нь холбоод шалга” гэж хэлсэн. Нөгөө талаас нийслэлийн ажлыг дээрээс  биш амьдрал дотор нь ороод харах нэг ондоо. Үнэхээр тухайн үед албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй хэсэг бүлэг байсныг хэлэх хэрэгтэй. Албан тушаалд  очиж байвал ажил хийсэн хийгээгүй хамаагүй гэх үзэл бодолтой хүмүүс цөөнгүй байсныг нуухгүй. Хотын даргын албан тушаалаа өгөхдөө хэлсэн үг байдаг. “Хэрвээ хотын даргыг ард түмнээсээ сонговол хэдхэн хүний эрх ашгийн төлөө ажиллахгүй” гэж хэлснийг зарим хүн санах байх.  

-Сүүлийн асуулт. Та Улаанбаатар хотын хөгжлийг 10 жилийн дараах байдлаар хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр хийж буй бүтээн байгуулалт нэг дахин илүү болох боломж бий. Хурдны зам тавигдаж, ногоон байгууламж, тохижилт цогцоороо шийдэгдсэн байх болов уу. Миний хийхийг хүсдэг, бас амжаагүй яваа хотын төвд байрлалтай худалдааны зах, үйлдвэрүүдийг хотын баруун зүүн захад байршуулах, дэд бүтцийг нь төрөөс шийдэх  асуудал нааштай шийдэгдээсэй гэж  найдаж байна.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж