Онцгой албан татварыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Онцгой албан татварыг өөрчиллөө

Засгийн газрын өчигдрийн  ээлжит хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцэн Онцгой албан татваруудад өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. Тодруулж хэлбэл, А-80 авто бензиний Онцгой албан татварыг 60 мянган төгрөгөөр, Аи-92 авто бензинийг 30 мянган төгрөгөөр тус бүр нэмэгдүүлжээ. Энэ талаар Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-Шатахуунд ногдуулдаг онцгой албан татваруудад өөрчлөлт орууллаа. Ямар нэр төрөл дээр өөрчлөлт орж байна вэ. Эцсийн хэрэглэгчид дээр очих үнэд өөрчлөлт орох уу?

-ОХУ-аас сар тутамд газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг ирүүлдэг, тэр нь байнга өөрчлөгддөг. Тиймээс байнга өөрч­лөгд­дөг газрын тос­ны үнийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газраас Онцгой албан татварыг сар тутамд хөдөлгөж, үнэ дээр зохицуулалт хийн, эцсийн хэрэглэгч дээр очих үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авдаг. Аравдугаар сарын хувьд ОХУ-аас орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөж байгаа учраас А-80 бензинд нэг тонн тутамд 150 мянган төгрөгийн Онцгой албан татвар ногдуулж байсныг 210 мянган төгрөг, Аи-92 бензинд 170 мянган төгрөгийн Онцгой албан татвар ногдуулж байсныг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 200 мянган төгрөг болголоо. Харин дизель түлшинд 215 мянган төг­рөгийн Онцгой албан татвар ногдуулж байсныг 80 мянган төгрөгөөр бууруулж 135 мянга болгосон. Энэхүү Онцгой албан татварыг 2010 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ногдуулахаар болж байна. Ингэснээр шатахууны жижиглэнгийн үнэ тогтмол хадгалагдах бололцоотой.

-Ер нь импортын шата­хууны үнийг тогтмол өөрчлөөд байх нь хэр оновчтой байдаг юм бэ. Жишээлбэл, А-80, А-92 авто бензиний Онцгой албан татварыг нэлээд хэмжээгээр өсгөж байна. Тэгтэл дизель түлшийнхийг буулгах жишээтэй?

-А-80, А-92 дээр Онцгой албан татвар нэмсэн нь цаашлаад дизель түлшний үнэ өссөн нөхцөлд Онцгой албан татварыг бууруулж, үнийг хэвээр хадгалах бололцоотой байхын тулд авсан арга хэмжээ гэж ойлгож болно. Хамгийн гол нь ийм арга хэмжээ авснаар  эцсийн дүндээ хэрэглэгчид дээр очих жижиглэнгийн үнэ хэ­вээр хадгалагдах бололцоотой болж байгаа л даа.

Тухайлбал, 2008 оны долоо, наймдугаар сард газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом өөрчлөгдөж байсан. Түүнийг дагаад Монгол Улсад шатахууны үнэ өсч, тэр хэрээр бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ да­гаж өсч байсан. Гэтэл шатахууны үнэ буцаад буухаар бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж буудаггүй байсан. Тиймээс Засгийн газар өөрөө дотоод дахь газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварын хэмжээг сар тутамд хөдөлгөж байх эрхийг УИХ-аас авсан. Тэр үеэс хойш хэрэглэгчид дээр очих үнэ тогтворжсон. Нэг үгээр хэлбэл, жилийн хугацаанд шатахууны үнэ тогтвортой хадгалагдлаа шүү дээ. Жишээлбэл, А-80 бензиний импортын үнэ нэг тонн тутамдаа 44 ам.доллар буюу 58 мянган төгрөгөөр, АИ-92 нэг тонн тутамдаа 23 ам.доллар буюу 30 мянган төгрөгөөр тус бүр буусан. Дизель түлшний үнэ нэг тонн тутамдаа 74 ам доллар буюу 98 мянган төгрөгөөр өссөн. Энэ үед ч Засгийн газраас Онцгой албан татварт өөрчлөлт оруулж, зохицуулсан. Ийм арга хэмжээ авснаар шатахууны үнэд огцом өөрчлөлт ороогүй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж