Ч.Сангарагчаа даргын ”салдаггүй” түүх

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа даргын ”салдаггүй” түүх

АТГ-ын дарга Ч.Сангараг­чаагийн албан тушаа­лыг түд­гэлзүүлэх асууд­лыг УИХ-ын Хууль зүйн байнгын хо­роо­ны гишүүд бүтэн гур­ван сар “уячихаад” арай хийж цугларахаараа “Хүлээж авах­гүй” гэсэн товчхон шийдвэр гар­гачихав.

Тас хамхисан хаалганы цаана “Маш нууцын зэрэглэлтэй” гэсэн тодотгол дор хагас өдөр хийсэн хурлын нууц санал хураалтаас гарсан дүн гэвэл ердөө энэ. Ингээд Сангаа даргын “салдаггүй” түүх дахиад гацаанд оров. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн санал хуваагдаж, “хүлээж авна” гэсэн нь дийлчихвэл дахиад л цааш үргэлжилнэ. Өнөөдөр уг асуудлыг чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна.

Уг нь Ч.Сангарагчаа даргын амнаас халуун зунаар унасан “Намайг шалга, дахин шалга. Би хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэж ирсэн” гэсэн үг зүгээр л “завсарлага” байв уу, эсвэл төрийн шударга ажилтны үнэн үг байсан уу гэдгийг нягтлах үүргийг УИХ хүлээгээд бүтэн гурван сарыг үдсэн юм. Намрын дунд сар хүртэл хойш тавьсан тэдний ажил сая сэргэсэн ч үр дүн нь нэг иймэрхүү. Ямар шалтгаанаар, яаж нягталж үзээд Ч.Сангарагчаа даргын үнэн мөнийг тогтоосныг хэн ч тайлбарласангүй.

Төсвийн хөрөнгийг загасны дэгээ, аяны майхан, усны хувцас, бүр өөртөө болоод албатууддаа орон сууц худалдаж авах зэрэгт зарцуулсан, зарим ажилтнаа гүйцэтгэх ажлын шугамаар тагнаж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэсэн шалтгаанаар ноён Ч.Сангарагчаа, түүний орлогч Д.Сундуйсүрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэж,  албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн зургадугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 100 шахам хоног ард хоцорсон ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос одоогоор гаргаад буй дүгнэлт нь энэ. Үйл явдал өрнөж эхэлсэн эхний өдөр Ч.Сангарагчаа дарга сэтгүүлчдэд хандаж  өөрийг нь “Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав улс төрийн зорилгоор шантаажилж байгаа, төсвийн хөрөнгө буруу зарцуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зүгээр л АТГ-ын дарга, тэдний ажилтнуудын аюулгүй байдлын үүднээс олгох ёстой орон сууцны мөнгө байсан, өөрөө байр сууцтай ч аюулгүй байдлын үүднээс дахиад улсаас байрны мөнгө авах эрхтэй.

Тэгээгүйгээс түрүүчийн дарга яалаа” гээд л баахан тайлбар хэлсэн. Гэвч ямааны махны халуун дээр учрыг шалгах ёстой байсан УИХ-ын эрхэм гишүүд “долоо хэмжиж нэг огтолно” гээд царцааж орхисон. Царцсан “махаа” сая сэтгүүлчдээс нууж “огтолж” үзээд “но алга” гээд хэлчихлээ.

Өнгөрсөн хугацаанд Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад гурвантаа бичиг илгээж, УИХ нь Хууль зүйн байнгын хороондоо, байнгын хороо нь өөрийн харьяа Тусгай хяналтын дэд хороондоо асуудлыг хэлэлцэх үүрэг өгч ёстой нөгөө “Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо” гэгчийн үлгэрээр 14 хоногийн дотор нягтлах хуулийн хугацаатай ажлыг зун, намар дамнуулан “нөөшилсөөр” өнөөдрийг хүргэсэн юм. Гэхдээ энэ зуур Ч.Сангарагчаа даргатай холбоотой салдаггүй хэргийн түүхийн дуулиан тасраагүй. Үе үе гал авалцуулж, тэр нь ийш тийш оч хаялсаар хоорондоо холбоогүй юм шиг хэрнээ гинжин хэлхээтэй олон дуулианыг араасаа хөтөлсөн.
 
Ч.Сангарагчаа даргын тагнаж байсан “объект”-ын нэг гэх АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбатын нэр хэвлэлийн хуудаснаас буусангүй. Дарга нь ямар учраас Э.Амарбатыг нууцаар тагнаж чагнаж байсан бэ гэсэн асуулт гарч ирэхтэй зэрэгцээд өнгөрсөн хаврын хүчингийн хэрэг хачир нэмэв. Түүнд хүчирхийлүүлсэн гэдгээ зарласан өмгөөлөгч С.Ганчимэг ч мөнөөх асуудлыг байн байн сөхсөөр өдийг хүргэсэн. Хаалгаа лацдуулж даргаараа тагнуулсан Э.Амарбат нэмэрт нь хүчингийн хэрэгт ээрүүлж Ч.Сангарагчаа даргын ужиг асуудал яваандаа холион бантан болж хоцорсон. Ч.Сангарагчаа даргатай хамт дэд дарга Д.Сундуйсүрэнг яагаад албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр болов гэдэг сонин байсан юм. Гэтэл чухамхүү тэрбээр байгууллага дотроо тагнуул туршуулын ажлыг гардаж хийсэн хэмээх зэмд унажээ. Ясны чекист гэгдэх түүнийг гүйцэтгэх ажилд гаршсан нэгэн гэдэг. Харин Э.Амарбат нар дээр ажлаа цэвэрхэн гүйцэтгэж чадалгүй баригдсан бололтой. АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэнг гадаад оронд таалал төгсөхөд Д.Сундуйсүрэнг холбогдуулан сэжиглэж, ажлаас нь өөрчлөх талаар шуугиж байгаад намжсан. Түүнээс хойш нам гүмхэн байсан тэрбээр ийнхүү алба нэгтнүүдээ тагнасан хэргээр даргын хамт хэрэгт өртсөн юм.

Тэрбээр авлигатай тэмцэхэд ашиглах байсан гүйцэтгэх ажлын дадлага туршлагаа яагаад дотор талдаа, Э.Амарбат нарын хоёр ажилтандаа хэрэглэх болсон бэ гэдгийг уг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос шалгах учиртай байв. Түүний үр дүн юу болсон бэ гэдгийг нууцын зэрэглэлтэй хэмээн эрхэм гишүүд сөхөхөөс цааргалж дандаа хаалттай хаалганы цаана хэлэлцсээр лав л анхан шатандаа “хэрэгсэхгүй болголоо”. Байгууллага дотроо тагнуул хийгээд баригдсан Ч.Сангарагчаа,  Д.Сундуйсүрэн нарын хэрэгт цэг тавиагүй байхад  тухайн цагийн Засгийн газрын даалгавраар харь газар ажил гүйцэтгэсэн тагнуулч Б.Хурц хүн хулгайлсан хэргээр Англид хорионд орчихсон. Б.Хурцыг ажлаа хийснийх нь төлөө үүрэг өгсөн дарга нар нь харийнханд матаж гадаадад цагдуулж, Д.Сундуйсүрэн байгууллага дотроо тагнуул хийж яваад гардуулж прокурорт ороогдож нэг иймэрхүү юм болоод байна.

Өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын асуудлыг хэлэлцэж байна. Мэдээжээр бас л “Маш нууц” гэсэн хаягийн дор. Харин гишүүд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, АТГ-ын дарга, дэд дарга нар, УИХ-ын хооронд үүссэн “Учиртай гурван толгой”-н ээдрээг хааш нь эргүүлэхийг хүлээх л үлдлээ. Сангаа даргын салдаггүй “түүх” үргэлжилсээр…

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж