
МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо даргаа бас солих гэж байгаа аж. Тэгэхээр түүний оронд хэн очих вэ гэдэг асуудал гарч ирж байгаа төдийгүй хүүхнүүдийн хооронд тулаан хэдийнэ эхэлж. Энэ тулаанд өрсөлдөгчдийг сонсоод байхад хөгийн юм их болох нь ээ. Ардчилсан нам ч тэр, МАХН ч тэр өөр хүүхэнгүй юм уу хаашаа юм бэ гэмээр. Хурал болохоор, нэр дэвших болохоор нөгөө л хэдэн хүүхэн сууж байх. Тэднээс өөр улстөрч эмэгтэй байхгүй гэх байх. Энд нэг зүйлийг онцлоход манай хүүхнүүд төрөлхийн атаач зангаараа нөгөө эмэгтэйгээ өөрөөсөө дээшээ гарчих вий хэмээн айж явдаг гэсэн. Энэ төрөлх шинжээрээ эрчүүдийн дор ордог гэм бий. Эрчүүд өөрийн залгамжлагчаа бэлтгэдэг бол хүүхнүүд хэзээ ч залгамжлагчаа бэлтгэдэггүй гэдэг үнэн байж болох. Ер нь өдгөө эмэгтэйчүүд улс төрд цөөн байгаа нь үүнтэй холбоотой гэх юм билээ. Нууцгүй хэлэхэд парламентад сууж байгаа эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн квотыг өсгөх хуулийг дэмжихгүй байсаар өнөөг хүрсэн хэмээн эрчүүд цаанаа жууламзах нь гашуун үнэн.
Тун удахгүй МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага даргаа шинэчлэх бололтой. Гэтэл энд нөгөө л Д.Оюунхоролын нэр явж байна. Нэрийг нь дэвшүүлээд байгаа юм байхгүй, өөрөө л гүйгээд байгаа юм хэмээн шоглох хүн ч байгаа юм. Өөрөө ч бас нам итгэл үзүүлбэл би зүтгэнэ ухааны юм хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө ярьсан байгаа юм аа. АН-ын эмэгтэйчүүд гэхээр л Ц.Оюунгэрэл, В.Батцэцэг, МАХН-ынх болохоор л Д.Оюунхорол, Д.Арвин нар гараад ирэх юм. Өөр өндөр болосвролтой, залуухан бүсгүйчүүд байхгүй юм шиг аашлахаа больцгоогооч. Д.Оюунхорол гэх эмэгтэй дээд сургуультайгаа “ашиглаж”, улстөрчдийг эрдэмтэн болоход тусалж, нэр хүнд олдог гэсэн яриа байдаг. Намынхаа эсрэг бие даан нэр дэвшиж намаасаа хөөгдөх шахаж явсан түүхтэй ч дараагийн сонгуульд нэр дэвшихийн тулд МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн болохоор гүйж яваа түүнийг хэн гэх вэ.
Т.БАЛДАН.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.