АН-аас нам төрөх хагарал байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

АН-аас нам төрөх хагарал байхгүй

Ардчилсан намын дотоод асуудлын талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй зангиагүй ярилцлаа. Сандал суудлын төлөөх жижигхэн маргаан гарахад л намынхаа төлөө сэтгэл зовниж тогоон доторхи асуудлыг шийдэхэд өөрийн гэсэн байр суурийг ямагт илэрхийлдэг тэрбээр гурван асуудлыг шийдсэний дараа тэтгэвэртээ гарна гэж онцлов. “Би энэ намын төлөө итгэл үнэмшилтэй болохоор өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй. Социалист гэмээр байдлаар эрх мэдэлд хандаж өөрийн хашиж байгаа албан тушаалаа хувийн зорилгоор ашиглах нь гэмт хэрэг. Улстөрийн хүчний тодорхой хариуцлагатай албан тушаал дээр байгаа хүн өөрийнхөө эрх үүргийг мэдэж хариуцлага хүлээдэг чадвартай байх учиртай. Сонгуульд ялалт байгуулж чадаагүй тохиолдолд удирдлага нь огцордог явдал ардчилсан орнуудад байдаг хэвийн үзэгдэл. Гэтэл энэ хэвийн үзэгдлийг хэвийн бус болгож албан тушаалаасаа буухгүй байх явдал манай намын дотор ажиглагдах болсон. Хувь хүнийхээ хувьд намаа боддог гишүүний хувьд үүний эсрэг байгаагаа л илэрхийлсэн. Гэхдээ асуудал тэгтлээ хурцадмал байдалд хүрээгүй. С.Эрдэнэ тамгаа өгчихсөн, бас болж өрнөөд байгаа асуудлыг зөвөөр харсан” гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн тэрээр яриандаа төрийн мэдлээс эздийн мэдэлд шилжсэн хэвлэл мэдээллийн талаар харамсангуй ярьж байсан ч ямар гарцаар үүнээс ангижрахыг санал болгосонгүй.

Намын дотоод асуудлын хувьд удирлагыг өмчлөх асуудал газар авсаныг тэрээр С.Эрдэнээр жишээ болгон тайл­бар­лаж байна. Гэсэн хэдий ч намын удирд­лагуудтай сонгуулийн дараа л хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьт бат илтгэлтэй байгаагаа хэллээ. Харин С.Эрдэнийн хувьд орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн шалтгаан нь түүнийг ажлаа өгөх хангалттай шалтгаан гэж тэрбээр хэлж байна.

Түүний ярьсан өөр нэгэн асуудал нь Ардчилсан намд дарангуйлагчид ол­шир­сон талаарх мэдээлэл байлаа. Үүнийг нотлохуйц хангалттай жишээ нь Ардчилсан нам 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуул­сан явдал гэнэ.
Тэрбээр улстөрчийн хувьд, Орон нут­гийн эрх мэдлийг өөрт нь өгөх, УИХ-ыг хууль тогтоогч, ард түмний төлөөлөл гэсэн хоёр танхимтай байх. Байгалийн баялгаас хараал хүртэхгүй улсаа хөгжүүлэх бодлого, хуулийг бий болгосон тохиолдолд өөрийн байр суурийг сул үлдээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж