Нэг долоо хоногтой ТБҮЦ–ны ээлжит арилжаа явагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Нэг долоо хоногтой ТБҮЦ–ны ээлжит арилжаа явагдлаа

Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ны ээлжит  арилжаа өнөөдөр боллоо. Монголбанк  420 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10.31 хувийн  жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна. Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл юм. Хугацаа, хүү, арилжаалагдах хэлбэр, үүргээрээ харилцан адилгүй үнэт цаасыг Монголбанк банк хоорондын зах дээр арилжаалж байна.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ гэдэг нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлж долоо хоног бүрийн лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын  нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож бодлогын зорилтот хүү уг арилжааны голч хүү байх юм. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд банк хоорондын захыг хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажиллах суурь нөхцлийг бүрдүүлэх болно.

 12 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Төв банк, харин дунд болон урт хугацааны хүүг зах зээл өөрөө тодорхойлох ёстой. Иймээс Монголбанк 7 хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг бол 7 хоногоос дээш хугацаатай ТБҮЦ-ны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог. Ингэхдээ дунд болон урт хугацааны хүү нь ТБҮЦ-ны ирээдүйн арилжаа, эрсдлийн болон нөөцийн үнийн хүлээлт дээр үндэслэх ажээ. Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалагддаг 12 долоо хоногийн хугацаатай энэхүү үнэт цаасыг Монголбанк 2007 оны 8 дугаар сард нэвтрүүлснээр харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлсэн юм. Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 2 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байгаа тул мөнгөний зах 2-оос 12 долоо хоногийн (14-84 хоног) хугацааны үлдэгдэлтэй эрсдэлгүй хэрэгслээр хангагдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж